Search This Blog

Wednesday, December 15, 2010

2010-2011 оны хичээлийн жилийн 1-р улирлын шалгалтын хуваарь

12 сарын 23нд Монголын гадаад бодлого 10:00 цагт 305 тоотод

12 сарын 25нд Олон улсын эдийн засгийн харилцааны онолын үндэс 10:00 цагт 305 тоотод

1 сарын 2нд Дипломат ба консулын харилцааны онолын үндэс 13:00 цагт 405 тоотод Соёл судлал 15:00 цагт 407 тоотод

1 сарын 4нд Олон улсын эдийн засгийн байгууллага 13:00 цагт 305 тоотод

1 сарын 6нд 2-р гадаад хэл 10:00 цагт

Орос 205 тоотод Хятад 407 тоотод Япон 202 тоотод

Франц 303 тоотод Герман 302 тоотод Солонгос 307 тоотод

1 сарын 7нд Англи хэлний хэл зүй 12:00 цагт 305 тоотод

1 сарын 10нд Англи хэлний бичих дадал 10:00 цагт 305 тоотод ,

1 сарын 10нд Олон улсын байгууллага

Tuesday, October 26, 2010

Saturday, October 9, 2010

МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААГ ЭДИЙН ЗАСАГЖУУЛАХ ХӨТӨЛБӨР

Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 324 дүгээр
тогтоолын 1 дүгээр хавсралт


Нэг. Хөтөлбөр боловсруулах үндэслэл

1. Монгол Улсын төрийн бодлого, үйл ажиллагаа нь Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг баримт бичигт тусгасан улс орны хөгжлийг эрчимжүүлэхэд өөрийн орны харьцангуй давуу талыг ашиглаж, гадаад улс оронтой эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэгдэж байна. Монгол Улсын Засгийн газар ашигт малтмал, түүхий эдээс хамааралтай эдийн засгийн өнөөгийн бүтцийг өөрчилж, төрөлжүүлэх, нэмүү өртөг шингэсэн экспортыг нэмэгдүүлэх, тодорхой салбарт импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, улмаар шинэ технологи нэвтрүүлэх, нутагшуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг тэргүүлэх чиглэл болгон тодорхойлов. Иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, улс орны хөгжлийн тогтвортой өсөлтийг хангахад гадаад улс төрийн харилцаа, дипломат үйл ажиллагааг чиглүүлж, улмаар гадаад харилцааг эдийн засагжуулах, нэгдсэн бодлогоор төлөвлөх, хэрэгжилтийг хангах асуудал нэн чухал болоод байна. Түүнчлэн үндэсний аюулгүй байдал, ялангуяа эдийн засгийн аюулгүй байдалд учирч болзошгүй сөрөг нөлөөлөл, улс төр, эдийн засгийн өгөөжийг тооцсон эдийн засгийн бодит харилцааг гадаад улс орнуудтай оновчтой тодорхойлж хөгжүүлэх боломж бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөрийг боловсруулав.

Хоёр. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд баримтлах зарчим
2. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараахь зарчмыг баримтална:
2.1. Үндэсний хөгжлийн цогц бодлого, Үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлах;
2.2. гадаад улс төрийн харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны нэгдмэл байдал, олон тулгуурт, эрх тэгш, харилцан ашигтай байх зарчмыг хадгалах;
2.3. эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхдээ тухайн улс орны дэлхийн түвшинд өрсөлдөх чадварыг шалгуур болгох;
2.4. гадаад орнуудын Монгол дахь эдийн засгийн ашиг сонирхлыг тэнцвэржүүлэх бодлого баримтлах;
2.5. эдийн засаг, гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын хэлэлцээ хийх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхдээ харилцан ашигтай, ил тод байх.

Гурав. Хөтөлбөрийн зорилго
3. Монгол Улсын гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөрийн зорилго нь гадаад харилцааны арга хэрэгслээр эдийн засгийн өгөөжийг дэмжихэд оршино.
4. Монгол Улсын гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд гадаад бодлогын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлж, ерөнхий болон шууд үйлчлэлтэй болгон Гадаад харилцааны сайдын төсвийн багцын нэгж төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлнэ.

Дөрөв. Хөтөлбөрийн зорилт
5. Хөтөлбөрийн зорилгыг биелүүлэхийн тулд дараахь зорилтыг хэрэгжүүлнэ:
5.1. гадаад худалдааны эргэлтийг, ялангуяа нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх;
5.2. гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих;
5.3. хоёр болон олон талт хамтын ажиллагаанаас хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх;
5.4. хөгжлийн зээл, тусламжийг оновчтой ашиглах;
5.5. эх орноо гадаад зах зээлд таниулах.

Тав. Хөтөлбөрийн зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа
6. Хөтөлбөрийн 5.1 дэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
6.1. экспортыг дэмжих, төрөлжүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх үндэсний стратегийг хэрэгжүүлэх;
6.2. худалдаан дахь тарифын болон тарифын бус саад тотгорыг багасгах, хөнгөлөлтийн ерөнхий системд хамрагдах, худалдааг хөнгөвчлөх, санхүүжилтийн тогтолцоог бий болгох;
6.3. худалдааны түнш орнуудтай чөлөөт худалдаа, эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах;
6.4. далайд гарцгүй байдлаас үүдэлтэй үр дагаврыг саармагжуулах, далайд гарах гарц эрэлхийлэх.
7. Хөтөлбөрийн 5.2 дахь зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагаа хэрэгжүүлнэ:
7.1. нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд зарцуулах хөрөнгө оруулалтыг түлхүү дэмжих;
7.2. тэргүүний, дэвшилтэт технологи, ноу-хауг нэвтрүүлэх, нутагшуулах;
7.3. хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт импорт орлох үйлдвэрлэлийг хөгжүүлэх.
8. Хөтөлбөрийн 5.3 дахь зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
8.1. Засгийн газар хоорондын комисс, зөвлөлдөх уулзалт, бизнес форум, өндөр дээд хэмжээний айлчлалын үеэр зохион байгуулах уулзалт, зөвлөгөөнийг үр дүнтэй ашиглаж, мөрөөр нь ажиллах;
8.2. гадаад эдийн засгийн чиглэлээр гэрээ, хэлэлцээр байгуулах;
8.3. бүс нутгийн худалдаа, эдийн засгийн интеграцид нэгдэх, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцох;
8.4. Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн байгууллагууд болон Дэлхийн худалдааны байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, ашиг сонирхлоо хамгаалах.
9. Хөтөлбөрийн 5.4 дэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
9.1. зээл, тусламжийг эдийн засгийн тэргүүлэх салбарт илүүтэй ашиглах;
9.2. өндөр мэргэшилтэй боловсон хүчин бэлтгэж, оюуны хөрөнгө оруулалтыг татах;
9.3. хэрэгжиж байгаа хөгжлийн төслүүдийг үргэлжлүүлэн шинээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, санхүүжүүлэх;
9.4. олон улсын банк, санхүүгийн байгууллагатай хамтарч ажиллах.
10. Хөтөлбөрийн 5.5 дахь зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
10.1. үндэсний үйлдвэрийн брэнд бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд таниулах;
10.2. газар зүйн заалттай бүтээгдэхүүн бий болгох;
10.3. олон улсын чуулга уулзалт, хурал зөвлөгөөн, сургалт семинар, үзэсгэлэн, яармагт оролцох.

Зургаа. Хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх үндсэн арга зам
11. Улс орны эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах төсөл, хөтөлбөрийг санаачлан боловсруулж хөрөнгө оруулалтыг татна.
12. Хувийн хэвшил, олон улсын болон банк, санхүүгийн байгууллага, тэдгээртэй адилтгах байгууллагатай хамтран хөгжлийн судалгаа хийж, төсөл, хөтөлбөр боловсруулна.
13. Хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлэхэд гадаадын төрийн болон төрийн бус байгууллага, хөрөнгө оруулагчдын дэмжлэгийг авч ажиллана.
14. Гадаад эдийн засгийн үйл ажиллагааг нэгдсэн бодлогоор хангана.
15. Хоёр талын хамтын ажиллагааны механизмыг үр дүнтэй ашиглана.

Долоо. Хөтөлбөр хэрэгжүүлэх хугацаа, удирдлага, зохион байгуулалт
16. Монгол Улсын гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөрийг 2009-2012 онд хэрэгжүүлнэ.
17. Гадаад харилцааны яам нь хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан, зохицуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангана.
18. Монгол Улсын хөгжлийн зорилтыг хангах, тухайн оронтой хөгжүүлж байгаа худалдаа, эдийн засгийн өнөөгийн харилцаа, хэтийн төлөв байдлаас хамааруулан Монгол Улсаас гадаад оронд суугаа Дипломат төлөөлөгчийн газрын байршил, орон тоог зохицуулна.

Найм. Хөтөлбөр хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсвэр, санхүүжилт
19. Хөтөлбөрийг дараахь хөрөнгийн эх үүсвэрээр санхүүжүүлнэ:
19.1. улсын төсөв;
19.2. хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт;
19.3. гадаадын зээл, тусламж.

Ес. Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт
20. Хөтөлбөрийн хэрэгжилтийг дараахь шалгуур үзүүлэлтээр дүгнэнэ:
20.1. гадаад худалдааны эргэлт, түүний дотор экспортын өсөлт;
20.2. гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээний өсөлт;
20.3. ажлын байрны нэмэгдсэн байдал, тоон үзүүлэлт;
20.4. нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт;
20.5. гадаад улс оронд суралцан төгсөж ирсэн мэргэжилтэй ажилтан, ажилчдын тоо, тэдгээрийн ажиллаж байгаа байдал;
20.6. гадаад зах зээлд монголын брэнд бүтээгдэхүүнийг сурталчилж, нийлүүлсэн дүнгийн өсөлт;
20.7. Гадаад харилцааны сайдын төсвийн багцын өгөөжийн өсөлт.
21. Хөгжлийн зээл, тусламжийн хэрэгжилт болон гадаадын дэвшилтэт техник, технологи нэвтрүүлсэн байдалд хөндлөнгийн байгууллага, шинжээчди

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ


I.Нийтлэг зүйл

1.Монгол Улсын Үндсэн хууль нь Монгол Улсын ард иргэд, нийгмийн бүх хэсэг бүлгийн нийтлэг ашиг сонирхлын цогцолсон илэрхийлэл мөн.

2.Монгол Улсын үндэсний аюулгүй байдал /цаашид "үндэсний аюулгүй байдал" гэх/ гэж Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцөл баталгаатай хангагдсан байдлыг хэлнэ. Үндэсний аюулгүй байдлыг хангах бодлогын үзэл бодлын үндэс нь эх оронч үндэсний үзэл байна.

3.Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхолд монголын ард түмэн, соёл иргэншил оршин тогтнох, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хилийн халдашгүй дархан байдал, эдийн засгийн харьцангуй бие даасан байдал, экологийн тэнцвэрт хөгжил, үндэсний эв нэгдэл багтана. Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхол нь төр, ард түмний онцгой анхаарал хамгаалалтад байна.

4.Үндэсний аюулгүй байдлыг хангах гэж Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хамгаалан бэхжүүлж тал бүрийн баталгаа буй болгоход чиглэсэн төрийн бодлого, төр, түүний байгууллага, албан тушаалтнаас авч буй, иргэдээс хэрэгжүүлж буй арга хэмжээг хэлнэ. Эдгээр арга хэмжээ нь урьдчилан сэргийлэх, бүтээн байгуулах чиг хандлагатай байна. Монгол Улс нь эдийн засаг, соёл, шинжлэх ухаан-технологи, боловсрол зэрэг салбарт олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай байхыг чухалчилна.

Нэг.Үндэсний аюулгүй байдлын бүтэц

5.Үндэсний аюулгүй байдал нь дараах үндсэн хэсгээс бүрдэнэ:

1/ Монгол Улсын оршин тогтнохын аюулгүй байдал;
2/ нийгэм-төрийн байгууллын аюулгүй байдал;
3/ иргэдийн эрх, эрх чөлөөний аюулгүй байдал;
4/ эдийн засгийн аюулгүй байдал,
5/ шинжлэх ухаан, технологийн аюулгүй байдал;
6/ мэдээллийн аюулгүй байдал,
7/ монгол соёл иргэншлийн аюулгүй байдал;
8/ хүн ам, удмын сангийн аюулгүй байдал;
9/ экологийн аюулгүй байдал.

Хоёр.Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хүчин зүйлүүд

6.Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хүчин зүйлийг эх сурвалжаар нь дотоод, гадаад, цаг хугацааны хувьд гэнэтийн, тодорхой хугацааны, түүхэн нэгэн үеийн, мөнхийн гэж тус тус ангилна. Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхол нь мөнхийн ангиллын ашиг сонирхол мөн.

7.Үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөлж болох хүчин зүйлийг шинж чанарын үүднээс объектив, субъектив; учруулах аюулын магадлалаар нь бодит болон болзошгүй гэж тус тус ангилна. Үндэсний аюулгүй байдлыг хангах, бэхжүүлэх бодлого нь аливаа аюулыг "болзошгүй" үед нь тодруулан тогтоож арилгах, субъектив аюулыг цаг тухайд нь арилгах замаар объектив аюулыг багасгах, урьдчилан сэргийлэхэд чиглэнэ.

8.Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх гадаад хүчин зүйл:

Монгол Улсын үндэсний аюулгүй байдал нь олон улсын аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэг мөн бөгөөд түүнээс шууд хамаарна. Улс төрийн орон зайн хувьд аюулгүй байдлыг дэлхийн, бүс нутгийн, салбар бүс нутгийн гэж ангилна.

9.Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх дотоод хүчин зүйл:

Үндэсний аюулгүй байдлыг дотоод орон зайгаар нь улсын, бүсийн, аймаг, нийслэлийн, сум-нутгийн гэж ангилна.

Гурав.Үндэсний аюулгүй байдлыг хангах арга зам, баталгаа

10.Үндэсний аюулгүй байдлыг нийгэм, улс төр, зохион байгуулалт, эдийн засаг, дипломат, цэрэг, тагнуул, хууль зүйн аргаар дангаар буюу олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар хангана.

11.Үндэсний аюулгүй байдлыг хангах үндсэн арга хэрэгсэл нь баттай мэдээлэл, нарийн судалгаа, тооцооны үндсэн дээр үйл явдлын өрнөлт, хөгжлийг урьдаас харж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах явдал мөн.

12.Үндэсний аюулгүй байдлын үндсэн баталгаа нь монголын ард түмэн өөрөө, Монгол Улсын төр мөн.

13.Үндэсний аюулгүй байдлын олон улсын баталгаа нь улс төр, хууль зүй, ёс суртахуун-сэтгэл зүйн баталгаанаас бүрдэнэ. Олон улсын баталгааг дангаар, хоёр болон олон талын арга хэмжээг хослуулан авах замаар буй болгож бэхжүүлнэ. Цэрэг-улс төрийн аюулгүй байдлын баталгааг хамтын хүчээр аюулгүй байдлыг хангах тогтолцоо бүрдүүлэх, оролцох замаар хангана.

Дөрөв.Үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоо

14.Үндэсний аюулгүй байдлыг хангах үүргийг Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, түүний тэргүүлсэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газар, хууль сахиулах болон төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагууд гүйцэтгэнэ.

15.Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагууд, нутгийн өөрөө удирдах байгууллагууд нь энэхүү үзэл баримтлалын үзэл санааг Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомж болон эрх зүйн бусад холбогдох актаар бэхжүүлж, тус тусын эрх хэмжээний дотор хэрэгжүүлэх үүрэгтэй.

16.Улс төр, олон нийтийн байгууллагууд болон иргэд Үндэсний аюулгүй байдлыг хангах тухай хууль тогтоомж, энэхүү үзэл баримтлалыг чанд мөрдлөг болгож, тэдгээрийг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцоно.

17.Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл тухайн үеийн байдлыг харгалзан энэхүү үзэл баримтлалыг хэрэгжүүлэх стратеги, тактикийг уялдуулан зохицуулах үүргийг хүлээх бөгөөд үндэсний аюулгүй байдал хэрхэн хангагдаж байгаад хяналт тавьж, Улсын Их Хуралд жил бүр мэдээлж байна.

18.Үзэл баримтлалыг хэрэгжүүлэх арга хэмжээг тухайн байгуулагууд өөрсдийн төсөвт тусгаж гүйцэтгэнэ. Тусгай арга хэмжээ авах нөхцөлд зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

Тав.Үндэсний аюулгүй байдлын мэдээллийн сан

19.Үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн бодлогыг уялдуулан зохицуулах, хэрэгжүүлэхэд шаардагдах бүх төрлийн мэдээллийг холбогдох эрх бүхий байгууллага, иргэд, гадаадын эх сурвалжаас олж авах бөгөөд, мэдээллийн нэгдсэн санг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд байгуулна.

II.МОНГОЛ УЛСЫН ОРШИН ТОГТНОХЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

20.Монгол Улсын оршин тогтнохын аюулгүй байдал гэж Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хилийн халдашгүй дархан байдал хангагдсаныг хэлнэ.

21.Монгол Улсын оршин тогтнохын аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөөлж болох гадаад хүчин зүйлүүд:

1/ аливаа улс, хүчин Монгол Улсын эсрэг зэвсэгт түрэмгийлэл үйлдэх буюу үйлдэхээр заналхийлэх;

2/ Монгол Улсын төрийн тусгаар тогтнолыг хүчээр өөрчлөх, ард түмний үндэсний эв нэгдлийг сарниулах бодлого явуулах;

3/ олон улсын эрх зүйн дагуу бусад улстай чөлөөтэй харьцахад саад хийх, дарамт шахалт үзүүлэх;

4/ Монгол Улс, түүний ард иргэдийн эсрэг алан хядах, хорлон сүйтгэх, тагнан турших үйл ажиллагаа явуулах, зохион байгуулах буюу тийнхүү үйл ажиллагаа явуулахыг өдөөн турхирах, туслах;

5/ аливаа улс гүрэн өөрийн ашиг сонирхол, үзэл бодлыг Монгол Улсад хүчээр тулгах, маргааныг хүч хэрэглэх замаар шийдвэрлэхийг оролдох;

6/ Монгол Улсыг улс төр, цэрэг, эдийн засаг, үзэл бодлын хувьд эрхшээлдээ оруулах;

7/ дэлхий дахин, бүс нутаг буюу салбар бүс нутагт манай улс оронд нөлөөлөхүйц зөрчил хямрал үүсч дайнд татагдан орох;

8/ Монгол Улсын эдийн засгийг тогтворгүй болгох, төрийн эргэлт гаргуулахаар завдах буюу хийх, бусад улс орны эсрэг бодлого, үйл ажиллагаандаа түшиц болгон ашиглах;

9/ улсын хилийг өөрчлөх, хууль бусаар хил нэвтрэх, хилийн зөрчил гаргах;

10/ хил залгаа орнуудын хоорондын зөрчил тэмцэл, мөргөлдөөнд татагдан орох, тэдгээрийн дотоод зөрчил, хямралын уршигт нэрвэгдэх;

11/ хөрш орноос дүрвэгсэд олноор орж ирэх;
12/ байгаль, экологийн гай гамшиг гарах, хүн ба амьтны гоц халдварт өвчин гарч тархах.

22.Монгол Улсын оршин тогтнохын аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөөлж болох дотоод хүчин зүйлүүд:

1/ төрт ёс алдагдах, Монгол Улсыг бусад улсад дагаар оруулах явуулга, оролдлого хийх;

2/ үндэсний эв нэгдлийг сарниулах, Монгол Улсын тусгаар тогтносон байдлыг алдагдуулах улс төр, эдийн засаг, цэргийн бодлого явуулах;

3/ шашин, үндэс угсаа, нутаг орны хурц маргаан, зөрөлдөөн гарах нөхцөл байдал бий болох;

4/ Монгол Улсын хүчин чадлыг сулруулах, хорлон сүйтгэх, тагнан турших ажиллагаа явуулах;

5/ зэвсэгт хүчин, бусад цэрэг дотроо хуваагдах, түүний байлдах чадвар, цэрэг-эх оронч үзэл алдагдах, цэрэг-иргэний талцал маргаан, зэвсэгт үймээн, мөргөлдөөн гарах.

23.Монгол Улсын оршин тогтнохын аюулгүй байдлыг хангах арга зам:

Нэг.1/ аливаа улстай харилцахдаа орчин үеийн олон улсын эрх зүйн түгээмэл зарчмуудыг сахих, бусдаар сахиулах;

2/ олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн Нэгдсэн Үндэстний Байгууллага, олон улсын бусад байгуулагын үйл ажиллагааг дэмжиж, нягт хамтран ажиллах;

3/ Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дүрмийн 51 дүгээр зүйлийн дагуу улс орноо түрэмгийллээс дангаараа буюу хамтын хүчээр хамгаалах эрх зүйн үндсийг хоёр болон олон талын шугамаар бүрдүүлэн баталгаажуулах;

4/ Ази, Номхон далайн бүс нутаг, ялангуяа Зүүн-хойд Ази, Төв Азид стратегийн тогтвортой байдлыг хангах, энх тайвныг бэхжүүлэх, аюулгүй байдлын найдвартай тогтолцоог бий болгох бодлого явуулах;

5/ нутаг дэвсгэрээ бусад улс орны эсрэг ашиглуулахгүй байх бодлогыг тууштай баримтлах, Монгол Улсын цөмийн зэвсэггүй бүсийн статусыг олон улсын хэмжээнд баталгаажуулж, аюулгүй байдлаа улс төрийн аргаар бэхжүүлэх чухал тулгуур болгох. Төв Азийг цөмийн зэвсэггүй бүс болгох чиг баримтлах;

6/ Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хөндсөн, түүнд харшилсан болон Монгол Улсын нэр хүндийг гутаахад чиглэсэн аливаа явууллагад цаг тухайд нь үндэслэл бүхий няцаалт өгч, шаардлагатай гэж үзвэл төрийн бодлого, үйл ажиллагаандаа зохих ёсоор тусгаж байх;

7/ гадаад улс оронтой харилцах нэг чухал суваг болох "ардын дипломат" бодлогыг өргөнөөр ашиглаж Монгол Улсыг мэддэг, дэмждэг уур амьсгалыг бусад улс оронд, нэн ялангуяа хөрш зэргэлдээ болон нөлөө бүхий улс оронд буй болгох;

8/ Монгол Улсад оршин суух гадаадын иргэд, харьяалалгүй хүмүүсийн тоо, тэдний зорчин явах журмыг хуульчлан тогтоож, хяналт тавих, Монгол Улсад хууль бусаар оршин суух явдлыг гаргуулахгүй байх хяналтын тогтолцоотой болох.

Хоёр. 1/ Монгол Улс бусад улс орон, олон улсын байгууллагуудтай цэргийн салбарт хамтран ажиллаж, өөрийгөө болзошгүй түрэмгийллээс урьдчилан сэргийлэх, хамтын хүчээр батлан хамгаалах бодлогодоо хөрш зэргэлдээ, гурав дахь улс гүрэн, Нэгдсэн Үндэстний Байгууллагын болон олон улсын бусад нэгдсэн зэвсэгт хүчнийг ашиглах чиг баримтлах;

2/ улс орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалах чадвартай үндэсний зэвсэгт хүчин, бусад цэрэгтэй байх;

3/ Монгол Улс өөрийгөө батлан хамгаалах зорилтоо бүх нийтийн батлан хамгаалах тогтолцоонд тулгуурлан өөрийгөө хамгаалах цэргийн номлолын дагуу хэрэгжүүлэх.Түрэмгийлэл, зэвсэгт халдлагаас гагцхүү өөрийн хүчинд тулгуурлан хамгаалахад хүрвэл өөрийгөө хамгаалах дайн явуулж, түүнд дотоодод байгаа бүх хүч арга хэрэгсэл, гадаад хүчин зүйлийг өргөнөөр ашиглах;

4/ цэргийн салбарт итгэлцлийг бэхжүүлэх, бүс нутгийн аюулгүй байдлыг хангах механизм буй болгох олон улсын хүчин чармайлт, хамтын ажиллагаанд бололцооныхоо хэрээр оролцох.


III.НИЙГЭМ-ТӨРИЙН БАЙГУУЛЛЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

24.Нийгэм-төрийн байгууллын аюулгүй байдал гэж Монгол Улсын Үндсэн хуулиар бататгасан төр, нийгэм-эдийн засгийн тогтолцоо, төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмууд, түүнчлэн хүний эрх, эрх чөлөө баталгаажсан байдлыг хэлнэ.

25.Нийгэм-төрийн байгууллын аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөөлж болох гадаад хүчин зүйлүүд:

1/ Монгол Улсын төр, нийгэм, эдийн засгийн тогтолцоог бусниулахад чиглэсэн бодлого явуулах;

2/ Монгол Улсын төрийн байгууламжийн нэгдмэл байдлыг алдагдуулах зорилгоор үндэс угсаа, нийгмийн хэсэг, бүлэг, төрийн удирдлагыг хагаралдуулах, ард түмний үндэсний эв нэгдлийг сарниулах буюу чингэхийг оролдох;

3/ төрийн нууц, түүний дотор цэргийн болон технологийн нууц алдагдах;

4/ гадаадын тусгай албад, тэдний төлөөний хүмүүсийн зүгээс тагнан турших үйл ажиллагаа явуулах.

26.Нийгэм-төрийн байгууллын аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөөлж болох дотоод хүчин зүйлүүд:

1/ Үндсэн хуулиар тогтоосон Монгол Улсын бүрэн эрхт байдал алдагдах;

2/ төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдах;
3/ өмчийн хэлбэрүүдийн тэгш байдал алдагдаж, өмчлөгчийн эрх зөрчигдөх;

4/ төрийн байгууллага шашны, сүм хийд төрийн хэрэгт үл оролцох зарчим алдагдах;

5/ Монгол Улсын төрийн эрх мэдлийг хуваарилах зарчим алдагдах;

6/ үзэл бодол, үндэс угсаа, сүсэг бишрэл, нутаг усаараа явцууран бүлгэрхэх, талцах, төрийн удирдлагын дотор үндэсний аюулгүй байдлын асуудлаар зөрчил гарах;

7/ улс орны батлан хамгаалах чадвар, ард түмэн-цэргийн холбоо сулрах;

8/ нийгэмд хууль ёс, дэг журам сахилга, хариуцлага суларч, эмх замбараагүй байдал бий болох, төрийн удирдлага, сонор сэрэмж суларч, төрийн нууц алдагдах;

9/ хээл хахууль газар авч гэмт хэрэг зохион байгуулалтын шинжтэй болох;

10/ стратегийн болон улсын нөөц шавхагдах, өлсгөлөн, байгалийн ноцтой гамшигт нэрвэгдэх, хүн амыг олноор хөнөөх өвчин гарах.

27.Нийгэм-төрийн аюулгүй байдлыг хангах арга зам:

Нэг. 1/ Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, зарчим, заалтуудад нийцсэн хууль тогтоомж гарган тууштай мөрдөх;

2/ улс төрий нам, хөдөлгөөнүүдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах улс төрийн механизм буй болгох;

3/ төрийн дээд удирдлагыг үндэсний ашиг сонирхолд харш аливаа нөлөөнд автагдуулахгүй байх нөхцөл бүрдүүлж сэргийлэн хамгаалах;

4/ үндэсний аюулгүй байдлын үүднээс хуулиар хориглосноос бусад тохиолдолд төрийн үйл ажиллагааг ард олонд ил тод болгох.

Хоёр. 1/ Монгол Улс гадаад харилцаандаа улс төрийн бодит байдлаас хандах, үндэсний язгуур ашиг сонирхол, үндэсний ашиг сонирхлоо дээдлэх, олон түнштэй байх, тууштай зарчимч байх бодлого явуулах.

Үндэсний язгуур ашиг сонирхолд аюул занал учраагүй нөхцөлд Монгол Улс эвсэлд үл нэгдэх бодлого явуулах;

Монгол Улсын ашиг сонирхол бусад улсын ашиг сонирхолтой харшилдах нөхцөлд Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг харгалзан уян хатан шийдвэрлэж байх.

2/ Монгол Улс хөрш хоёр оронтой харилцах асуудалд тэргүүн зэргийн ач холбогдол өгч, тэнцвэртэй харилцах зарчим баримтлах тэнцвэртэй харилцана гэж адил зай барих, бүх асуудлаар адил байр суурьтай байхыг бус, харин хоёулантай нь итгэлцлийг бэхжүүлэх, сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүх талаар хөгжүүлэх бодлогыг хэлнэ. Эдгээр оронтой харилцахдаа хөрш орнуудаас Монгол Улсын үндэсний ашиг сонирхол, нэн ялангуяа үндэсний язгуур ашиг сонирхлын талаар баримталж буй бодлогыг зохих ёсоор харгалзан тусгаж байх. Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хөндөөгүй хөрш хоёр орны маргаанд эс оролцож төвийг сахих бодлого баримтлах;

3/ нээлттэй гадаад бодлого явуулах. Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар нөлөө бүхий улсуудтай зөвлөлдөж байх чиг баримталж, улс орныхоо стратегийн ач холбогдлыг нэмэгдүүлэх, нөлөө бүхий улсуудын стратегийн сонирхлыг Монголд буй болгох бодлого явуулах;

4/ хөгжиж буй, далайд гарцгүй бусад улс оронтой харилцахдаа нийтлэг ашиг сонирхлоо олон улсын тавцнаа хамтран хамгаалах, хэрэгжүүлэх чиг баримтлах.

IV.ИРГЭДИЙН ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ

28.Иргэдийн эрх, эрх чөлөөний аюулгүй байдал гэж бие хүн өөрийн хийгээд эх орон, ард түмнийхээ ашиг сонирхлын төлөө биеийн болон оюуны хүч чадавхиа бүрэн зориулах, олон улсын гэрээний дагуу хүний эрхийн асуудлаар Монгол Улсын хүлээсэн үүрэг хэрэгжих нөхцөл бүрдсэн байдлыг хэлнэ.

29.Иргэдийн эрх, эрх чөлөөний аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөөлж болох гадаад хүчин зүйлүүд:

1/ бусад улсын явуулга, дарамт шахалтын улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдон баталгаажиж буй ардчилал, шударга ёс, тэгш байдал, иргэдийн эрх, эрх чөлөө зөрчигдөх;

2/ үндэс угсаа, шашин шүтлэг, үзэл бодлын ялгаа зэргээр хүн амын дотор, иргэдийн хооронд янз бүрийн арга хэлбэрээр эв нэгдлийг сарниулах;

3/ гадаадад алба, амины ажлаар явж байгаа, гадаадад байнга буюу түр оршин суугаа Монгол Улсын иргэдийн эрх, эрх чөлөө хязгаарлагдах, зөрчигдөх, эрх тэгш байдал алдагдах;

4/ гадаадын байгууллага, албад элдэв амлалт, явуулга, ухуулгаар Монгол Улсын иргэнийг өөрийн эрхшээлд оруулах, Монгол Улсын ашиг сонирхолд харшилсан зорилгод ашиглах;

5/ хоёрдмол харьяалал үүсч төрөөс иргэдийн ашиг сонирхлыг хамгаалах баталгаа алдагдах.

30.Иргэдийн эрх, эрх чөлөөний аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөөлж болох дотоод хүчин зүйлүүд:

1/ Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, түүнчлэн Монгол Улсын нэгдэн орсон буюу байгуулсан олон улсын гэрээ, конвенцид заагдсан хүний эрх ноцтойгоор зөрчигдөх;

2/ Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжоор олгогдсон Монгол Улсын иргэдийн эрх, эрх чөлөөг хангахуйц улс төр, эдийн засаг, нийгмийн болон бусад бодит баталгаа эс бүрдэх буюу алдагдах;

3/ нийгэм, эдийн засгийн байдлын улмаас иргэдийн эх оронч сэтгэлгээ алдагдах.

31.Иргэдийн эрх, эрх чөлөөний аюулгүй байдлыг хангах арга зам:

1/ Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон Монгол Улсын иргэдийн тодорхой эрх, эрх чөлөөг хууль тогтоомжоор баталгаажуулах;

2/ хүний эрх, эрх чөлөөг бататган хамгаалсан олон этгээдийн гэрээ, конвенцид нэгдэж орохын зэрэгцээ өөрийн иргэдийн ашиг сонирхлыг хамгаалсан хоёр талын гэрээ, хэлэлцээр байгуулах;

3/ гадаадад аялж, явж байгаа Монгол Улсын иргэдэд тэдний эрх, үүргийн талаар эрхээ мэдэж хамгаалах талаар мэдээлэл өгдөг механизм буй болгохын дээр гадаадад суугаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрын иргэдийнхээ эрхийг хамгаалах үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх;

4/ улс төрийн хэлмэгдүүлэлтийн учир шалтгааныг тодотгон тогтоож, хэлмэгдэгсдийг цагаатгах, иймэрхүү эмгэнэлт явдал үл давтагдах улс төр, эрх зүйн баталгааг буй болгох;

5/ хүний эрх, эрх чөлөөг хамгаалах Засгийн газрын бус тогтолцооны үйл ажиллагааг дэмжих;

6/ гоц халдварт өвчин гарах, Монгол Улсын хүн амын нас хүйс, нийт бүтцийн харьцаа алдагдах зэрэг хүн ам,үндэс угсаанд аюул занал учрах нөхцөлд хүний эрх, эрх чөлөөнд хуульд заасны дагуу зохих язгаарлал тогтоож болно;

7/ хоёрдмол харьяаллыг үүсгэхгүй байх хууль гаргах, олон улсын гэрээ хэлэлцээр байгуулах;

8/ иргэд болон гадаадын хүмүүс эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ бусдын эрх, эрх чөлөөнд халдах, бусдыг хохироох, мөн түүнчлэн улс орны аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхолд хохирол учруулж үл болно.


V.ЭДИЙН ЗАСГИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

32.Эдийн засгийн аюулгүй байдал гэж дотоод нөөц бололцоогоо ашиглан нөхөн үйлдвэрлэл явуулах, ард түмнийхээ хэрэгцээг хангах, тусгаар тогтносон байдлаа бэхжүүлэх эдийн засгийн чадавхитай байх, шаардлагатай нөхцөлд улс орноо тодорхой хугацаагаар тэтгэж чадах эдийн засгийн бүтэц бүрдсэн байдлыг хэлнэ.

Эдийн засгийн аюулгүй байдал нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын тулгуур үндэс мөн.

33.Эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөөлж болох гадаад хүчин зүйлүүд:

1/ гадаад худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж хязгаарлагдах буюу хаагдах;

2/ бусад улс орны түүхий эдийн хавсарга болох;

3/ стратегийн ач холбогдол бүхий экспортын барааны үнэ унах, зах зээл үгүй болох;

4/ эдийн засгийн стратегийн ач холобгдол бүхий салбарт нэг улсаас шууд хараат болох.

34.Эдийн засгийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж болох дотоод хүчин зүйлүүд:

1/ экологийн бодлого алдагдаж, ус, ой, мод, хөдөө аж ахуйн эдэлбэр газрын хэмжээ багасах;

2/ бүс нутгийн хөгжлийн ялгаа гүнзгийрэх, эдийн засгийн тэнцвэр алдагдах;

3/ монгол малын удмын сан, үр тарианы нутагшмал сорт хомсдох;
4/ гаалийн бодлого алдагдаж, Монгол Улс, ард түмний аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй эд зүйлс орж ирэх, төсвийн орлогын эх үүсвэр багасах, үндэсний үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлөх;

5/ улсын урсгал төсвийн алдагдал өсөх, Монгол Улсын мөнгөн тэмдэгт-төгрөгийг хамгаалах төрийн бодлого алдагдах;

6/ инфляци үсрэнгүй нэмэгдэн төгрөгийн ханш унаж, амьжиргааны доод түвшингээс доогуур орлоготой айл өрхийн тоо олшрох;

7/ бусад улс бую уолон улсын байгууллагад өртэй болж дарамт шахалт, хараат байдалд орох;

8/ гадаадын иргэд, харьяалалгүй хүмүүс Монголд олноороо суурьших, үндэсний мэргэжилтэй боловсон хүчин, ажиллах хүчин олноороо гадаадад цагаачлах;

9/ ажилгүйчүүд, түүний дотор хөдөлмөрийн насны хөдөлмөрлөх чадваргүй хүн амын тоо хэт ихсэх.

35.Эдийн засгийн аюулгүй байдлыг хангах арга зам:

Нэг.Дараах чиглэлээр төрийн нэгдсэн бодлоготой байх:

-эдийн засгийн бүтцийн өөрчлөлт;
-эдийн засгийн гадаад харилцаа;
-өр төлбөрийн асуудал;
-төсвийн бодлого;
-мөнгөний бодлого;
-шинжлэх ухаан-технологийн бодлого;
-эдийн засгийн тайлан, бүртгэл, мэдээлэл.

Хоёр. 1 /эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад гүйцэтгэх үүргийг нь харгалзан дараах салбаруудыг стратегийн ач холбогдолтой гэж үзэх:

а/үйлдвэрлэлийн салбарт:

-хүнс, хөдөө аж ахуй;
-уул уурхайн аж үйлдвэр;
-хөнгөн аж үйлдвэр;
-химийн аж үйлдвэр.

б/дэд бүтцийн салбарт:

-эрчим хүч;
-түлш;
-холбоо, мэдээлэлжүүлэлт;
-зам тээвэр.

2/ дараах чиглэлээр гадаадын хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих:

-стратгийн ач холбогдолтой салбаруудыг хөгжүүлэх;
-экспортын болон хүнсний нөөцийг нэмэгдүүлэх үйлдвэрлэлийг хөгжүүлэх;
-импортыг орлуулж болох зарим түүхий эд, техникийн эд анги, сэлбэг хэрэгсэл зэргийг дотооддоо үйлдвэрлэх.

Гурав.Эдийн засгийн аюулгүй байдлыг хангах төрийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэхэд дараахь чиглэл баримтлах:

1/ эдийн засаг, нийгмийн дэд бүтцийг хөгжүүлэх;
2/ орон нутаг харьцангуй биеэ даан хөгжих нөхцөлийг бүрдүүлж чадахуйц эдийн засгийн мужлал тогтоон цогцолбороор хөгжүүлэх;
3/ экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хаягдалгүй технологи бүхий үйлдвэрлэл хөгжүүлэх чиг баримтлах;

4/ хүн амыг хүнс, өргөн хэрэглээний бараагаар хангах нөөцийг жил бүр тогтоон бүрдүүлж, сэлбэн шинэтгэж байх, стратегийн ач холбогдолтой зарим барааг дотооддоо үйлдвэрлэх;

5/ Монгол Улсын валютын гадаад нөөцийг 2-оос доошгүй сарын нийт импорттой тэнцэх хэмжээнд байлгах;

6/ монгол малын удмын сан, үр тарианы нутагшмал сортыг хамгаалах;
7/ дэлхийн улс орнуудтай худалдаа-эдийн засгийн харилцаа хөгжүүлэхдээ эдийн засагт, нэн ялангуяа стратегийн ач холбогдолтой салбарт нэг буюу хэсэг орны ноёрхол тогтох хараат байдалд орох,түүхий эдийн хавсарга болохоос сэргийлэх. Манай Улстай чөлөөтэй харилцах сонирхлыг өндөр хөгжилтэй, нөлөө бүхий улс орнуудад буй болгох;

8/ Монгол Улсын далайд гарах эрхийг олон улсын эрх зүйн хэм хэмжээгээр баталгаажуулах;

9/ эдийн засгийн аюулгүй байдлаа хангах үүднээс хөрш орнууд, өрнө, дорнын өндөр хөгжилтэй орнуудтай хоёр болон оон талын худалдаа-эдийн засгийн эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутгийн худалдаа-эдийн засгийн сүлжээнд өөрийн байр суурьтай болох;

10/ нэг орноос авах стратегийн ач холбогдолтой түүхий эд, тоног төхөөрөмж, мэргэжилтэн, ажилчдын тоо хэмжээг үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхөөргүй байх хэмжээнд байлгах;

11/ гадаад орны хөрөнгө оруулагчдад үзүүлэх аливаа хөнгөлөлт, тэдний эдийн засгийн сонирхлыг хамгаалах арга хэмжээг монголын үндэсний үйлдвэрлэгчид, хөрөнгө оруулагчдад үзүүлдэг хөнгөлөлт, эдийн засгийн нөхцөлөөс давуутай болохоос сэргийлж, хяналт тавих;

12/ гадаадад улс, олон улсын байгуулагаас авах зээлийн хэмжээг түүнийг төлөх хугацааны төлбөрийн боломжоос хэтрүүлэхгүй байлгах;

13/ 1990 оноос өмнө авсан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг өөрийн болон зээлдүүлэгч орны ашиг сонирхол, өр анх буй болсон шалтгааныг харгалзан олон улсын жишгийн дагуу шийдвэрлэх;

14/ гадаад худалдаанд экспортыг нэмэгдүүлэх бодлого явуулахдаа боловсруулалт буюу эцсийн боловсруулалт хийсэн бүтээгдэхүүн гаргах.

VI. ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

36.Шинжлэх ухаан, технологийн аюулгүй байдал гэж өөрийн орны экологийн өвөрмөц нөхцөлд технологи болон мэдээлэл судалгааг улс орныхоо хөгжилд ашиглах, шинжлэх ухааны үндэсний чадамжийг дээшлүүлэх, оюуны үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг хангасан нөхцөл байдлыг хэлнэ.

37.Шинжлэх ухаан, технологийн аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөөлж болох гадаад хүчин зүйлүүд:

1/ улс орны хөгжлийн стратегийн ач холбогдол бүхий үйлдвэрлэлийн салбар нэг орны технолгийн хараат байдалтай болох;

2/ шинжлэх ухаан, технологийн хөгжлөөс хоцрох.

38.Шинжлэх ухаан, технологийн аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөөлж болох дотоод хүчин зүйлүүд:

1/ шинжлэх ухаан, технологийн хөгжлийн төрийн нэгдсэн бодлого дутагдах;

2/ түүхэн хөгжлийн явцад шалгарч буй болсон монгол үндэсний технологи алдагдах;

3/ Монгол орны өвөрмөц шинж чанартай технологи, хүн, ургамал, мал амьтны генофондын судалгаа, мэдээлэл төрийн хамгаалалтын гадна орхигдох, шинжлэх ухаан, технологийн нууц алдагдах;

4/ эдийн засаг, эрх зүйн таатай нөхцөл, баталгаа бүрдээгүйн улмаас дэлхийн шилдэг технологи нэвтрэхгүй байх;

5/ орчин үеийн шинжлэх ухаан, технологийн ололт нэвтрээгүйгээс болж үндэсний техник, технологи өрсөлдөх чадвараа алдаж хоцрогдох;

6/ үндэсний оюуны чадавхи, мэргэжилтэй боловсон хүчнийг улс орондоо бүрэн ашиглаж чадахгүй байх;

7/ шинэ, шинэчлэгдсэн технологийг үйлдвэрлэлд ашиглах боломж, нөхцөл бүрдэхгүй байх.

39.Шинжлэх ухаан, технологийн аюулгүй байдлыг хангах арга зам:

1/ шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлого, тэргүүлэх чиглэлийг тогтоож, үндэсний орлогын З хувиас доошгүйг шинжлэх ухааны арга хэмжээг санхүүжүүлэхэд зориулах;

2/ эрдэм шинжилгээний ажлыг хөхүүлэн дэмжих, шинжлэх ухааны нээлт, оюуны бүтээлийг баталгаажуулах, гадаадын технологийг монголын нөхцөлд тохируулан нэвтрүүлэх эрх зүйн баталгааг бүрдүүлэх;

3/ байгалийн баялаг, хүнс, хөдөө аж ахуйн түүхий эдийг ашиглах монголын нөхцөлд тохирсон технологийг боловсруулж нэвтрүүлэх;

4/ шинжлэх ухаан, технологийн мэдээллийн үндэсний нэгдсэн сүлжээ, сантай болж, төрийн хамгаалалтад байлгах;

5/ шинжлэх ухаан, техникийн ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн технологийг хөгжүүлэхэд чиглэсэн шударга өрсөлдөөнийг дэмжих.

Шинжлэх ухаан, технологийн үндэсний ач холбогдолтой судалгаа, шинжилгээний ажлыг хөгжүүлэх, технологийн шинэ шийдэл боловсруулах, үр дүнг үйлдвэрлэл, практикт нэвтрүүлэхэд амжилт гаргаж буй хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагад албан татварын хөнгөлөлт үзүүлэх, хөнгөлөлттэй зээл тэргүүн ээлжинд олгодог зарчим баримтлах;

6/ шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх замаар шинжлэх ухаан, технологийн өрсөлдөх, хөгжих чадварыг бэхжүүлэх;

7/ технологийн дэд бүтэц, орчныг буй болгох, технологийн агууламж, чадамж, статусыг зөв үнэлэх;

8/ шинжлэх ухаан, технологийн оюуны чадавхи, хөрөнгө бололцоог улсын хэмжээний судалгааны төслүүдийг шийдвэрлэхэд эн түрүүнд төвлөрүүлэх;

9/ боловсролын тогтолцоог байнга чанаржуулж, авьяасыг тэтгэн хөгжүүлэх;

10/ өндөр мэргэжилтэй мэргэжилтэнг технологийн онц шаардлагатай чиглэлээр зориуд бэлтгэх, үндэсний эрдэмтдийг эх орондоо ажиллуулах, өсгөх оюуны болон материаллаг нөхцөл бололцоог бий болгох;

11/ шинжлэх ухаан, технологийн судалгаа, боловсруулалт, үйлдвэрлэлийн салбарт ажиллах ирээдүйтэй боловсон хүчнийг ерөнхий боловсролын сургуулиас эхлэн сонгох, тэднийг хүн нэг бүрээр сургадаг, ажиллах нөхцөл, боломжоор хангадаг журам нэвтрүүлэх;

12/ оюуны зохиомол удирдлагын технологи, биотехнологийг тэргүүлэн хөгжүүлэх, цахим техник, цахилгаан хэрэгсэл угсрах, нар салхины гаралтай эрчим хүч ашиглах технологи эзэмших, теле холбооны орчин үеийн технологитой нэгдсэн сүлжээ буй болгоход онцлон анхаарахын зэрэгцээ оюуны багтаамж ихтэй шинэ материалын эрэл хайгуулын судалгааг өргөжүүлэх;

13/ шинжлэх ухаан, технологийн олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж, олон улсын болон бүс нутгийн интеграцид байр сууриа эзлэх;

14/ шинжлэх ухаан, технологийн үндэсний уламжлал, арга зүйг өвлөн авах, орчин үеийн нөхцөлд тохируулж хөгжүүлэх.



VII. МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

40.Мэдээллийн аюулгүй байдал гэж төрөөс улс орны дотоод, гадаад бодит байдлыг зөв үнэлж, оновчтой шийдвэр гаргах Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардагдах мэдээллээр төрийн байгууллага, ард иргэд хангагдсан Монгол Улсын талаар гадаадад мэдээлэл тархах нөхцөл хангагдсан байдлыг хэлнэ.

Мэдээллийн эрх чөлөө нь ардчиллыг хөгжүүлэн бэхжүүлэх нэн чухал хэрэгсэл мөн.

41.Мэдээллийн аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөөлж болох гадаад хүчин зүйлүүд:

1/ гадаадын бодит бус мэдээлэл түгсэний улмаас:

-Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын талаар бусад улсад эргэлзээ төрөх;

-Аливаа улс Монгол Улсын дотоод хэрэгт оролцох;

-Монгол Улсын үндэстэн угсаатны хооронд үл итгэлцэх байдал, маргаан мөргөлдөөн гарах, улс орны дотоод байдал тогтворгүйжих;

2/ мэдээллийн хувьд нэг буюу хэсэг улсаас хараат болох.

42.Мэдээллийн аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөөлж болох дотоод хүчин зүйлүүд:

1/ аливаа хүчин хэвлэл, мэдээллийн хэрэгслийг улс орны байдлыг хурцатгах, хувь хүн хувийн тооцоо хийх, бусдын нэр хүндийг гутаах зэвсэг болгон ашиглах;

2/ мэдээлэл хайх, хүлээн авах, түгээх эрх алдагдах;
3/ үндэсний аюулгүй байдал, улсыг батлан хамгаалах, нийгмийн хэв журмыг хангах зорилго бүхий төрийн нууц алдагдах;

4/ хэвлэл мэдээллээр гүтгэгдсэн иргэн, байгууллага өөрийгөө хэвлэл мэдээллийн хэрэгслээр буюу шударга шүүхээр хамгаалуулах эрх хумигдах;

5/ бүрэн мэдээлэл өгөхгүй байх буюу худал мэдээлэл өгөх замаар бусдыг хохироох;

6/ мэдээллийн эрх чөлөө алдагдаж, мэдээлэл хаагдмал болсноос үйл явцын өрнөлт, шинжлэх ухаан, технологийн хөгжлөөс хоцрох.

43.Мэдээллийн аюулгүй байдлыг хангах арга зам:

1/ гадаад, дотоод байдлын тухай олон эх сурвалж бүхий мэдээллийн сантай байх;

2/ хэвлэл мэдээллийн байгууллага, хэрэгсэл гадаадын байгууллага буюу иргэдийн эрхшээлд орох явдлаас сэрэмжлэх;

3/ хэвлэл мэдээллийн байгууллагууд үнэн бодитой мэдээ, мэдээлэл түгээх эрх зүйн үндсийг тогтоох;

4/ компьютерт байгаа мэдээллийг хамгаалах улсын тогтолцоо, эрх зүйн хамгаалалт буй болгох;

5/ олон улсын мэдээллийн сүлжээнд нэгдэж орох, Монгол Улсын тухай үнэн бодит мэдээллийг шуурхай түгээх;

6/ хэвлэл мэдээллийн байгууллагууд ардчилал,олон ургальч үзлийг хөгжүүлэн бэхжүүлэхийг эрхэмлэх, үнэн бодит байдлыг зориуд гуйвуулж ашиглахгүй байх;

7/ Монгол Улсын тусгаар тогтнол, монгол соёл, зан заншилд харш мэдээллийн түрэлтээс сэрэмжлэх;

8/ хэвлэл мэдээллийн байгуулагууд болон мэдээллийн бусад эх сурвалжууд үндэсний аюулгүй байдлын талаар шалгагдсан мэдээ, мэдээллийг түгээх замаар аюулгүй байдлын мэдээллийн орчинг бүрдүүлэх.

VIII. МОНГОЛ СОЁЛ ИРГЭНШЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

44.Монгол соёл иргэншлийн аюулгүй байдал гэж монгол түмэн, монгол төр оршин тогтнож, хөгжихийн үндэс болсон үндэсний хэл бичиг, түүх, соёл, зан заншил хадгалагдах, монгол хүн ард үүрд оршин амьдрах нөхцөл хангагдсан байдлыг хэлнэ.

45.Монгол соёл иргэншлийн аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөөлж болох гадаад хүчин зүйлүүд:

1/ гадаад улс, хүчнүүдийн улс төр, эдийн засаг, нийгэм соёлын бодлогын улмаас монгол соёл иргэншлийн өвөрмөц дүр төрх бүдгэрч бусдад уусч болох нөхцөл бүрдэх;

2/ үндсэрхэх, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, фашизм зэрэг хүмүүлэг бус үзэл суртал, шашин харгис номлолыг сурталчлах, хүчирхийлэл, аллага хядлага, садар самууныг сурталчлагч зүйлсийг ямарваа хяналтгүйгээр дэлгэрүүлэх.

46.Монгол соёл иргэншлийн аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөөлж болох дотоод хүчин зүйлүүд:

1/ монгол соёл иргэншлийнхээ түүхэн уламжлалыг хэт дөвийлгөн үнэлж, бусад ард түмний соёлыг үл тоомсорлох, алсдаа улс үндэстний хувьд жожигрон ганцаардах;

2/ бусад ард түмний соёл иргэншлийг хэт дөвийлгөн сохроор хуулбарлах буюу зах зээлийн эдийн засгийн болон орчин үеийн шинжлэх ухаан-техникийн дэвшлийн сөрөг үр дагавараас сэргийлэх бодлого алдагдах;

3/ гадаад, дотоод байдлын улмаас нийгэмд оюуны хоосон зай үүсэх, нийгэм оюуны хоосролд орох;

4/ түүх, соёлын үнэт зүйлс хууль бусаар гадаадад гарах.

47.Монгол соёл иргэншлийн аюулгүй байдлыг хангах арга зам:

1/ нүүдлийн соёл иргэншлийнхээ язгуур шинжүүдийг бататган баяжуулж, дэлгэрүүлэх идэвхтэй бодлого боловсруулан хэрэгжүүлэх. Аж ахуйн монгол иргэншил, монгол төрт ёс, эдийн болон оюуны соёл, зан заншлынхаа үнэ цэнэтэй, дэвшилттэй бүхнийг өвлөн авч, нийт хүн төрөлхтний соёлын дээжистэй зүй зохистойгоор хослуулан хөгжүүлэх;

2/ уйгаржин болон кирилл монгол бичгээ уламжлан эзэмших замаар монгол хэл бичгээ зүй тогтлын нь дагуу төгөлдөржүүлэх;

3/ соён гэгээрүүлэх монгол уламжлал, хүн төрөлхтний орчин цагийн жишигт нийцсэн боловсролын тогтолцоог бүрдүүлж, үндэснийхээ оюуны чадавхийг хамгаалан бэхжүүлэх;

4/ ард түмнийхээ түүх, соёлын өв уламжлал, сэтгэлгээ, зан заншил, эх орныхоо байгалийг танин мэдэх нөхцөлийг бүрдүүлэх, эх орноороо бахархах, нэр төрийг нь бүхнээс эрхэмлэх сэтгэлийг хүн бүрд, ялангуяа залуу үедээ төлөвшүүлэх, Монголын түүх, шашин, соёлын судалгаа, сургалт, сурталчилгааны ажлыг төрийн байнгын анхааралд байлган дэмжих;

5/ монгол соёл иргэншлийн дурсгалт зүйлсийг сурвалжлан олох, хамгаалах, бүрдүүлэх, эх орондоо эгүүлэн залах, сэргээн босгох бодлого явуулах. Түүх, соёлын үнэт зүйлс хууль бусаар гадаадад гарахаас сэрэмжлэх;

6/ монгол хүний онгон байгальдаа зохицон аж төрөх эрдэм чадвар, арга билгийг хослон барилдуулагч ухаан, төрт ёс, эрдэм билгийг дээдлэх ёс, хамтач чанарыг эрхэмлэн хадгалж үлдэх;

7/ аж ахуйн монгол иргэншлийн өвөрмөц арга технологи, үндэсний соёл урлагийн өв уламжлалыг сэргээн хадгалах, тэдгээрийг туурвин бүтээгчдийн урын санг хамгаалах;

8/ шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг хүндэтгэж, шашин-сүм хийдийн дотоод хэрэгт төрөөс үл оролцон, жаяг номын нь дагуу чөлөөтэй явуулах. Сүм хийдийн тоо, байршил, лам санваартан нарын үнэмлэхүй тоог төрийн хяналтад байлгах;

9/ шашин хоорондын харилцааны асуудлыг төрийн онцгой анхааралд байлгаж, хямрал мөргөлдөөнөөс сэргийлэх. Аливаа сүм хийдийн үйл ажиллагааг үндэсний соёл иргэншилд хор хохирол үл учруулах хэмжээнд хууль зүйн хүрээнд байлгах;

10/ дэлхийн олон оронд тархан суусан монголчуудтай холбоо харилцаагаа өргөжүүлж монгол соёл иргэншлээ хадгалж хөгжүүлэхэд нь тэдэнд туслах. Монгол Улс нь монголчуудын гал голомт мөн бөгөөд Монгол орноо хөгжүүлэх гэсэн тэдний эрмэлзлийг дэмжих чиглэл баримтлахын зэрэгцээ уг харилцаанд улс төрийн аливаа утга агуулга оруулахаас онцлон сэрэмжлэх;

11/ Монголын ард түмний эв нэгдэл, хүн ардын ёс суртахуун, сэтгэл санаанд сөрөг нөлөө үзүүлэхүйц арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, фашизм зэрэг хүмүүнлэг бус үзэл номлол дэлгэрэхээс сэргэмжлэн, хүчрхийлэл, аллага хядлага, дайн, садар самуун зэрэг бусармаг явдлыг ямар нэгэн байдлаар "сурталчлагч" зүйлсийг зөвхөн хууль зүйн хүрээнд тусгай журмын дагуу үзүүлдэг, хэвлэн нийтэлдэг, түгээдэг байх.


IХ.ХҮН АМ, УДМЫН САНГИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

48.Хүн ам, удмын сангийн аюулгүй байдал гэж Монгол Улсын хүн амын эрүүл мэнд, удмын сан, тогтвортой өсөлт хадгалагдаж, хамгаалагдсан нөхцөл байлыг хэлнэ.

49.Хүн амын сангийн аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөөлж болох гадаад хүчин зүйлүүд:

1/ агаар, ус болон газрын хөрсөөр дамжин цацраг идэвхт бодис, химийн бохирдол, хүчиллэг бороо, гоц халдварт өвчин орж ирэх;

2/ олон улсын хөдөлмөрийн хуваарьт байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд хөнөөлтэй үйлдвэрлэл явуулдаг болж орох;

3/ гадаад худалдааны бодлого, импортын барааны чанарт тавих хяналт суларч алдагдсаны улмаас хүн амын эрүүл мэнд, удамшилд сөргөөр нөлөөлөх хоол хүнс, хими болон өргөн хэрэглээний бараа орж ирэх.

50.Хүн ам, удмын сангийн аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөөлж болох хүчин зүйлүүд:

1/ хүн, амьтны гоц халдварт өвчин гарах;
2/ цус ойртож монгол хүний удмын санд сөргөөр нөлөөлөх, нэн ялангуяа оюун ухааны хомсдол болон сэтгэл мэдрэлийн өвчтэй хүний тооны зохистой харьцаа алдагдах, дэлхийн улс орнуудын дундаж үзүүлэлтээс илүү гарах;

3/ архидан согтуурах явдал газар авч хүн амын эрүүл мэнд, удмын санд сөрөг нөлөө үзүүлэх;

4/ хүн амын нас хүйсний бүтцийн харьцаа алдагдах;
5/ хүн амын дунд өлсгөлөн, тураал газар авах, ундны болон цэвэр усны хангамж хомсдох, бохирдох;

6/ дотоодын үйлдвэрлэгчид эрүүл ахуйн болон бусад тогтсон стандартыг зөрчих, хүн амын эрүүл мэндэд хөнөөлтэй хоол хүнс, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэж аливаа хяналтгүй худалдаалах;

7/ химийн бодистой харьцах заавар журмыг зөрчсөнөөс хүн амын эрүүл мэнд, удмын санд сөрөг нөлөө үзүүлэх.

51.Хүн ам, удмын сангийн аюулгүй байдлыг хангах арга зам:

1/ монгол хүний удмын сан, эрүүл мэнд, хүн амын тогтвортой өсөлтийг хангахад чиглэсэн төрийн иж бүрэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх.

Удмын бичиг хөтөлдөг уламжлалыг олон түмний идэвх санаачилгад тулгуурлан сэргээх, хүн бүр овог болон өөрөөс дээш 7-9 үеэ мэддэг болох;

2/ урьдчилан, сэргийлэлтийг хүн амын эрүүл мэндийг хамгаалах төрийн бодлого, үйл ажиллагааны үндэс болгох;

3/ цус ойртох, архидан согтуурах, мансуурах зэрэг монгол хүний удмын санд сөрөг нөлөөлөх бүхнээс сэргийлэх, монгол хүн, хүн амыг цогцолбороор судлах асуудлыг тэргүүлэх чиглэл болгон тавих.

Оюун ухааны хомсдол болон сэтгэл мэдрэлийн өвчнөөс урьдчилан оношлох, сэргийлэх бодлого явуулах, хүн амын сэтгэл зүйн аюулгүй байдлыг хангах;

4/ хөрш зэргэлдээ орны хил залгаа нутагт байрлаж буй цацраг идэвхжлийн болон химийн бохирдол, биологийн хорт нянгийн бохирдол, тэдгээрээс гаралтай өвчин тахлаас сэргийлэх хяналтын тогтолцоо бүрдүүлэх;

5/ хүний удамшил, хүн амын эрүүл мэндэд шууд болон үлдэц нөлөө бүхий онцгой хортой химийн болон биологийн гаралтай материалыг Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулах дамжуулан тээвэрлэх, түүнчлэн гадаад орны хортой хог хаягдал булшлах, боловсруулах замаар аж ахуй эрхлэх үйл ажиллагааг хориглох;

6/ хүн амын дотор удамшлын өвчин, согог, оюун ухааны хомсдолын тархалт, илрэлтийн давтамжинд байнгын хяналт тавих;

7/ хүний удмын санд сөрөг нөлөөлөх химийн бодис хүрээлэн буй орчинд хуримтлагдаж байгаа эсэхэд байнгын хяналт тавьж байх;

8/ хүнсний аюулгүй байдлыг төрийн онцгой анхааралд байлгаж, хүнсний бүтээгдэхүүнд хүний эрүүл мэнд, удашлын бүтцэд нөлөөлөх элдэв хорт бодисын хольц байгаа эсэхэд хяналт тавих, үндэсний нэгдсэн лаборатори байгуулах;

9/ хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх нийгэм, биологи, орчны хүчин зүйлд хатуу хяналт тавих, эм, био бэлдмэлийн үйлдвэрлэлийн технолгийг хөгжүүлж, үндэсний зайлшгүй чухал эмийн 50-иас доошгүй хувийг дотооддоо үйлдвэрлэх, юуны өмнө эх орны эрдэс, ургамал, амьтны гаралтай түүхий эдээр эм бэлтгэх бодлого явуулах;

10/ хүн амын эрүүл мэнд, эх хүүхдийн өвчлөл, нас баралтын гол үзүүлэлтүүдийг дэлхийн дундаж түвшинд хүргэн бууруулах. Эх хүүхдийн эрүүл мэндийн зарим тулгамдсан асуудлыг зөв зохистой шийдвэрлэх зорилгоор хүн амын төрөлтийг зохицуулах бодлого явуулах

IХ.ХҮН АМ, УДМЫН САНГИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

48.Хүн ам, удмын сангийн аюулгүй байдал гэж Монгол Улсын хүн амын эрүүл мэнд, удмын сан, тогтвортой өсөлт хадгалагдаж, хамгаалагдсан нөхцөл байлыг хэлнэ.

49.Хүн амын сангийн аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөөлж болох гадаад хүчин зүйлүүд:

1/ агаар, ус болон газрын хөрсөөр дамжин цацраг идэвхт бодис, химийн бохирдол, хүчиллэг бороо, гоц халдварт өвчин орж ирэх;

2/ олон улсын хөдөлмөрийн хуваарьт байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд хөнөөлтэй үйлдвэрлэл явуулдаг болж орох;

3/ гадаад худалдааны бодлого, импортын барааны чанарт тавих хяналт суларч алдагдсаны улмаас хүн амын эрүүл мэнд, удамшилд сөргөөр нөлөөлөх хоол хүнс, хими болон өргөн хэрэглээний бараа орж ирэх.

50.Хүн ам, удмын сангийн аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөөлж болох хүчин зүйлүүд:

1/ хүн, амьтны гоц халдварт өвчин гарах;
2/ цус ойртож монгол хүний удмын санд сөргөөр нөлөөлөх, нэн ялангуяа оюун ухааны хомсдол болон сэтгэл мэдрэлийн өвчтэй хүний тооны зохистой харьцаа алдагдах, дэлхийн улс орнуудын дундаж үзүүлэлтээс илүү гарах;

3/ архидан согтуурах явдал газар авч хүн амын эрүүл мэнд, удмын санд сөрөг нөлөө үзүүлэх;

4/ хүн амын нас хүйсний бүтцийн харьцаа алдагдах;
5/ хүн амын дунд өлсгөлөн, тураал газар авах, ундны болон цэвэр усны хангамж хомсдох, бохирдох;

6/ дотоодын үйлдвэрлэгчид эрүүл ахуйн болон бусад тогтсон стандартыг зөрчих, хүн амын эрүүл мэндэд хөнөөлтэй хоол хүнс, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэж аливаа хяналтгүй худалдаалах;

7/ химийн бодистой харьцах заавар журмыг зөрчсөнөөс хүн амын эрүүл мэнд, удмын санд сөрөг нөлөө үзүүлэх.

51.Хүн ам, удмын сангийн аюулгүй байдлыг хангах арга зам:

1/ монгол хүний удмын сан, эрүүл мэнд, хүн амын тогтвортой өсөлтийг хангахад чиглэсэн төрийн иж бүрэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх.

Удмын бичиг хөтөлдөг уламжлалыг олон түмний идэвх санаачилгад тулгуурлан сэргээх, хүн бүр овог болон өөрөөс дээш 7-9 үеэ мэддэг болох;

2/ урьдчилан, сэргийлэлтийг хүн амын эрүүл мэндийг хамгаалах төрийн бодлого, үйл ажиллагааны үндэс болгох;

3/ цус ойртох, архидан согтуурах, мансуурах зэрэг монгол хүний удмын санд сөрөг нөлөөлөх бүхнээс сэргийлэх, монгол хүн, хүн амыг цогцолбороор судлах асуудлыг тэргүүлэх чиглэл болгон тавих.

Оюун ухааны хомсдол болон сэтгэл мэдрэлийн өвчнөөс урьдчилан оношлох, сэргийлэх бодлого явуулах, хүн амын сэтгэл зүйн аюулгүй байдлыг хангах;

4/ хөрш зэргэлдээ орны хил залгаа нутагт байрлаж буй цацраг идэвхжлийн болон химийн бохирдол, биологийн хорт нянгийн бохирдол, тэдгээрээс гаралтай өвчин тахлаас сэргийлэх хяналтын тогтолцоо бүрдүүлэх;

5/ хүний удамшил, хүн амын эрүүл мэндэд шууд болон үлдэц нөлөө бүхий онцгой хортой химийн болон биологийн гаралтай материалыг Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулах дамжуулан тээвэрлэх, түүнчлэн гадаад орны хортой хог хаягдал булшлах, боловсруулах замаар аж ахуй эрхлэх үйл ажиллагааг хориглох;

6/ хүн амын дотор удамшлын өвчин, согог, оюун ухааны хомсдолын тархалт, илрэлтийн давтамжинд байнгын хяналт тавих;

7/ хүний удмын санд сөрөг нөлөөлөх химийн бодис хүрээлэн буй орчинд хуримтлагдаж байгаа эсэхэд байнгын хяналт тавьж байх;

8/ хүнсний аюулгүй байдлыг төрийн онцгой анхааралд байлгаж, хүнсний бүтээгдэхүүнд хүний эрүүл мэнд, удашлын бүтцэд нөлөөлөх элдэв хорт бодисын хольц байгаа эсэхэд хяналт тавих, үндэсний нэгдсэн лаборатори байгуулах;

9/ хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх нийгэм, биологи, орчны хүчин зүйлд хатуу хяналт тавих, эм, био бэлдмэлийн үйлдвэрлэлийн технолгийг хөгжүүлж, үндэсний зайлшгүй чухал эмийн 50-иас доошгүй хувийг дотооддоо үйлдвэрлэх, юуны өмнө эх орны эрдэс, ургамал, амьтны гаралтай түүхий эдээр эм бэлтгэх бодлого явуулах;

10/ хүн амын эрүүл мэнд, эх хүүхдийн өвчлөл, нас баралтын гол үзүүлэлтүүдийг дэлхийн дундаж түвшинд хүргэн бууруулах. Эх хүүхдийн эрүүл мэндийн зарим тулгамдсан асуудлыг зөв зохистой шийдвэрлэх зорилгоор хүн амын төрөлтийг зохицуулах бодлого явуулах


Х.ЭКОЛОГИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

52.Экологийн аюулгүй байдал гэж байгаль, цаг уурын өөрчлөлт болон байгалийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах бодлогын харьцаа алдагдсанаас хүний амьдрах орчин, эдийн засагт үүсэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх нөхцөл хангагдсан байдлыг хэлнэ.

53.Экологийн аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөөлж болох гадаад хүчин зүйлүүд:

1/ дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас цөлжилт эрчимжих, хур тунадасны хэмжээ, хуваарилалт өөрчлөгдөх, ган, зудтай жилийн тоо нэмэгдэх, озоны давхарга нимгэрэх;

2/ хил дамжин агаар, усаар орж ирэх цацраг идэвхжил, химийн бохирдол, хүчиллэг бороо ихсэх, хүн амьтныг олноор хөнөөх өвчин тахал гарах, ой мод, бэлчээр, ургамлыг устгах хортон мэрэгчид, хорхой шавьж олшрох;

3/ мансууруулах болон хүний оюун ухаан, эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх бодисын түүхий эд бэлдэх түшиц газар болон хувирах.

54.Экологийн аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөөлж болох дотоод хүчин зүйлүүд:

1/ экологийн тэнцвэрт тогтолцоо алдагдах, хөрсний элэгдэл эвдрэл ихсэх, ургамал, амьтны удмын сан хомсдох;

2/ ургамлын нөмрөг ядуурч ойн нөөц хомсдон мөрөн, гол нуур, газрын доорхи ус татарч ширгэх, нутаг бэлчээр гандан хуурайших;

3/ байгалийн нөөц баялгийг сорчлох, цөлмөх байдлаар ашиглах;
4/ хаягдал ихтэй техник, технологи хуримтлагдах хортой хог хаягдал гаргадаг үйлдвэрлэл бөөгнөрөх, гадаад орны хортой хог хаягдал булшлах газар болох.

55.Экологийн аюулгүй байдлыг хангах арга зам:

1/ байгаль орчноо хайрлан хамгаалдаг ардын уламжлал, ёс заншлыг сэргээж бүх нийтэд түгээн төлөвшүүлэх ажлыг төрийн бодлогын хэмжээнд тавих;

2/ байгалийн нөхөн сэргээгдэх нөөцийн хүрээнд амьдралын хэрэгцээг бүрэн хангах, үл нөхөгдөх буюу удаан сэргэдэг нөөцийг зөвхөн улс орны хөгжлийн ашиг сонирхлын үүднээс нэмэлт хүчин зүйл болгож ашиглах зарчим баримтлах;

3/ эдийн засгаа экологийн баримжаатайгаар хөгжүүлж ЭКОМАРК бүхий бүтээгдэхүүнээр дэлхийн зах зээлд тодорхой байр суурь эзлэх бодлого баримтлах;

4/ газар нутгийн зарим шаардлагатай хэсгийг дархлан хамгаалж, бусдыг нь экологийн тэнцвэрийг барих бодлого, хөшүүрэгтэйгээр аж ахуйн эргэлтэд аажмаар оруулах;

5/ газрыг чөлөөтэй эзэмших хэлбэрээр эзэнгүйдүүлэх буюу хүн бүрд хувь оноох хэлбэрээр тасдан хуваахаас зайлсхийх, бэлчээрийг эргэж буцалтгүй талхагдалд оруулахаас сэргийлэх;

6/ эдийн засгийн дэд бүтэц, байгалийн нөөцийн иж бүрдлийг багтаасан байгаль орчны тэнцвэрийг хангахуйц цогцолбор бүрдүүлэх зорилгоор засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өнөөгийн хуваарилалтыг цаашид задалж жижигрүүлэхгүйгээр экологи-эдийн засгийн бүс бий болгох чиглэл баримтлах;

7/ хот, суурин газрыг төлөвлөх, байгуулахдаа хүн амыг хэт бөөгнөрүүлж тухайн бүс нутагт байгаль орчин тэнцвэр алдагдах голомт болохоос зайлсхийх;

8/ элс тогтоох, ус шингээн хадгалах бутлаг ургамлыг түлшинд хэрэглэхийг хязгаарлаж, модон материалын хэрэгцээг хангахад хөрш зэргэлдээ орнуудын боломжийг ашиглах бодлого баримтлах.Ой модыг нөхөн сэргээх, гал түймрийн аюулаас сэргийлэх, булаг, шанд, гол горхийн эхийг ойжуулах, тариалангийн талбайд хамгаалалтын ойн зурвас байгуулах зэрэг цогцолбор арга хэмжээг үндэсний стратегийн зорилт болгон хэрэгжүүлэх;

9/ доройтсон орчныг ургамалжуулах, ургамлын нөмрөгийн хэмжээг жилээс жилд нэмэгдүүлэх;

10/ үндэсний "Улаан ном"-ыг байнга сэргээн баяжуулж дэлхийд ховордсон болон Монгол орны ховор ховордсон үлдэц, устах аюулд орсон буюу орж болзошгүй бичил биетний удмын санг хамгаалах цэгцтэй бодлого явуулах;

11/ эмийн болон хүнсний түүнчлэн техникийн үнэт ургамлыг нутагшуулах, тарималжуулах замаар үйлдвэрлэлийн хэмжээнд ашиглах, монголын унаган болон ховордсон, аж ахуйн чухал ач холбогдол бүхий амьтан, ургамлын гаралтай олзворын зүйлийг эдийн засгийн ашиг сонирхлын үүднээс гадаадад гаргахыг хязгаарлах;

12/ Монгол Улсын тус улсын нутаг дэвсгэрт байгаа нуур мөрөн гол, уст цэгүүд, усны нийт нөөц төр, ард түмний хамгаалалтад байж, усны нөөцийг хэмнэлттэй зарцуулах, хуримтлуулах, хур тунадасны ус хураах сан байгуулах, ахуйн болон үйвлдвэрлэлийн хэрэглээний цэвэр усны нөөц чанарын хяналтын тогтолцоо бүрдүүлэх;

13/ Монгол Улсын нутаг дэвсгэрт болон түүний хилийн ойролцоо газарт цөмийн зэвсэг турших, байрлуулахын эсрэг идэвхтэй үйл ажиллагааг оновчтой арга хэлбэрээр явуулах;

14/ байгаль орчинд халтай нөлөө бүхий аж ахуй эрхлэх явдлыг эрх зүйн болон эдийн засгийн хөшүүргээр хязгаарлах чиглэл баримтлах;

15/ озоныг саармагжуулах үйлчилгээ бүхий хий гаргадаг үйлдвэрлэл явуулахгүй байх, ийм төрлийн бүтээгдэхүүнийг хязгаарлах;

16/ байгалийн гамшиг, гэнэтийн аюулаас сэргийлэх, тэмцэх тогтолцоо бий болгох;

17/ хуурай буюу цөлжсөн бүс нутагт хүн ардынхаа амьдралыг хангах үндэсний уламжлалт технологийг судалж, уур амьсгалын болзошгүй өөрчлөлтийн аливаа тохиолдолд үндэснийхээ амьдрах чадварыг хангах бэлтгэлтэй байх;

18/ Монгол орны амьд биетний бүрдлийн өвөрмөц голомт, шимт мандлын зангилгаа цэгүүдийг дархан газрын сүлжээнд бүрэн хамруулахын хамт тэдгээрийн заримыг нь олон улсын статустай болгож дэлхийн соёлын өвд багтаах арга хэмжээ авах;

19/ Монгол Улсын нутаг дэвсгэрийг олон улсын хамгаалалттай экологийн бүс нутагт хамруулах бодлого явуулах;

20/ байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх асуудлаар олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулах, олон улсын байгууллагууд хандивлагч орнуудтай хамтран экологийн чиглэлийн төслүүд хэрэгжүүлэх замаар тэргүүний технологи оруулах, болзошгүй аливаа аюулаас урьдчилан сэргийлж ямар ч нөхцөлд хохирол багатай даван туулах тогтолцоо бий болгох.

ХI. БУСАД ЗААЛТ

56.Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тусгагдсан үндсэн бүтэц, тэдгээрийн агуулгад дэлхий дахины, бүс нутгийн болон улс орны байдал хөгжил, өрнөлтийн чиг хандлагад гарч байгаа өөрчлөлттэй уялдаж Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн санал болгосноор Улсын Их Хурал зохих нэмэлт өөрчлөлт оруулж байна.




БНМУ-н үндсэн хууль

Бүгд Найрамдах Монгол Улсын Үндсэн хууль
Монголын ард түмэн бид:

-Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж,
-Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс,үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,
-Төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж,
-Хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж,
-Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж ба

Нэгдүгээр бүлэг




Нэгдүгээр зүйл
1. Монгол Улс бол тусгаар тогтносон, бүрэн эрхт, Бүгд найрамдах улс мөн.
2. Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.

Хоёрдугаар зүйл

1. Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна.
2. Монгол Улсын нутаг дэвсгэр зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдана.

Гуравдугаар зүйл

1. Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.
2. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно.

Дөрөвдүгээр зүйл

1. Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй дархан байна.
2. Монгол Улсын хилийг хуулиар бататгана.
3. Хууль гаргахгүйгээр гадаадын цэргийн хүчнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлуулах, дамжин өнгөрүүлэхээр улсын хил нэвтрүүлэхийг хориглоно.

Тавдугаар зүйл

1. Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна.
2. Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.
З. Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.
4. Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.
5. Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна.

Зургадугаар зүйл

1. Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.
2. Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн.
З. Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно. Энэ нь газрын хэвлийг өмчлөхөд хамаарахгүй. Иргэд хувийн өмчийнхөө газрыг худалдах, арилжих, бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөлд шилжүүлэх, түүнчлэн төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглоно.
4. Төр газрын эзэнд газартай нь холбогдсон үүрэг хүлээлгэх, улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор газрыг солих буюу эргүүлэн авах, уг газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашиглавал хураан авч болно.
5. Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно.

Долдугаар зүйл

1. Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна.
2. Иргэний туурвисан оюуны үнэт зүйл бол зохиогчийнх нь өмч, Монгол Улсын үндэсний баялаг мөн.

Наймдугаар зүйл

1. Монгол хэл бол төрийн албан ёсны хэл мөн.
2. Энэ зүйлийн 1 дэх хэсгийн заалт нь хүн амын өөр хэл бүхий үндэстний цөөнх эх хэлээрээ суралцах, харилцах, соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах эрхийг үл хөндөнө.

Есдүгээр зүйл

1. Монгол Улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ.
2. Төрийн байгууллага шашны, сүм хийд улс төрийн үйл ажиллагаа эрхлэн явуулж болохгүй.
З. Төр, сүм хийдийн хоорондын харилцааг хуулиар зохицуулна.

Аравдугаар зүйл

1. Монгол Улс олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримталж энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулна.
2. Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.
3. Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.
4. Монгол Улс Үндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй.

Арван нэгдүгээр зүйл

1. Эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалж, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах нь төрийн үүрэг мөн.
2. Монгол Улс өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй байна. Зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалт, түүнд алба хаах журмыг хуулиар тогтооно.

Арван хоёрдугаар зүйл

1. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн.
2. Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ.
З. Төрийн сүлд нь ариун цагаан өнгийн бадам цэцэг суурьтай, төгсгөлгүй үргэлжлэн дэлгэрэх түмэн насан хээгээр хөвөөлсөн, мөнх тэнгэрийг бэлгэдсэн дугариг хөх дэвсгэртэй байна. Сүлдний төв хэсэгт Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, цог хийморийг илтгэсэн алтан соёмбо, эрдэнийн хүлгийг хослуулан дүрсэлсэн байна. Сүлдний хүрээний магнайн хэсэгт эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийг бэлгэдсэн хүслийг хангагч чандмань эрдэнэ, доод хэсэгт эх газрыг төлөөлсөн ногоон өнгийн уулан хээ, ашид дэвжихийн өлзий хутаг оршсон хүрдийг тус тус дүрсэлнэ. Хүрдийг хадгаар дээдлэн сүлжсэн байна.
4. Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан туг нь Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл мөн.
5. Монгол Улсын төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундахь хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрлуулна. Далбааны өргөн, урт нь 1:2-ын харьцаатай байна.
6. Төрийн тамга дөрвөлжин хэлбэртэй, голдоо төрийн сүлдтэй, сүлдний хоёр талаар Монгол Улс гэсэн бичээстэй, арслангийн дүрс бүхий бариултай байна. Төрийн тамгыг Монгол Улсын Ерөнхийлөгч барина.
7. Төрийн бэлгэ тэмдгийг дээдлэн хэрэглэх журам, төрийн дууллын үг, аяыг хуулиар бататгана.

Арван гуравдугаар зүйл

1. Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэнэ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот мөн.
2. Монгол Улсын нийслэлийн эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.


Хоёрдугаар бүлэг



Арван дөрөвдүгээр зүйл
1. Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.
2. Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.

Арван тавдугаар зүйл
1. Монгол Улсын иргэний харьяалал хийгээд харьяат болох, харьяатаас гарах үндэслэл, журмыг гагцхүү хуулиар тогтооно.
2. Монгол Улсын иргэнийг харьяатаас хасах, эх орноосоо хөөх, өөр улсад шилжүүлэн өгөхийг хориглоно.

Арван зургадугаар зүйл
Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:
1/ амьд явах эрхтэй. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно;
2/ эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй;
3/ хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө;
4/ ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй;
5/ өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй;
6/ эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. Иргэдэд эмнэлгийн төлбөргүй тусламж үзүүлэх болзол, журмыг хуулиар тогтооно;
7/ сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно. Иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж болно;
8/ соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах, бүтээл туурвих,үр шимийг нь хүртэх эрхтэй. Зохиогч, шинэ бүтээл, нээлтийн эрхийг хуулиар хамгаална;
9/ шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно.
10/ нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. Нам,олон нийтийн бусад бүх байгууллага нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлнэ. Аль нэгэн нам,олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно. Төрийн зарим төрлийн албан хаагчийн намын гишүүнийг түдгэлзүүлж болно;
11/ улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй. Гэрлэлт нь хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэнэ. Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална;
12/ төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй;
13/ халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн,түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. Иргэний хувийн ба гэр бүл,захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална;
14/ Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно;
15/ шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөтэй;
16/ итгэл үнэмшилтэй байх,үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно;
17/ төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална;
18/ улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах,оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно.

Арван долдугаар зүйл

1. Монгол Улсын иргэн шударга,хүнлэг ёсыг эрхэмлэн дараахь үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ:
1/ Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх;
2/ хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;
3/ хуулиар ногдуулсан албан татвар төлөх;
4/ эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах.
2. Хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн.

Арван наймдугаар зүйл
1. Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэний эрх, үүргийг Монгол Улсын хууль, уул иргэнийг харьяалсан улстай байгуулсан гэрээгээр тогтооно.
2. Монгол Улс олон улсын гэрээгээр гадаадын иргэний эрх, үүргийг тодорхойлохдоо уул иргэнийг харьяалсан улстай энэ талаар харилцан адил байх зарчим баримтална.
З. Монгол Улс нутаг дэвсгэртээ байгаа харьяалалгүй хүний эрх, үүргийг өөрийн хуулиар тогтооно.
4. Үзэл бодол, улс төрийн хийгээд шударга ёсны бусад үйл ажиллагааныхаа улмаас хавчигдан мөшгөгдсөн гадаадын иргэн, харьяалалгүй хүн үндэслэл бүхий хүсэлт гаргавал Монгол Улсад орогнох эрх олгож болно.
5. Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлд заасан Монгол Улсын иргэний үндсэн эрх, эрх чөлөөг тус улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнд эдлүүлэхдээ Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний салшгүй эрхээс бусад эрхийн хувьд үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд хуулиар зохих хязгаарлал тогтоож болно.

Арван есдүгээр зүйл
1. Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.
2. Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно. Тийнхүү хязгаарласан хууль нь хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, түүнчлэн хэнд боловч эрүү шүүлт тулгах,хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглосон хуулийн заалтыг үл хөндөнө.
З. Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй.


Гуравдугаар бүлэг PDF Хэвлэх И-мэйл

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН БАЙГУУЛАЛ

НЭГ. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ


Хорьдугаар зүйл
Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.

Хорин нэгдүгээр зүйл
1. Улсын Их Хурал нэг танхимтай, далан зургаан гишүүнтэй байна.
2. Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.
З. Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно.
4. Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно.

Хорин хоёрдугаар зүйл
1. Улсын нийт нутаг дэвсгэр буюу зарим хэсгийг нь хамарсан гэнэтийн аюул тохиолдсон, дайны ба нийтийн эмх замбараагүй байдал үүссэн зэрэг онцгой нөхцөлийн улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй бол мөнхүү нөхцөл арилж, шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.
2. Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно. Ийнхүү тарах шийдвэр гаргасан бол шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ эдэлнэ.
Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш дөчин тав хоногийн дотор Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол өөрөө тарах буюу эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах тухай шийдвэр гаргана.
/Энэ заалтыг 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр нэмсэн бөгөөд Үндсэн Хуулийн Цэцийн 2000 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болсон. Мөн 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр нэмсэн/

Хорин гуравдугаар зүйл
1. Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална.
2. Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх нь Төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, Улсын Их Хурлын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно.

Хорин дөрөвдүгээр зүйл
1. Улсын Их Хурлын дарга, дэд даргыг Улсын Их Хурлын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн саналаа илээр гаргаж сонгоно. Улсын Их Хурлын тухайн сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс Улсын Их Хурлын дэд даргыг сонгоно.
/Энэ хэсгийг 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан бөгөөд Үндсэн Хуулийн Цэцийн 2000 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болсон. Мөн 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан/
2. Улсын Их Хурлын дарга, дэд даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байх бөгөөд хуульд заасан үндэслэлээр хугацаанаас нь өмнө чөлөөлж, огцруулж болно.

Хорин тавдугаар зүйл
1. Улсын Их Хурал төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ:
1/ хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах;
2/ төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох;
3/ Ерөнхийлөгчийн ба Улсын Их Хурал, түүний гишүүний сонгуулийг товлон зарлах;
4/ Улсын Их Хурлын Байнгын хороо, Засгийн газар, хуульд зааснаар Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын бүтэц, бүрэлдэхүүнийг тогтоох, өөрчлөх;
5/ Ерөнхийлөгчийг сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргах, чөлөөлөх, огцруулах;
6/ Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, хуульд зааснаар Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын бүрэлдэхүүнийг томилох, өөрчлөх, огцруулах;
7/ төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах;
8/ хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах;
9/ улсын хил тогтоох;
10/ Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, бүрэн эрхийг тогтоох;
11/ Засгийн газрын өргөн мэдүүлснээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийг батлах, өөрчлөх;
12/ нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох;
13/ улсын цол, одон, медаль, цэргийн дээд цол бий болгох, төрийн албаны зарим тусгай салбарын албан тушаалын зэрэг дэвийг тогтоох;
14/ өршөөл үзүүлэх шийдвэр гаргах;
15/ Засгийн газрын өргөн мэдүүлснээр Монгол Улсын олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах, гадаад улстай дипломат харилцаа тогтоох, цуцлах;
16/ ард нийтийн санал асуулга явуулах. Сонгуулийн эрх бүхий иргэдийн олонхи нь оролцсон ард нийтийн санал асуулгыг хүчинтэйд тооцож, олонхийн санал авсан асуудлыг шийдвэрлэгдсэн гэж үзнэ;
17/ Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд бусад улсаас аюул занал учруулж, зэвсэглэн халдвал дайн бүхий байдал зарлах, цуцлах;
18/ энэ зүйлийн 2, З дахь хэсэгт заасан онцгой нөхцөлд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, эсхүл энэ тухай гаргасан Ерөнхийлөгчийн зарлигийг батлах, хүчингүй болгох.
2. Дараахь онцгой нөхцөл бий болсон үед үр дагаврыг нь арилгах, хүн ам, нийгмийн амьдралыг хэвийн болгохын тулд онц байдал зарлаж болно:
1/ улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон;
2/ Үндсэн хуулийн дэг журам, нийгмийн хууль ёсны тогтолцоо оршин тогтноход заналхийлсэн аливаа байгууллага, бүлэг хүний зохион байгуулалт бүхий хүч хэрэглэсэн хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн нийтийн эмх замбараагүй байдлыг төрийн байгууллага эрх хэмжээнийхээ дотор ердийн арга хэрэгслээр тохинуулах боломжгүй болсон.
З. Улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь нийтийн эмх замбараагүй байдал үүсч, зэвсэгт мөргөлдөөнд хүрсэн, тийм мөргөлдөөн гарах бодит аюул бий болсон, бусад улсаас цэргийн хүчээр түрэмгийлэн халдсан, эсхүл тийнхүү халдах нь бодитой болсон үед дайны байдал зарлаж болно.
4. Улсын Их Хурлын бусад бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.

Хорин зургадугаар зүйл
1. Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдэлнэ.
2. Иргэд, бусад байгууллага хуулийн төслийн тухай саналаа хууль санаачлагчид уламжилна.
З. Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно.

Хорин долдугаар зүйл
1. Улсын Их Хурал бүрэн эрхээ чуулган, зохион байгуулалтын бусад хэлбэрээр хэрэгжүүлнэ.
2. Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа тавиас доошгүй ажлын өдөр чуулна.
/Энэ хэсгийг 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан бөгөөд Үндсэн Хуулийн Цэцийн 2000 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болсон. Мөн 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан/
З. Улсын Их Хурлын гишүүдийн гуравны нэгээс дээшхийн шаардсанаар, эсхүл Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргын санаачилгаар ээлжит бус чуулган чуулж болно.
4. Улсын Их Хурлын анхдугаар чуулганыг сонгууль явуулсан өдрөөс хойш гуч хоногийн дотор Ерөнхийлөгч, бусад чуулганыг Улсын Их Хурлын дарга товлон зарлана.
5. Ерөнхийлөгч онц болон дайны байдал зарлавал түүнээс хойш далан хоёр цагийн дотор Улсын Их Хурал онцгой чуулганаа тусгайлан товлохгүйгээр чуулна.
6. Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал, түүнчлэн хуульд өөрөөр заагаагүй бол бусад асуудлыг саналаа илээр гаргаж шийдвэрлэнэ.
/Энэ хэсгийг 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан бөгөөд Үндсэн Хуулийн Цэцийн 2000 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болсон. Мөн 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан/

Хорин наймдугаар зүйл.
1. Улсын Их Хурал үйл ажиллагааныхаа зохих салбар, чиглэлээр Байнгын хороодтой байна.
2. Байнгын хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг Улсын Их Хурал тогтооно.

Хорин есдүгээр зүйл

1. Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй.
/Энэ хэсгийг 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан бөгөөд Үндсэн Хуулийн Цэцийн 2000 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болсон. Мөн 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан/
2. Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална.
З. Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна.

ХОЁР. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ


Гучдугаар зүйл
1. Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн.
2. Ерөнхийлөгчөөр дөчин таван нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.

Гучин нэгдүгээр зүйл
1. Ерөнхийлөгчийн сонгууль хоёр шаттай байна.
2. Улсын Их Хуралд суудал бүхий нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүний нэр дэвшүүлнэ.
З. Анхан шатны сонгуульд Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхтэй оролцож, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн талаар саналаа нууцаар гаргана.
4. Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргана.
5. Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хэн нь ч ийнхүү сонгогчдын олонхийн санал аваагүй бол анхны санал хураалтад оролцсон нийт сонгогчийн хамгийн олон санал авсан хоёр хүнийг дахин санал хураалтад оруулна. Дахин санал хураалтаар сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргана.
6. Хэрэв хоёр дахь санал хураалтаар Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хэн нь ч ийнхүү сонгогчдын олонхийн санал аваагүй бол дахин сонгууль явуулна.
7. Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа улируулан сонгож болно.
8. Ерөнхийлөгч нь Ерөнхий сайд, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй. Хэрэв Ерөнхийлөгч өөр ажил, албан тушаал эрхэлж байгаа бол тангараг өргөсөн өдрөөсөө эхлэн уул үүргээс чөлөөлөгдөнө.

Гучин хоёрдугаар зүйл

1. Ерөнхийлөгчийн бүрэн эрх тангараг өргөснөөр эхэлж, шинэ сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөснөөр дуусгавар болно.
2. Ерөнхийлөгч сонгогдсоноосоо хойш гуч хоногийн дотор "Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая" хэмээн Улсын Их Хуралд тангараг өргөнө.

Гучин гуравдугаар зүйл
1. Ерөнхийлөгч дараахь үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/ Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг Улсын Их Хурлаар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний гуравны хоёр нь хүлээж аваагүй бол уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ;
2/ Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг; хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж Ерөнхий сайдад нэр дэвшүүлж чадаагүй бол Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулах;
/Энэ заалтыг 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан бөгөөд Үндсэн Хуулийн Цэцийн 2000 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болсон. Мөн 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан/
3/ өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх. Энэ талаар Ерөнхийлөгч зарлиг гаргавал түүнд Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно;
4/ гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, Улсын Их Хуралтай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах;
5/ Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах;
6/ Монгол Улсад суух гадаад улсын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүний итгэмжлэх, эгүүлэн татах жуух бичгийг хүлээн авах;
7/ улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах;
8/ уучлал үзүүлэх;
9/ Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, тус улсад орогнох эрх олгох асуудлыг шийдвэрлэх;
10/ Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх;
11/ бүх нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах;
12/ Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 2, З дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болбол Улсын Их Хурлын чуулганы чөлөө цагт, хойшлуулшгүй тохиолдолд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, түүнчлэн цэрэг хөдөлгөх захирамж өгөх. Онц байдал, дайны байдал зарласан Ерөнхийлөгчийн зарлигийг Улсын Их Хурал уул зарлиг гарснаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэж батлах буюу хүчингүй болгоно. Хэрэв Улсын Их Хурал шийдвэр гаргаагүй бол уул зарлиг хүчингүй болно.
2. Ерөнхийлөгч Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч байна.
З. Ерөнхийлөгч Улсын Их Хуралд болон ард түмэндээ хандан илгээлт гаргаж, чуулганд өөрийн тааллаар оролцон улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, саналаа оруулж болно.
4. Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн хуулиар олгож болно.

Гучин дөрөвдүгээр зүйл

1. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хуульд нийцүүлэн зарлиг гаргана.
2. Ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцээгүй бол Ерөнхийлөгч өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно.

Гучин тавдугаар зүйл

1. Ерөнхийлөгч Улсын Их Хуралд ажлаа хариуцна.
2. Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхийн саналаар огцруулна.

Гучин зургадугаар зүйл

1. Ерөнхийлөгчийн бие, өргөө, унаа халдашгүй дархан байна.
2. Ерөнхийлөгчийн нэр төр, халдашгүй байдлыг хуулиар хамгаална.
Гучин долдугаар зүйл
1. Ерөнхийлөгчийг түр эзгүйд бүрэн эрхийг нь Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлнэ.
2. Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Ерөнхийлөгч шинээр сонгогдож тангараг өргөх хүртэл бүрэн эрхийг нь Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлнэ. Энэ тохиолдолд Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулна.
З. Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэх журмыг хуулиар тогтооно.

ГУРАВ. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР


Гучин наймдугаар зүйл

1. Монгол Улсын Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн.
2. Засгийн газар төрийн хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргийн дагуу дараахь үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/ Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах;
2/ шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, улсын төсөв, зээл, санхүүгийн төлөвлөгөөг боловсруулж Улсын Их Хуралд өргөж, гарсан шийдвэрийг биелүүлэх;
3/ салбарын ба салбар хоорондын, түүнчлэн бүс нутгийн хөгжлийн асуудлаар арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлэх;
4/ хүрээлэн байгаа орчныг хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ авах;
5/ төрийн захиргааны төв байгууллагыг шуурхай удирдаж, нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх;
6/ улсыг батлан хамгаалах хүчин чадлыг бэхжүүлж, үндэсний аюулгүй байдлыг хангах;
7/ хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгмийн хэв журмыг бэхжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
8/ төрийн гадаад бодлого хэрэгжүүлэх;
9/ Улсын Их Хуралтай зөвшилцөж дараа соёрхон батлуулахаар Монгол Улсын олон улсын гэрээ байгуулах, хэрэгжүүлэх, түүнчлэн Засгийн газар хоорондын гэрээ байгуулах, цуцлах.
З. Засгийн газрын тодорхой бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.

Гучин есдүгээр зүйл

1. Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ.
2. Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
Ерөнхий сайд уул асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ.
/Энэ заалтыг 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр нэмсэн бөгөөд Үндсэн Хуулийн Цэцийн 2000 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болсон. Мөн 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр нэмсэн/
З. Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайдын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал хүн бүрээр хэлэлцэж томилно.

Дөчдүгээр зүйл

1. Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна.
2. Засгийн газрын бүрэн эрх Улсын Их Хурлаас Ерөнхий сайдыг томилсноор эхэлж, шинэ Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болно.

Дөчин нэгдүгээр зүйл

1. Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.
2. Засгийн газар үйл ажиллагаагаа Улсын Их Хуралд тайлагнана.
Дөчин хоёрдугаар зүйл
Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална.

Дөчин гуравдугаар зүйл

1. Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзвэл хугацаа дуусахаас өмнө огцрох тухайгаа Ерөнхий сайд Улсын Их Хуралд өргөн мэдүүлж болно.
2. Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.
З. Улсын Их Хурал Засгийн газрыг огцруулах тухай өөрөө санаачилсан болон Ерөнхийлөгчийн санал, Ерөнхий сайдын мэдэгдлийг хүлээн авснаас хойш арван тав хоногийн дотор Засгийн газрыг огцруулах эсэхийг хэлэлцэн шийдвэрлэнэ.
4. Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Засгийн газрыг огцруулах тухай саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ.

Дөчин дөрөвдүгээр зүйл

Өөрт нь итгэл хүлээлгэж байгаа эсэхийг илэрхийлж өгөхийг хүсч Засгийн газар тогтоолын төсөл оруулбал Улсын Их Хурал уул асуудлыг дөчин гуравдугаар зүйлийн З дахь хэсэгт заасан журмаар шийдвэрлэнэ.

Дөчин тавдугаар зүйл

1. Засгийн газар хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ дотор тогтоол, захирамж гаргах бөгөөд түүнд Ерөнхий сайд, тухайн шийдвэрийн биелэлтийг хариуцсан сайд гарын үсэг зурна.
2. Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно.

Дөчин зургадугаар зүйл

1. Монгол Улсын яам, төрийн бусад албан газрыг хуулийн дагуу байгуулна.
2. Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын иргэн байх бөгөөд Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж ард түмнийхээ тусын тулд, иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан ажиллана.
З. Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтооно.

ДӨРӨВ. ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ


Дөчин долдугаар зүйл
1. Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.
2. Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно.
З. Шүүхийг зөвхөн Үндсэн хууль, бусад хуулийн дагуу байгуулна.

Дөчин наймдугаар зүйл

1. Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно. Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.
2. Шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.
З. Шүүх улсын төсвөөс санхүүжинэ. Шүүх үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана.

Дөчин есдүгээр зүйл

1. Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.
2. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.
З. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана.
4. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ.
5. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.

Тавьдугаар зүйл

1. Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/ хуулиар харьяалуулсан эрүүгийн хэрэг, эрх зүйн маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх;
2/ давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх;
З/ хууль, түүнд заасан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах талаар Үндсэн хуулийн цэц, Улсын ерөнхий прокуророос шилжүүлсэн асуудлыг хянан шийдвэрлэх;
4/ Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах;
5/ хуулиар эрх олгосон бусад асуудлыг шийдвэрлэх.
2. Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. Улсын дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ.
З. Улсын дээд шүүх, бусад шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй, албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй.

Тавин нэгдүгээр зүйл

1. Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ.
2. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар, бусад шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор тус тус Ерөнхийлөгч томилно. Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно.
З. Хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан, Монгол Улсын гучин таван нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр; хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан, Монгол Улсын хорин таван нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно.
4. Үндсэн хууль, шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно.

Тавин хоёрдугаар зүйл
1. Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ.
2. Анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчдийг хуульд заасан журмын дагуу оролцуулна.
З. Хуульд тусгайлан зүйлчилж заасан зарим хэргийг шүүгч дангаар хянан шийдвэрлэж болно.

Тавин гуравдугаар зүйл

1. Шүүн таслах ажиллагааг монгол хэлээр явуулна.
2. Монгол хэл мэдэхгүй хүнд хэргийн баримт сэлтийг хэлмэрчлүүлэн бүрэн танилцуулах бөгөөд шүүх хуралдаан дээр эх хэлээр нь үг хэлэх эрх олгоно.
Тавин дөрөвдүгээр зүйл
Хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд шүүх хэргийг ил таслан шийдвэрлэнэ.

Тавин тавдугаар зүйл

1. Шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхтэй.
2. Шүүгдэгчид энэ эрхээ эдлэхэд хүсэлтээр нь буюу хуульд зааснаар хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлнэ.

Тавин зургадугаар зүйл

1. Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно.
2. Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг Улсын Их Хуралтай зөвшилцөн Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар томилно.
З. Монгол Улсын прокурорын байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.


Дөрөвдүгээр бүлэг



МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ

ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГА

Тавин долдугаар зүйл

1. Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана.

2. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгоны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.

З. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан тухайн нутгийн Хурал, иргэдийн саналыг үндэслэн Улсын Их Хурал шийдвэрлэнэ.

Тавин наймдугаар зүйл

1. Аймаг, нийслэл, сум дүүрэг бол хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн.

2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн хилийн цэсийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал батална.

Тавин есдүгээр зүйл

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ.

2. Нутгийн өөрөө удирдах байгууллага бол аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал, тухайн Хурлын хуралдааны чөлөө цагт түүний Тэргүүлэгчид мөн.

З. Аймаг, нийслэлийн Төлөөлөгчдийн Хурлыг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно. Эдгээр Хурлын болон сум, дүүргийн хурлын төлөөлөгчдийн тоо, сонгох журмыг хуулиар тогтооно.

Жардугаар зүйл

1. Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрт төрийн удирдлагыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга хэрэгжүүлнэ.

2. Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд; сум, дүүргийн Засаг даргыг харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга; баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно.

З. Ерөнхий сайд буюу дээд шатны нэгжийн Засаг дарга доод шатныхаа нэгжийн Засаг даргад нэр дэвшигчийг томилохоос татгалзвал энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар дахин нэр дэвшүүлж томилтол өмнөх Засаг дарга бүрэн эрхээ хэвээр хадгална.

Жаран нэгдүгээр зүйл

1. Засаг дарга тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхийн хамт засаг төрийн төлөөлөгчийн хувьд харьяа нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газар, харьяалах дээд шатныхаа байгууллагын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг Засгийн газар, дээд шатны Засаг даргын өмнө хариуцна.

2. Засаг дарга тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлын шийдвэрт хориг тавих эрхтэй.

З. Тавьсан хоригийг нь Хурал өөрийн төлөөлөгчдийн олонхийн саналаар няцаасан нөхцөлд Засаг дарга уул шийдвэрийг биелүүлэх боломжгүй гэж үзвэл огцрох хүсэлтээ зохих Хурал, Ерөнхий сайд буюу харьяалах дээд шатны Засаг даргад гаргаж болно.

4. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын ажлын алба нь тамгын газар мөн. Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газар нэг бүрчлэн буюу нэг маягаар тогтооно.

Жаран хоёрдугаар зүйл

1. Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна.

2. Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно.

З. Улсын Их Хурал, Засгийн газраас шаардлагатай хэмээн үзсэн тохиолдолд өөрийн бүрэн эрхэд хамаарах зарим асуудлыг шийдвэрлүүлэхээр аймаг, нийслэлийн Хурал, Засаг даргад шилжүүлж болно.

Жаран гуравдугаар зүйл

1. Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурал эрх хэмжээнийхээ дотор тогтоол, Засаг дарга захирамж гаргана.

2. Хурлын тогтоол, Засаг даргын захирамж нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, харьяалах дээд шатны байгууллагын шийдвэрт нийцсэн байх бөгөөд түүнийг тус тусын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөнө.

З. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын эрх хэмжээ, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.


Тавдугаар бүлэг



МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ

Жаран дөрөвдүгээр зүйл
1. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн.
2. Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна.
З. Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана.

Жаран тавдугаар зүйл
1. Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно.
2. Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэнийг томилно.
З. Үндсэн хуулийн цэцийн даргаар есөн гишүүний аль нэгийг гурван жилийн хугацаагаар гишүүдийн олонхийн саналаар сонгоно. Түүнийг нэг удаа улируулан сонгож болно.
4. Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал эгүүлэн татаж болно.
5. Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүнд Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн шүүгч орж үл болно.

Жаран зургадугаар зүйл
1. Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар буюу Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр хянан шийдвэрлэнэ.
2. Үндсэн хуулийн цэц энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дараахь маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд оруулна:
1/ хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;
2/ ард нийтийн санал асуулга, Улсын Их Хурал, түүний гишүүний ба Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;
З/ Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчсөн эсэх;
4/ Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдыг огцруулах, Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх.
З. Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2-т заасны дагуу оруулсан дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй бол Үндсэн хуулийн цэц дахин хянан үзэж эцсийн шийдвэр гаргана.
4. Хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ нь Үндсэн хуульд нийцээгүй гэж Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргавал зохих хууль, зарлиг, батламж, шийдвэр хүчингүй болно.

Жаран долдугаар зүйл
Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно.




МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ

Жаран наймдугаар зүйл
1. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгыг хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтан гаргах бөгөөд саналыг Үндсэн хуулийн цэц Улсын Их Хуралд өргөн мэдүүлж болно.
2. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Улсын Их Хурлын гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар ард нийтийн санал асуулга явуулж болно. Санал асуулгыг Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 16-д заасан үндэслэлийн дагуу явуулна.

Жаран есдүгээр зүйл

1. Үндсэн хууль, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар батална.
2. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хуралд хоёр удаа авч хэлэлцэхэд ийнхүү нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн санал авч эс чадвал уул төслийг ээлжит сонгуулиар сонгогдсон Улсын Их Хурлын шинэ бүрэлдэхүүн ажлаа эхэлтэл дахин авч хэлэлцэхгүй.
З. Улсын Их Хурал ээлжит сонгууль явуулахын өмнөх зургаан сарын дотор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж үл болно.
4. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй байна.

Далдугаар зүйл
1. Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.
2. Монгол Улсын Үндсэн хуулийг 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 12 цаг буюу арван долдугаар жарны усан бичин жилийн хаврын тэргүүн хар барс сарын шинийн есний идрийн барилдлагаатай өлзийт сайн шар морин өдрийн морин цагаас эхлэн улс даяар дагаж мөрдөнө.
Мэдэгтүн, сахигтун!

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурал
1992 оны нэгдүгээр сарын 1З-ны өдрийн 11 цаг З5 минут
Улаанбаатар хот