Search This Blog

Friday, February 15, 2013

УГИЙН БИЧИГ ХӨТЛӨХ ЖУРАМ

2009 оны 10-р сарын 13, Нийтэлсэн chinzo

                                                         Нэг. Нийтлэг үндэслэл
          1.1. Соёлын  тухай  хуулийн 5 дугаар зүйлийн 3-т заасан гэр бүлийн соёл, хүмүүжлийн уламжлалыг дээдлэн хөгжүүлж, удам   угсаагаа мэдэх, угийн бичиг хөтлөх Монгол Улсын иргэний үүргийг биелүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэхэд энэхүү журмыг мөрдөнө. 
          1.2. Монгол Улсын иргэн бүр "Угийн бичиг хөтлөх үлгэрчилсэн загвар*"-ыг баримтлан өөрийн ураг төрлийн хамаатлын хүрээгээ тогтоож, үр удамдаа заавал өвлүүлдэг үүрэг хүлээнэ.
          1.3. Монгол Улсын иргэн бүр угийн бичгээ үндэслэн аливаа хэлбэрийн төрөл ойртсон гэрлэлтээс зайлсхийх, эрүүл саруул удамтай байхын төлөө тэмцэх явдал нь монгол хүний хөгжилд оруулж байгаа үнэт хувь нэмэр мөн.
          1.4. Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга  харьяа нутаг дэвсгэрийн нийт өрхийн хэмжээнд өрх бүрийг угийн бичиг хөтлүүлэх ажлыг хариуцан зохион байгуулах үүрэг хүлээнэ.
                                                          Хоёр. Овог хэрэглэх
           2.1.  Монгол Улсын иргэн бүхэн өөрийн овогтой байна.
           2.2. Монгол  Улсын  иргэн  өөрийгөө  илэрхийлэх  аливаа  баримт бичигт эцгийн овгийг хэрэглэнэ. Гэр бүл болох тохиолдолд эцэг, эхийн овгийг адил эрхтэйгээр тооцно.
           2.3. Өвөг дээдсээсээ уламжлан ирсэн эцгийн овгийг мэддэг хүмүүс түүнийгээ шууд хэрэглэнэ.
           2.4. Өөрийн эцгийн овгийг мэддэггүй болон бутач, бусдад үрчлэгдсэн хүн эхийн овгийг хэрэглэж болно.
           2.5. Эцэг, эхийнхээ овгийг мэддэггүй хүн дор дурдсанаар   овгоо мэдэж хэрэглэнэ:
       а/өөрийн сум, аймгийн болон бусад газрын архивт хадгалагдаж байгаа нутгийн хүн амын бүртгэл, угийн бичиг,  хүмүүсийн намтар зэрэг баримтыг судлах;
_______________
*Энэ загварыг соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага 
 батална.
   б/уугуул  нутагт  нь  хэрэглэдэг  овгийн  талаар "Овгийн товч намтар"-аас олж тодруулах, тэдгээрээс чухам аль нь өөрийн өвөг дээдсийн болон эцэг, эхийн овог болохыг нутгийн ахмад настан, сайн мэдэх хүнээс лавлан тогтоох;
   в/энэхүү журмын 2.5-ын "а", "б"-д заасны дагуу овгоо тогтоох боломжгүй бол өөрийн уугуул нутагт байдаг овгоос аль нэгийг үзэмжээрээ сонгон авах.
           2.6. Энэхүү журмын 2.5-д заасны дагуу овгоо олж хэрэглэх боломжгүй тохиолдолд дор заасныг үндэслэн зохиомол овог шинээр үүсгэн хэрэглэж болно:
   а/тухайн удмын голлон эрхлэж байсан аж ахуй, онгон шүтээн, тамга, эрхэлдэг ажил үйлс, бусдаас ялгагдах өвөрмөц онцлогийг тусгасан нэр бүхий овог үүсгэх (жишээлбэл: Ямаат Болдын Бат, Анчин Сумъяагийн Энхтуяа гэх мэт);
   б/төрөл садны холбоотой хүмүүс нутагтаа олны дунд алдаршсан цол, хэргэм зэргийг овог болгох;
  в/өөрөө болон өвөг дээдэс нь олон үе нутаглаж ирсэн уугуул газар, уул, усны нэрийг овог болгох (жишээлбэл: Булнайн Доржийн Жав, Сутай Лувсандоржийн Баатархүү, Мэнэн Дашдоржийн Мөнхцэцэг гэх мэт);
   г/монголд ястан, угсаатан, үндэстний гаралтай овог  байдаг уламжлалын дагуу шинээр овог үүсгэх.
           2.7. Зохиомол шинэ овог үүсгэх, эсхүл тухайн нутагт байгаа овгоос өөрөө овгоо сонгосон нөхцөлд төрөл садны холбоотой бүх хүн заавал нэгдмэл байдлаар хэрэглэнэ.
           2.8. Хадамд гарсан эмэгтэй уламжлал ёсоор өөрийн овгийг                                                                           хэрэглэнэ.
           2.9. Бутач, өргөмөл, хойд эцэгтэй хүүхдийг төрүүлсэн эцэг   буюу эхийнх нь овгоор овоглоно.
           2.10. Монгол Улсын иргэн нь овог хэрэглэсэнтэй  холбогдуулан иргэний үнэмлэх, гадаад паспорт, төрсний гэрчилгээ, гэр бүлийн бүртгэл, улсын хэмжээний хүн амын тооллого, бүртгэлийн маягт зэрэг баримт бичигт гурван нэр (овог, эцгийн нэр, өөрийн нэр)-ийг хэрэглэнэ.
                                                     Гурав. Угийн бичиг хөтлөх
          3.1. Монгол Улсын өрх бүр угийн бичиг заавал хөтөлнө.
          3.2. Өрх бүр угийн бичгээ дор дурдсан дарааллаар бичиж хөтөлнө:
             а/өрх бүр эхлээд өөрийн гэр бүлийн бичиглэлээ үйлдэнэ;
             б/өөрийн гэр бүлээс төрсөн хүүхэд, тэдгээрээс удамласан бүх гэр бүлийг хамгийн ахмадаас эхлэн үе удмын буурах дарааллыг баримтлан угийн бичиглэлд хамруулна;
             в/өөрөөсөө дээшхи үе удмын угийн бичиглэлийг нөхөр, эхнэрийн талаар дээш нь салбарлуулан үе удмын өсөх дарааллыг баримтлан мэдэхгүй үе удмаа хүртэл хөтөлнө.
                                                     Дөрөв. Угийн зураглал хөтлөх
          4.1. Монгол Улсын насанд хүрсэн иргэн бүр хоорондоо цусан төрлийн холбоотой өөрөөс дээш, доош үе удмын ураг төрлийн хамаатлын тухай угийн бичиглэлийг шалгаж нэгдсэн үнэн зөв бичиглэлийг тогтооно.
          4.2. Нэгдсэн байдлаар тогтоосон угийн бичгээ "Угийн бичиг хөтлөх үлгэрчилсэн загвар"-т тулгуурлан угийн зураглалын хэлбэрт оруулна.
          4.3. Монгол Улсын өрх бүр угийн бичгээ зайлшгүй оруулах мэдээллээр баяжуулан, энэхүү журмын 4.2-т заасан зураглалын хамт хадгалж, үр удамдаа дамжуулан өвлүүлнэ.
                   
                                                     Тав. Угийн бичгийг баяжуулах, өвлүүлэх, хэрэглэх
          5.1. Монгол Улсын өрх бүр үр хүүхэддээ багаас нь өөрийн гэр бүлийн угийн бичгийг угийн зураглалын хамт таниулан тайлбарлах, зохих мэдлэг олгох үүрэгтэй.
          5.2. Монгол Улсын иргэн угийн бичигтээ тулгуурлан гэр бүлээ сонгох зарчмыг мөрдөж, дараахь зүйлийг онцгой анхаарч хэрэгжүүлнэ:
             а/эцэг (жишээ нь: олхонууд/шарнууд),
         эх (жишээ нь: боржигон/булгадар)-ийн овгуудыг бүрдэхэд аль нэг овог оролцсон хүмүүс хоорондоо үл гэрлэх;
             б/угийн бичгээр өөрөөсөө дээш арван үе удмын доторхи ураг төрлийн хамаатлын хүрээгээ тогтоох боломжгүй нэг сум, багийн уугуул иргэд хоорондоо гэрлэхгүй байх зарчим баримтлах;
             в/өөрийн уугуул сум, багтай хил залгаа зэрэгцээ сум, багийн иргэд хоорондоо гэрлэхгүй байх зарчим баримтлах.