Search This Blog

Sunday, January 10, 2010

БҮГД НАЙРАМДАХ ПОЛЬШ УЛС

МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ ПОЛЬШ УЛСЫН ХАРИЛЦААНЫ ТОВЧ ЛАВЛАХ

1950 оны 4 дүгээр сарын 14-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд манай улс 1959 онд Варшавт, польшийн тал 1960 онд Улаанбаатарт ЭСЯ-аа тус тус нээн ажиллуулжээ. БНПУ санхүүгийн бэрхшээл дурдаж, 1995 онд Улаанбаатар дахь ЭСЯ-аа хаасан, дараагаар нь ЭСЯ-аа сэргээх шийдвэрийг 1999 онд гаргажээ.

Хоёр оронд ардчилсан үйл явц идэвхтэй өрнөсөн 1990-ээд оноос эхлэн харилцаа, хамтын ажиллагааг шинэ зарчимд нийцүүлэн сэргээх чиглэлд ажиллаж байна. Тэрчлэн манай талаас парламентын шугамаар төлөөлөгчид 1991- 2003 онуудад 4-5 удаа, Гадаад харилцааны дэд сайд 1995 онд, УИХ-ын дарга 1997 онд, Монгол Улсын Ерөнхийлөгч 1999 онд, Эрүүл мэндийн сайд 2005 онд тус тус Польшид, Польшийн талаас Польшийн Сенатын дэд маршал 1991 онд, Сенатын маршал 1995 онд, Польшийн парламентын төлөөлөгчдийн 1999, 2004 онд, Гадаад хэргийн сайд 2004 онд тус тус манай улсад айлчилсан.

Найрамдал хамтын ажиллагааны тухай 1975 оны Гэрээ, Эдийн засаг, ШУТ-ийн хамтын ажиллагааг 2000 он хүртэл хөгжүүлэх тухай урт хугацааны Программыг тус тус 1993 онд цуцалсан. Монгол, Польшийн шинэ үеийн харилцааны эрх зүйн үндсийг бүрэлдүүлэх ажил аажим боловч хийгдэж байна. Тухайлбал, “Хөрөнгө оруулалтыг харилцан дэмжих, хамгаалах тухай хэлэлцээрт” (1995), “Орлогын ба хөрөнгийн татварыг давхардуулан олгохгүй байх тухай хэлэлцээрт” (1997), “Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах тухай хэлэлцээр” (1997), Хоёр орны иргэдэд эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх шинэ гэрээ (1998) Соёл, боловсрол, ШУТ-ийн салбарт хамтран ажиллах хэлэлцээр(1999) зэрэг хэлэлцэрүүдийг байгуулаад байна.

Хоёр орны худалдааны анхны Хэлэлцээр 1957 онд байгуулагдсан түүхтэй. Сүүлийн жилүүдэд худалдааны эргэлт жилд 6-7 сая орчим ам.доллар байгаа. Худалдаанд манай импорт 90 гаруй хувь байгаа ба ихэвчлэн хүнсний бүтээгдэхүүн, өргөн хэрэгцээний бараа, барилгын материал оруулж байна.

2004 оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсаас 72,7 мянган ам.долларын бараа экспортлож, 3471,5 мянган ам.долларын бараа бүтээгдэхүүн импортоор оруулж ирээд байна. 2004 оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсад БНПУ-ын дагнасан болон хамтарсан хөрөнгө оруулалттай 16 компани нийт 1782 мянган ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийгээд байгааг салбараар нь авч үзвэл аялал жуулчлал, МАА-н гаралтай түүхий эдийн боловсруулалт, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, худалдаа, нийтийн хоол, инженерийн барилга байгууламж, барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт хамгийн их хөрөнгө оруулалт хийгдсэн байна.

Хоёр улсын хооронд соёл, ШУТ-ийн талаар хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын Хэлэлцээр анх 1958 онд байгуулагдаж, 1974 онд шинэчлэгджээ. 1960-аад оноос хойш Польшийн их, дээд сургуулиудыг манай 200 орчим оюутан төгссөн бөгөөд одоо 47 оюутан, 5 аспирант суралцаж байна.

No comments:

Post a Comment