Search This Blog

Saturday, January 9, 2010

Камбожийн Вант Улс

Камбожийн Вант Улс
Дипломат харилцаа тогтоосон огноо: 1960-11-30

МОНГОЛ, КАМБОЖИЙН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ ТОВЧ ЛАВЛАХ

1283 онд Кампучи Юан улсад алба төлж байснаар Монгол, Кампучийн харилцаа эхэлсэн гэж түүхчид үздэг байна.

1960 оны 11 дүгээр сарын 30-нд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосон.

1960-1970 онд 1960 оны 12 дугаар сард Камбожийн Вант Улсын төрийн тэргүүн Н.Сианук манай оронд айлчилж хамтарсан мэдэгдэл гаргасан.

1969 оны 4 дүгээр сард Гадаад Явдлын яамны нэгдүгээр орлогч сайд Б.Жаргалсайхан тэргүүтэй төлөөлөгчид Камбожид албан ёсоор айлчилсан.

1970 онд Лон Нол тэргүүтэй цэргийн эрхтнүүд төрийн эргэлт хийж Бээжинд Нородом Сианукаар толгойлуулсан Камбожийн Үндэсний эв нэгдлийн засгийн газар байгуулагдсан. Энэ нөхцөлд, “Камбожийн үндэсний эв нэгдлийн вангийн засгийн газар болон Лон Нолын засгийн газрын аль алинтай нь албан ёсны харилцаа барихгүй байх, харин олон нийтийн байгууллагын шугамаар Үндэсний нэгдсэн фронттой харилцаж байх чиглэл баримтлах” тухай МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны тогтоол гарсан.

1975 онд Лон Нолын дэглэм бут цохигдож, Үндэсний нэгдлийн вангийн засгийн газар байгуулахад БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчид, Сайд нарын Зөвлөлөөс баяр хүргэж байсан бөгөөд удалгүй өөрсдийгөө коммунист гэж нэрлэсэн Пол Потын улаан кхемерийн дэглэм тогтсон байна.

Пол Потын дэглэмийн үед хоёр орон ямар ч харилцаагүй байв.

1979 оны 1 дүгээр сарын 7-нд Камбожид Пол Потын дэглэмийн ноёрхлыг түлхэн унагаж, Камбожийн Ардын хувьсгалт Зөвлөл байгуулав. Улс үндсээ аврах нэгдмэл фронтын Төв Хороо, Камбожийн ард түмэнд хандаж явуулсан БНМАУ-ын Засгийн газрын илгээлтэд “ Камбожийн Ардын Хувьсгалт Зөвлөл нь ард түмнийхээ зориг эрмэлзлийг жинхэнэ ёсоор илэрхийлэгч, Камбожийн хууль ёсны засгийн газар гэж албан ёсоор хүлээн зөвшөөрч ” байгаагаа мэдэгдсэн байна.

1979 оны 12 дугаар сард Камбожийн улс үндсээ аврах Нэгдмэл фронтын Төв Хороо, Камбожийн Ардын Хувьсгалт Зөвлөлийн урилгаар Ж.Батмөнх тэргүүтэй БНМАУ-ын нам, засгийн төлөөлөгч Камбож улсад албан ёсны найрсаг айлчлал хийж, Монгол, Камбожийн хамтарсан Тунхаглалд гарын үсэг зуржээ.

1980 онд МХЗЭ-ийн Төв Хорооны нарийн бичгийн дарга Х.Гүржав тэргүүтэй төлөөлөгчид Камбожид, Камбожийн хувьсгалт Залуучуудын эвлэлийн төлөөлөгчид МХЗЭ-ийн их хурлуудад ирж оролцож байжээ.

1981 онд Сайд нарын Зөвлөлийн дарга Ж.Батмөнх тэргүүтэй төлөөлөгчид Камбожид айлчилж Найрамдал, хамтын ажиллагааны тухай гэрээг байгуулсан. Монголын талын санаачлагаар 1994 онд хоёр тал олон улсын харилцааны шинэлэг нөхцөлд харилцааг шинэ агуулгаар хөгжүүлэх үүднээс 1994 оны 1 дүгээр сарын нэгнээс дээрх гэрээг хүчингүй болгохоор тохиролцож ноот солилцсон.

1981 оны 12 дугаар сард КАХН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНКАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Хенг Самрин тэргүүтэй төлөөлөгчид БНМАУ-д албан ёсны найрсаг айчлал хийж, БНМАУ, БНКАУ-ын хоорондын Найрамдал, хамтын ажиллагааны тухай Гэрээ, Соёл, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай Хэлэлцээрт тус тус гарын үсэг зурсан байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тэр үед КАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүн. Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, ГЯЯ-ны сайд байсан Хун Сен оролцон ирсэн байна.

Эдгээр айлчлал нь хоёр орны харилцааг өргөжүүлэх нөхцөлийг бүрэлдүүлсэн бөгөөд төр, засгийн болон нам, олон нийтийн бүх байгууллагуудын хооронд ажил төрлийн харилцаатай байсан.

1983 онд МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв Хорооны нарийн бичгийн дарга Д.Моломжамц тэргүүтэй АИХ-ын төлөөлөгчид БНКАУ-ын Үндэсний Хурлын урилгаар, мөн онд Батлан хамгаалах яамны сайд Ж.Ёндон тус тус айлчилсан. 1984 онд Кампучийн ХААЯ-ны хэлтсийн дарга тэргүүтэй 4 хүний бүрэлдэхүүнтэй намын ажилтны төлөөлөгчид Монгол Улсад айлч илсан.

1984 онд Камбожийн Эмэгтэйчүүдийн холбооны дарга Меан Сам Ан, Боловсролын яамны сайд Пен Навут тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилсан бөгөөд 1982 оноос Камбожийн оюутнууд Монголын их, дээд сургуулиудад суралцах болсон.

Мөн онд МОНЦАМЭ, Камбожийн СПК агентлагийн хооронд хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулсан.

1985 оны 3 дугаар сард Гадаад явдлын яамны сайд М.Дүгэрсүрэн БНКАУ-д албан ёсны айлчлал хийж ГЯЯ-дын хоорондын хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурсан. Тус тохиролцооны хүрээнд хэлтсийн дарга Ж.Чойнхор 1986 онд Камбожид айлчилсан.

1986 онд АИХ-ын урилгаар БНКАУ-ын Үндэсний Хурлын орлогч дарга, Үйлдвэрчний эвлэлийн дарга Мат Ли тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилсан. Мөн онд МХЗЭ-ийн Төв Хорооны 1 дүгээр нарийн бичгийн дарга Ц.Нарангэрэл тэргүүтэй төлөөлөгчид БНКАУ-д айлчилж хоёр орны залуучуудын байгууллагын хооронд 1986-1990 онд хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурсан.

1986 оноос хоёр орны хооронд соёлын төлөвлөгөө байгуулах болсон.

1987 онд МАХН-ын Төв Хорооны Гадаад харилцааны хэлтсийн орлогч эрхлэгч Х.Бэхбат, КАХН-ын Төв Хорооны Гадаад харилцааны орлогч эрхлэгч Праш Суп тэргүүтэй төлөөлөгичд харилцан айлчилсан.

1990-ээд оноос хойш хоёр орны харилцаа үндэсний баяруудаар харилцан баяр хүргэх хэмжээнд явж иржээ.

Тусламж: Манай улс Камбож улсад хоёр удаа эд материалын бүгд 5.3 сая төгрөгийн буцалтгүй тусламжийг Засгийн газрын хүсэлтийн нь дагуу олгосон байна.

Үүнээс гадна, мөн Камбожийн талын хүсэлт ёсоор 1982 оноос эхлэн оюутан, төлөөлөгчдийн зардлыг хариуцах чиглэл баримталж эхэлсэн бөгөөд энэ нь буцалтгүй тусламжийн хэлбэрээр санхүүжигдэж ирэв. 1982-1990 онд дээрх чиглэлд 4.1 сая төгрөг зарцуулжээ. Камбожийн сүүлчийн оюутан 1997 онд төгсжээ.

Монгол Улс, Камбожийн Вант Улс нь уламжлалт, найрсаг харилцаатай бөгөөд сүүлийн жилүүдэд манай улс АНД бүс нутгийн улс орнуудтай харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх зорилтыг гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэлийн нэг болгосны үндсэн дээр тус улстай хэлхээ холбоогоо идэвхжүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагуудын хүрээнд хамтран ажиллах чиглэлээр ажиллаж байна.

2003 онд АСЕАНы бүсийн чуулга / АРФ /-ын тэргүүний хувьд Камбожийн ГХ-ийн сайдаас гаргах мэдэгдэлд өөрийн улсын байр суурийг илэрхийлэх, АРФ-ын ГХСайд нарын зөвлөлгөөн болон ахлах түшмэдүүдийн уулзалтад манай төлөөлөгчдийг оролцуулах зэрэгт Камбож Улсын дэмжлэгийг авах, ЭҮНХ -ний дээд хэмжээний чуулганы үеэр хоёр орны Ерөнхий сайд нарыг уулзуулах ажлуудыг камбожийн талтай хамтран зохион байгууллав.

НҮБ болон түүний системийн байгууллагуудын хүрээнд хоёр тал харилцан бие биенээ дэмжин хамтран ажиллаж ирсэний зэрэгцээ манай улс АСЕАН, АПЕК, АСЕМ зэрэг бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагын үйл ажиллагаанд оролцох, гишүүнээр элсэх асуудал яригдах үед Камбож Улсын дэмжлэгийг авах хүсэлтэй байдгаа илэрхийлж ирсэнийг камбожийн тал ойлгодог.

Хоёр талын харилцаа улс төрийн салбарт хэвийн явагдаж байгаа боловч Азийн Бүддистуудын Энх тайвны бага хурлын шугамаар зохиогддог арга хэмжээнүүдийн хүрээнд хоёр орны шашны байгууллагууд хамтран ажилладагийг эс тооцвол бусад салбарт үндсэндээ зогсонги байдалтай байгаа болно.

No comments:

Post a Comment