Search This Blog

Saturday, January 9, 2010

Америкийн Нэгдсэн Улс

Америкийн Нэгдсэн Улс
Дипломат харилцаа тогтоосон огноо: 1987-01-27

MОНГОЛ УЛС, АНУ-ЫН ХАРИЛЦАА

Мoнгoл Улс, АНУ–ын хooрoнд 1987 oны 1 дүгээр сарын 27–нд диплoмат харилцаа тoгтooсoн. АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Памела Ж. Слүц 2003 оны 9 дүгээр сарын 4-нд Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барив. Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Р.Болд АНУ-ын Ерөнхийлөгчид 2003 оны 2 дугаар сарын 26-нд ИЖБ-ээ барьснаар үүрэгт ажилдаа орсон. Америкийн тал байнгын ЭСЯ–аа 1988 oны 4 дүгээр сард Улаанбаатарт, манай улс байнгын ЭСЯ–аа Вашингтoнд 1989 oны 3 дугаар сард тус тус нээсэн байна.

Дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж ирсэн бөгөөд 1990 oнooс Мoнгoл oрoнд ардчилал, шинэчлэлийн үйл явц идэвхжин гүнзгийрэхийн хэрээр Мoнгoл Улсыг дэмжсэн АНУ–ын байр суурь улам батжиж, хoёр oрны харилцаа түргэн хөгжиж, улс төрийн яриа хэлцээний түвшин өндөр шатанд хүрлээ. Сүүлийн үед хоёр талын өндөр, дээд хэмжээний яриа хэлцээ тогтмолжиж байна. Тухайлбал, Төрийн нарийн бичгийн даргын орлогч Р.Армитэж 2004 оны 1 дүгээр сард Монгол Улсад ажлын айлчлал хийсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Бушийн урилгаар 2004 оны 7 дугаар сарын 14-нөөс 21-нд Америкийн Нэгдсэн Улсад албан ёсны айлчлал хийв. АНУ-ын Төрийн туслах нарийн бичгийн дарга Ж.Келли 2004 оны 10 дугаар сарын 27-29-нд Монгол Улсад ажлын айлч лал хийв. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн АНУ-д хийсэн айлчлалын үеэр “Монгол Улс, АНУ-ын Хамтарсан мэдэгдэл” дээд хэмжээнд гарч хоёр талын харилцааг “стратегийн нийтлэг ашиг сонирхолд тулгуурласан иж бүрэн түншлэлийн” хэмжээнд хүргэн хөгжүүлэхээр тохиролцсон нь хоёр талын харилцааг бүхий л салбарт идэвхжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэв. АНУ-ын Конгресст “Америк-Монголын найрамдлын бүлэг” 2004 онд байгуулагдсан бөгөөд даргаар АНУ -ын Конгрессын гишүүн Жоү Питтс ажиллаж байна.

1991 онд байгуулсан худалдааны тухай хэлэлцээрээр хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг амжилттай хөгжүүлэх эрх зүйн үндсийг тавьсан билээ. 1999 оны 6 дугаар сард АНУ-ын Конгресс манай оронд худалдааны хэвийн нөхцлийг байнгын олгох шийдвэр гаргасан ба 2000 оны 7 дугаар сарын 1-ны өдрөөс эхлэн АНУ-ын Худалдааны хөнгөлөлтийн системд (GSP) Монголыг хамруулах шийдвэр гаргасан зэрэг нь хоёр орны худалдаа, хамтын ажиллагааг өргөн хөгжүүлэх таатай нөхцлийг бүрдүүлж байна.

Хоёр орны худалдаа жилээс жилд өсөн нэмэгдэж 2004 оны 10 сарын байдлаар хоёр орны гадаад худалдааны эргэлт 158672,3 сая ам. долларт хүрээд байна. Монгол Улсад 80 орчим АНУ-ын хөрөнгө оруулалттай хамтарсан компани ноос, ноолуур үйлдвэрлэл, газрын тосны эрэл хайгуул, уул уурхай болон оёдлын үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Монгол Улсад ардчилсан өөрчлөлт шинэчлэлийг гүнзгийрүүлэх, чөлөөт эдийн засгийн тогтолцоог бүрэлдүүлэхэд АНУ-ын Засгийн газар тусламж үзүүлж ирсэн. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг 1991 оноос хойш нийт 150 гаруй сая ам долларын буцалтгүй тусламжийг үзүүлээд байна. ОУХА-аас үзүүлсэн нийт тусламжаас 38 сая ам.долларыг эрчим хүчний салбарт олгосон. ОУХА нь 2000 оноос эхлэн Монгол Улсын хөдөөгий хөгжилд гол анхаарлаа хандуулах болсон бөгөөд жилийн нийт тусламжийнхаа тал хэсгийг нь Говийн бүсийн эдийн засгийн өсөлт Санаачилга төсөлд зарцуулж байна. Эдийн засгийн бодлогыг дэмжих” төслийн хүрээнд Монгол Улсын эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлийн бодлого боловсруулахад зөвлөгөө авах америкийн мэргэжилтнүүдийн баг ажиллаж байна. Монгол Улс нь АНУ-ын Мянганы сорилтын сангаас тусламж авах эрхтэй эхний 16 орны жагсаалтад багтсан болно.

АНУ-ын зарим төрийн бус байгууллага Монгол Улсад ардчиллыг гүнзгийрүүлэх, парламентыг бэхжүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлж байна. АНУ-ын Энх тайвны корпусын шугамаар 100 гаруй сайн дурынхан голчлон англи хэл сургах зорилгоор Монгол Улсад ажиллаж байна. Нийтийн эрүүл мэнд болон байгаль орчны ч иглэлээр Энхтайвны сайн дурынхан ажиллахаар тохиролцоод байна.

No comments:

Post a Comment