Search This Blog

Sunday, January 10, 2010

Бvгд Найрамдах Турк улс

МОНГОЛ, ТУРКИЙН ХАРИЛЦААНЫ ЛАВЛАХ

Монгол Улс, БНТУ-ын хооронд дипломат харилцаа 1969 онд тогтоосон ба Туркийн ЭСЯ 1996 онд Улаанбаатарт, Монголын ЭСЯ 1997 онд Анкарад тус тус нээгджээ.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд 1992, УИХ-ын дарга 1993, 2002 онд, Ерөнхийлөгч 1998, 2004 онд Туркт, БНТУ-ын ҮИХ-ын орлогч дарга 1994, Ерөнхийлөгч 1995, 2002 онд, Ерөнхий сайд 2005 онд Монголд албан ёсны айлчлал харилцан хийсэн ба эдгээр айлчлалуудын үеэр Монгол, Туркийн харилцааны эрх зүйн үндэс болсон олон чухал баримт бичигт гарын үсэг зурсан болно.

Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа 1992 оноос эрчимтэй хөгжиж эхэлсэн ба Монгол, Туркийн Засгийн газар хоорондын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны хороо 1994 онд байгуулагдсан. Мөн Монгол-Туркийн Бизнесийн Зөвлөл 1999 онд байгуулагдсан нь хоёр орны ажил хэрэгч хүмүүсийг холбох, хөрөнгө оруулалтыг Монголд оруулах зэрэгт дэмжлэг үзүүлж байна.

2004 онд хоёр орны худалдааны нийт эргэлт 2.123 мянган ам. доллар, үүнээс манай улсын экспорт 648.3 мянган ам. доллар, импорт 1.475 мянган ам. доллар болсон. Манай улсын экспортын дийлэнх хувийг өлөн гэдэс, давсаг гүзээ эзээлсэн ба импортод Туркээс чихэр, саван, тоног төхөөрөмж, нийтийн тээврийн моторт хэрэгсэл авсан байна. 2004 оны эцсийн байдлаар туркийн хөрөнгө оруулалттай 19 пүүс, компани Монголд үйл ажиллагаагаа явуулж байгаагийн 12 нь худалдааны чиглэлээр ажиллаж байна.

Сангийн яамнаас гаргасан тооцоогоор 1990-2004 онд Турк Улс нийтдээ 5,6 сая ам. долларын тусламжийг манай улсад олгоод байна. Тусламжийн 69 хувийг боловсролын салбарт, 13 хувийг уул уурхайн салбарт олгосон байна.

Туркийн тал 1992 оноос эхлэн өөрийн зардлаар монгол оюутныг хүлээн авч сургаж байна. Одоо туркийн 12 хотын их, дээд сургуулиудад монголын 460 гаруй охид, хөвгүүд эдийн засаг, менежмент, анагаах ухаан, хөнгөн үйлдвэрийн инженер зэрэг олон мэргэжлээр баклавр, магистрантур, докторантурт суралцаж байгаагийн 250 гаруй нь засгийн газрын шугамаар суралцаж байна. Тэрчлэн Улаанбаатар хот, Дархан-Уул аймаг, Баян- Өлгий аймагт байгуулсан Монгол-Туркийн хамтарсан сургуулиудад 600 гаруй хүүхэд суралцаж байна.

No comments:

Post a Comment