Search This Blog

Sunday, January 10, 2010

Бүгд Найрамдах Финланд Улс

МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ ФИНЛАНД УЛСЫН
ХАРИЛЦААНЫ ТОВЧ ЛАВЛАХ

Монгол Улс Бүгд Найрамдах Финланд Улстай 1963 оны 7 дугаар сарын 15-нд дипломат харилцаа тогтоосон. 1964 оноос элчин сайд нараа Москвагаас хавсруулан ажиллуулж ирсэн. Финландын элчин сайд манай улсыг 1994 оноос хойш төвөөсөө хавсрах болсон.

Анх 1985 онд Финландын парламентын төлөөлөгчид манай улсад, 1987 онд манай АИХ-ын төлөөлөгчид, 1997 онд УИХ-ын дарга, 1998 онд Эрүүл мэнд, нийгэм хамгааллын сайд, 1999 онд Гэгээрлийн сайд, 2000 онд Гадаад харилцааны сайд Финландад тус тус айлчилсан.

Хоёр орны хооронд худалдааг 1966 оноос эхлэн худалдааны нэгдэл, пүүсүүдийн шугамаар хийж байгаад улмаар Засгийн газар хоорондын Худалдааны хэлэлцээр 1974 онд байгуулсан боловч 1995 онд Финланд улс Европын Холбоонд нэгдэн орсноор хүчингүй болсон. Хоёр тал Хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг 2001 онд үзэглэсэн. Эдийн засаг, шинжлэх ухаан техникийн талаар хамтран ажиллах Монгол-Финландын Засгийн газар хоорондын хамтарсан комисс 1990 онд байгуулагдсан. Тус комисс эдүгээ 9 удаа хуралдаад байна. 2004 оны эхний 9 сарын байдлаар хоёр улсын хооронд нийт 1,8 сая ам.долларын худалдаа хийгдсэн байна.

Финландаас Монголд оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээ тун чамлалттай байгаа бөгөөд Финландын хөрөнгө оруулалттай /10 мянган ам.доллар/ нэг компани хөнгөн үйлдвэрийн салбарт бүртгэгдсэн байна.

1980-1990-ээд онд финландын зээл, тусламжаар цаг агаарын тандалтын сүлжээ байгуулах, нарны эрчим хүчийг ашиглах туршилт хийх, хүйтэн нөхцөлд авто зам тавих технологи турших, ойн түймрээс сэргийлэх болон нөхөн үржүүлэх, сүүний үйлдвэрийн технологийг шинэчлэх зэрэг нэлээд олон төсөл хэрэгжсэн.

Финланд Улс МУЗН-ийн шугамаар 1992 онд 500 000 фин. маркийн эм, хувцас, саван, Эрүүл мэндийн яамны шугамаар 1991 онд 1 сая орчим ам. долларын 37 нэрийн эм, эмнэлгийн багаж төхөөрөмж, 1996 онд түймрийн хохирол арилгахад зориулан 50 мянган ам. долларын тусламж, 2000 онд манай зарим аймаг, сумдад тохиолдсон байгалийн гамшгийг даван туулахад зориулан Финландын Засгийн газар 25 мянган ам.доллар, Финландын Улаан загалмайн нийгэмлэг 35 мянган ам.долларыг хүмүүнлэгийн тусламжийн хэлбэрээр тус тус олгосон.

Хоёр орны соёлын харилцаа 1970-аад оноос эхэлж, 1980 оноос соёлын хамтын ажиллагааны хоёр жилийн төлөвлөгөө байгуулан хэрэгжүүлж ирсэн. Хоёр тал Соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт 2007 он хүртэл хамтран ажиллах хөтөлбөр байгуулахаар ажиллаж байна.

Финландын иргэн Брор Хенрик Яанкес Монгол Улсын Өргөмжит консулаар 2000 оны 8 дугаар сараас ажиллаж буй.

No comments:

Post a Comment