МОНГОЛ УЛС-ЕВРОПЫН ХОЛБООНЫ ХАРИЛЦАА
Монгол Улс Европын Холбоотой 1989 оны 8 дугаар сарын 1-ний өдөр дипломат харилцаа тогтоосон.
Монгол Улс 1992 оноос Европын Холбооны дэргэд ЭСЯ-аа нээн ажиллуулж байна. Европын Комиссын суурин төлөөлөгчийн газар Бээжингээс хавсран ажилладаг.
Монгол Улс, Европын Холбооны хооронд Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны Хэлэлцээрийг 1992 онд, Сүлжмэл, нэхмэл бүтээгдэхүүн худалдаалах тухай Хэлэлцээрийг 1995 онд (1998 онд энэ хэлэлцээрийн хугацааг сунгасан) Европын хөрөнгө оруулалтын банктай хамтран ажиллах Ерөнхий хэлэлцээрийг 1997 онд тус тус байгуулсан.
Европын Холбооны АЛА, ТАСИС хөтөлбөрийн хүрээнд 1992-2003 онд 55,2 сая еврогийн 90 гаруй төслийг Монгол Улсад амжилттай хэрэгжүүлж ирсэн. Европын Холбооны Ази, Латин Америкийн орнуудад зориулсан АЛА хөтөлбөрийн хүрээнд 1992-1993 онд мал эмнэлгийн албадыг бэхжүүлэх, стандартчилал, хэмжил зүй, чанарын хяналтын удирдлагын салбарыг хөгжүүлэх, менежментийг хөгжүүлэх, зах зээл судлалын хүрээлэнг дэмжих, сургалт явуулахад нийтдээ 8 сая евро буюу 10 орчим сая ам. долларын өртөг бүхий төслүүдийг Монголд хэрэгжүүлсэн. Дараагаар нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан орнуудад зориулсан тусгай ТАСИС хөтөлбөрт 1994 оны 1 дүгээр сараас хамрагдсан. ТАСИС хөтөлбөрийн хүрээнд гадаадын зөвлөх экспертүүд ажиллуулах, гадаад, дотоодод сургалт явуулах, танилцах аялал зохион байгуулах, тоног төхөөрөмж, сургалтын материал ирүүлэх, зарим тодорхой объектын хөрөнгө оруулалтын өмнөх судалгаа, техникэдийн засгийн үндэслэл боловсруулах зэрэг үндсэн ажлуудыг хийж ирсэн.
Монгол Улс 2004 оны 1 дүгээр сараас Европын Комиссын Ази, Латин Америкийн орнуудад зориулсан тусламжийн АЛА хөтөлбөрт хамрагдах болсон.
Монгол, Европын Холбооны хоорондын яриа, хэлэлцээний гол механизм бол 1993 оны 6 дугаар сард байгуулагдсан Монгол-Европын Холбооны Хамтын ажиллагааны хамтарсан Комиссын хуралдаан юм. Хамтарсан комиссын 8 дугаар хуралдаан болон худалдаа, эдийн засгийн дэд хорооны хуралдаан 2005 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Брюссель хотноо болж хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудыг хөндөж ярилцсан.
Европын Холбооноос 2006-2008 онд мөрдөх Худалдааны Хөнгөлөлтийн Ерөнхий системийн шинэ журам батлагдаж, энэ оны 7 дугаар сарын 1- нээс Монгол Улс “ GSP Plus” хэмээх хөнгөлөлт эдлэх орнуудын урьдчилсан жагсаалтад орсон болно. Ингэснээр тус хөнгөлөлтөд урьдчилан хамрагдсан 14 орны 7000 гаруй нэрийн барааг ЕХ-ны зах зээлд 7 дугаар сарын 1-нээс энэ оныг дуустал гаалийн татваргүй оруулах юм. Оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн зэрэг манай экспортын гол нэрийн бараа үүнд мөн хамрагдаж байна.
Монгол, Европын Холбооны хоорондын бараа эргэлтийн хэмжээ 2004 оны эхний 11 сарын байдлаар экспорт 99575.3 мянга, импорт 83022.6, нийт 182597.9 мянган ам.доллар байв. Европын Холбооны орнуудад мал амьтны гаралтай бүтээгдэхүүн, арьс ширэн түүхий эд, боловсруулсан арьс, ангийн үс, нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн голлон экспортолж, хүнсний бүтээгдэхүүн, химийн болон химийн үйлдвэрийн бүтээгдэхүүн оёмол, сүлжмэл эдлэл, машин тоног төхөөрөмж импортоор авч байна. 2004 оны эцсийн байдлаар 1991 оноос хойш Монгол Улсад Европын Холбооны орнуудаас дагнасан болон хамтарсан хөрөнгө оруулалттай 320 компани нийт 81,7 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийгээд байна.
2005 оноос Монгол Улс Европын Комиссоос зохион явуулж буй магистрын тэтгэлэг олгох “Иразмус Мундус” (Erasmus Mundus) хөтөлбөр болон дээд боловсролын байгууллагуудыг дэмжих “Эйжиа Линк” (Asia link) хөтөлбөрт хамрагдсан.
No comments:
Post a Comment