Search This Blog

Sunday, January 10, 2010

Япон улс

МОНГОЛ, ЯПОНЫ ХАРИЛЦАА

Монгол, Японы хооронд 1972 оны 2 дугаар сарын 24-нд дипломат харилцаа тогтоосон. Монгол Улсын Засгийн газар ЭСЯ-аа 1973 оны 12 дугаар сарын 24-нд Токио хотноо нээсэн.

1990-ээд он хүртэл өргөн бус боловч хэвийн хөгжиж ирсэн хоёр орны харилцаа,хамтын ажиллагаа 1991 онд Япон Улсын Ерөнхий сайд Т. Кайфу манай оронд албан ёсны айлчлал хийснээр бүх салбарт идэвхижиж, өнөөдөр ” иж бүрэн түншлэл”-ийн хэмжээнд өргөжиж байна.

Хоёр орны Засгийн газар, Парламент болон бусад түвшинд өндөр хэмжээний томоохон айлчлалууд хэрэгжив. 1998 оны 5 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Н. Багабанди Японд албан ёсоор айлчлах үеэр гаргасан Хоёр орны найрамдал, хамтын ажиллагааны тухай Хамтарсан мэдэгдэл нь иж бүрэн түншлэлийн харилцааг 21 дүгээр зуунд урт хугацаанд тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн улс төрийн баримт бичиг юм. Ерөнхийлөгч Н. Багабанди 2003 онд айлчлахдаа уг мэдэгдлийн үзэл санаа, агуулгыг шинээр баяжуулж, хоёр талдаа харилцан нотолсон нь чухал ач холбогдолтой болов.

Япон Улсын Засгийн газар манай оронд өрнөсөн ардчилсан өөрчлөлт, зах зээлийн эдийн засгийн шилжилтийн үйл явцыг хоёр талын харилцаанд төдийгүй олон улсын хэмжээнд тууштай дэмжиж ирсэн. Япон нь Монгол Улсын гол донор, хандивлагч орон.

Япон Улсын Засгийн газраас 1991- 2003 онд Монголд үзүүлсэн зээл, тусламж 128,2 тэрбум иен буюу ойролцоогоор 1,2 тэрбум ам,доллар байгаа нь манай улсад үзүүлсэн гадаадын зээл тусламжийн 70 орчин хувийг эзэлж байна. Жилд дундажаар 45-50 сая ам,долларын хөнгөлөлттэй зээл, 30-35 сая ам, долларын буцалтгүй тусламж, 10 гаруй сая ам,долларын техникийн хамтын ажиллагааны тусламж олгож байна.

Хоёр орны хооронд 1974 онд соёлын солилцооны тухай ноот бичиг солилцож, 1990 онд худалдааны тухай хэлэлцээр, 1993 онд агаарын харилцааны тухай хэлэлцээр, 2001 онд хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр, 2003 онд техникийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийг тус тус байгуулсан. 2004 оны эхний 10 сарын байдлаар хоёр орны худалдааны нийт эргэлт 83,3 сая ам,доллар, үүнээс импорт 64,6 сая, экспорт 18, 7 сая ам, доллар байна. Манай экспортод мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн зонхилж байхад, Японоос гол нь элэктрон бараа, автомашин, өргөн хэрэглээний бараа зэргийг авч байна.Өнөөдөр Монголд Японы 164 компани нийт 60 сая ам,долларын хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагаа явуулж байна.

Хоёр орны соёл, хүмүүнлэгийн болон бусад салбарын харилцаа өдрөөс өдөрт өргөжин хөгжиж байна. Одоогийн байдлаар Японд манай 500 гаруй оюутан суралцаж байна. Хүн солилцоо өргөжиж, 2002 онд манай улсад Японоос 10 мянга гаруй хүн, Монголоос 2000 гаруй Японд зорчсон байна.

No comments:

Post a Comment