Search This Blog

Sunday, January 10, 2010

Оросын Холбооны Улс


МОНГОЛ УЛС, ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ХАРИЛЦААНЫ ТОВЧ ЛАВЛАХ

1993 оны 1 дүгээр сарын 20-нд байгуулсан Монгол Улс, ОХУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Гэрээ нь өнөөгийн харилцааны эрх зүйн шинэ үндэс болсон бөгөөд тус Гэрээнд тусгасан зарчмуудыг хоёр талын сайн хөршийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд мөрдлөг болгож байна.

Монгол Улс ОХУ-тай харилцах асуудлыг гадаад бодлогынхоо тэргүүлэх ач холбогдолтой чиглэлийн нэг гэж үзэж, Гадаад бодлогын үзэл баримтлалдаа үүнийг тусгасан бөгөөд аль нэг орныг өрөөсгөлөөр дагалгүйгээр харилцааны тэнцвэрийг хангах, дэлхийн олон улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна.

Монгол- Оросын хооронд найрсаг харилцаа тогтоох тухай Монгол Улсын Ардын Засгийн газар, Зөвлөлийн Засагт Орос Улсын Засгийн газар хоорондын 1921 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн Гэрээгээр тус хоёр улсын харилцааны эрх зүйн үндэс анх тавигдаж, дипломат харилцаатай болжээ. Энэ гэрээг “Монгол, Оросын хоорондохи найрамдлын барилдлагааг байгуулах тухай Монголын Ардын Засгийн Газар ба Зөвлөлийн Засагт Орос Улсын Засгийн Газрын хэлэлцэн тогтоосон гэрээ бичиг” гэж албан ёсоор нэрлэдэг. Хоёр улс 1922 онд ЭСЯ-аа Улаанбаатар, Москвад харилцан нээсэн байна.

1991-2004 онд Монгол Улсын Ерөнхийлөгч 4 удаа, Монгол Улсын Ерөнхий сайд 5 удаа, УИХ-ын дарга 3 удаа, Монгол Улсын гадаад хэргийн сайд 4 удаа тус тус ОХУ-д айлчлал хийжээ. Мөн энэ хугацаанд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга, Төрийн Думын дарга тус тус 1 удаа, Гадаад хэргийн сайд 3 удаа Монгол Улсад айлчилжээ. Харин 1974 оны 11 дүгээр сараас хойш хуучин ЗХУ буюу ОХУ-аас төр, засгийн тэргүүний айлчлал хийгдээгүй байсан бөгөөд 2000 оны 11 дүгээр сард Монгол Улсад ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины хийсэн төрийн айлчлал, энэ үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны чиглэл, зорилтыг тодорхойлсон “Улаанбаатарын Тунхаглал”-д гарын үсэг зурснаас хойш Монгол Улс, ОХУ-ын харилцаа, хамтын ажиллагаа мэдэгдэхүйц идэвхижсэн гэж үзнэ. ОХУ-ын Засгийн газрын дарга М.М.Касьянов Монгол улсад 2002 оны 3 дугаар сард, 2003 оны 6 дугаар сарын сүүлчээр Ерөнхий сайд Н.Энхбаяр ОХУ-д албан ёсны айлчлал тус тус хийж улмаар хоёр орны гүйцэтгэх засаглалын төв байгууллагууд хоорондын харилцаа өмнөх үеэсээ идэвхижиж өргөн хүрээг хамрах болсон.

Москва хотноо 2005 оны 5 дугаар сард тэмдэглэх Эх орны дайны ялалтын 60 жилийн ойд зориулсан ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч урилгаар оролцоно.

Сүүлийн жилүүдэд Монгол Улс, ОХУ-ын субьектуудын харилцаа, хамтын ажиллагаанд мэдэгдэхүйц ахиц гарав. 1999-2004 оны хооронд ОХУ-ын БН Якут (Саха) БН Тува, БН Алтай улсуудын Засгийн газрын тэргүүн, Кемеров, Эрхүү, Чит мужуудын болон Алтайн хязгаарын захирагч нар Монгол Улсад, манай улсын Засгийн газрын тэргүүн, зарим гишүүд, Аймгийн Засаг дарга тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын зарим муж, бүгд найрамдах улсуудад харилцан айлчилж, Монгол Улсын Засгийн газрын байгууллагууд, ОХУ-ын субъектуудын хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж, тэдэнтэй худалдаа, эдийн засгийн шууд харилцаа хөгжүүлж байгаа нь харилцан ашигтай, үр дүнтэй болж байна. Монгол Улсын Ерөнхий сайд ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын эхэн хэсэгт буюу 2003 оны 6 дугаар сарын сүүлээр ОХУ-ын Чита, Эрхүү, Кемеров мужуудад зочилж орон нутгийн засаг захиргааны удирдагч нартай уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны өргөн цар хүрээтэй асуудлуудаар санал бодлоо солилцсон.

Монгол-Оросын Засгийн газар хоорондын Комиссын анхдугаар хуралдаан 1992 онд Улаанбаатар хотод болсноос хойш тус Комисс 10 удаа хуралдаж, тус хоёр улсын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, тулгамдсан асуудлуудыг цаг тухай бүрт нь хэлэлцэн шийдвэрлэх талаар тодорхой арга хэмжээ авч байна. Уг Комиссын ээлжит XI хуралдааныг 2005 оны 7 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөн, хоёр тал бэлтгэл ажлыг хангаж байна.

Монгол Улс, ОХУ-ын худалдааны нийт эргэлтийг 2004 оны байдлаар 279.9 сая ам.доллар болж, өмнөх оны мөн үеийнхээс 16.8 хувь буюу 35.8 сая доллараар өсчээ. Үүнд ОХУ-д нийлүүлсэн барааны үнийн дүнгийн 64.1 хувь нь жонш, 22.1 хувь нь үхрийн болон адууны мах байв. Энэ 2003 оны эхээр Монголд малын шүлхий өвчин гарч, оросын талаас долоон сарын турш хориг тавьсан явдал махны нийлүүлэлт буурахад нөлөөлсөн гол хүчин зүйл байлаа. Харин импортын хэмжээ 28.1 хувиар өссөн байна.

1999 оноос хойш Монгол-Оросын бизнес эрхлэгчдийн уулзалт удаа дараа зохион байгуулагдаж, эдгээрт оросын талаас 150 гаруй, монголын талаас нийт 100 пүүс компанийн төлөөлөгчид тус тус оролцов. ОХУ-тай хамтран ажилладаг манай бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд тохиолдож байгаа тарифийн болон тарифийн бус саад бэрхшээлийг арилгах асуудлаар оросын талтай худалдааг либералчлах ажлын хэсэг үйл ажиллагаагаа явуулж байна.

Хоёр орны хамтын ажиллагаанд “Эрдэнэт”, “Монголросцветмет” хамтарсан үйлдвэрүүд, хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэг чухал байр суурь эзэлж байна. Оросын хөрөнгө оруулалт бүхий 300 орчим аж ахуйн нэгж Монголд ажиллаж байгаа болно.

Хоёр улсын нийслэл хотуудын харилцаа хамтын ажиллагаа өргөжиж 2002 оны 9 дүгээр сард хамтын ажиллагааны Протоколд гарын үсэг зурж Улаанбаатар хотноо “Москва” хорооллыг барих ажил эхлээд байна.

Түүнчлэн, соёл, урлаг, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, спортын чиглэлээр хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжиж байгаа билээ.

ОХУ-ын Эрхүү, Улаан-Үд, Кызыл хотуудад манай Ерөнхий консулын газрууд үйл ажиллагаагаа тус тус явуулж байна.

No comments:

Post a Comment