Search This Blog

Sunday, January 10, 2010

Бүгд Найрамдах Индонези

МОНГОЛ, ИНДОНЕЗИЙН ХАРИЛЦААНЫ ЛАВЛАХ

Монгол, Индонезийн хооронд албан ёсны харилцаа тогтоохоос өмнө Индонезийн Ерөнхийлөгч Сукарно 1956 оны 9 дүгээр сард Монгол Улсад айлчилж, БНМАУ-ын Ерөнхий сайд Ю. Цэдэнбал, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж. Самбуу нартай яриа хэлэлцээ хийж, хамтарсан мэдэгдэл гаргаж байв. Мөн Ю.Цэдэнбал, Ж.Самбуу нарыг Индонезид айлчлахыг урьж байжээ.

Айлчлалын дараа индонезийн талын санаачилгаар Бээжин дэх хо ёр орны элчин сайд нарын хооронд хэлэлцээ явагдаж, 1956 оны 12 дугаар сарын 21-нд Монгол, Индонезийн хооронд дипломат харилцаа тогтоосон байна.

Эхний үед хоёр тал элчин сайд нараа Бээжингээс хавсран томилж байв. Индонези, Хятадын харилцаа муудсаны улмаас 1967 оноос манай тал Дели, Токио, Ханойгоос хавсарч байв. Эдүгээ Бангкокоос хавсран ажиллаж байна. Монгол Улсаас БНИУ-д суугаа Элчин сайд Л.Даваагив Ерөнхийлөгч Мегавати Сукарнопутри-д 2002 оны 9 дүгээр сарын 27-нд ИЖБ-ээ барьсан. Индонези Улс Москвагаас манай улсыг хавсран ажилладаг бөгөөд Эл чин сайд Сусанто Пуджомартоно 2004 оны 6 дугаар сарын 24-нд Монгол Улсын Ерөнхийлөгчид ИЖБ-ээ барив.

Манай улс Индонезийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, Баруун Иряныг чөлөөлөх тэмцлийг нь дэмжин 1962 онд ГЯЯ-ны мэдэгдэл гаргаж байсан бөгөөд 1963 онд түүнийг өөртөө нэгтгэсэнд манай Засгийн газар Индонезийн талд баяр хүргэж байв.

Бандунгийн бага хурлын 10 жилийн ойн ёслолд Ерөнхийлөгч Сукарногийн урилгаар манай Ардын Их Хурлын дарга Б.Ширэндэв оролцсон, 30 жилийн ойгоор нь БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж.Батмөнх Ерөнхийлөгч Сухартод илгээлт явуулж, уг ойн арга хэмжээнд элчин сайд тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгч илгээж байжээ. 2005 оны 4 дүгээр сард тэмдэглэсэн дээрх бага хурлын 50 жилийн ойн ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Н. Багабанди оролцсон.

Хоёр орны хооронд парламент, ГХЯ-ны шугамаар харилцаа холбоо тогтоон ажиллаж иржээ.

1979 онд Индонезийн парламентын дарга Дарьятмо тэргүүтэй төлөөлөгчид, 1981 онд манай Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Готов тэргүүтэй төлөөлөгчид тус тус харилцан айлч илсан.

1986 онд Монголын парламентын бүлгэмийн Гүйцэтгэх Хорооны орлогч дарга, Монголын парламентын гишүүдийн энх тайвны асуудлаар холбоо барих хэсгийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Л.Зантав тэргүүтэй төлөөлөгчид Индонезид айлчлав.

Индонезийн парламентын орлогч дарга тэргүүтэй төлөөлөгчид 1994 оны 4 дүгээр сард манай оронд айлчилсан бөгөөд УИХ-ын дэд дарга Ж. Гомбожав тэргүүтэй монголын парламентын төлөөлөгчид 1995 оны 4 дүгээр сард Индонезид айлчилж парламент хоорондын харилцааг цаашид бэхжүүлэх, хоёр талын хийгээд бүс нутгийн хүрээнд хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжийн талаар санал солилцсон.

ГЯЯ-ны сайд Л.Ринчин 1976 онд, М.Дүгэрсүрэн 1982 онд тус тус Индонезид албан ёсны айлчлал хийсэн.

Индонезийн ГЯЯ-ны сайд А.Малик 1974 онд манай улсад айлчилсан.

1994 оны 5 дугаар сард Гадаад харилцааны дэд сайд Ж.Чойнхор Монгол Улсын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчөөр Индонезид айлчилж, Монгол Улсын Засгийн газар, Индонези Улсын Засгийн газрын хоорондын эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр байгуулж, бүс нутгийн хүрээнд явагдаж буй олон талт яриа хэлцээ, интеграцийн үйл явцад Монгол Улс оролцох сонирхолтойг илэрхийлсэн. Mанай тал дипломат болон албан паспорттай иргэд харилцан визгүй зорчих журмын тухай хэлэлцээр байгуулахаар санал болгож, төслөө 2002 оны 7 дугаар сард индонезийн талд гардуулж, улмаар Ерөнхий сайд Н. Энхбаярын Индонезид хийсэн албан ёсны айлчлалын үеэр байгуулсан. Эл хэлэлцээр 2004 оны 6 дугаар сарын 10 –нд хүчин төгөлдөр болсон.

1992 оны 9 дүгээр сарын 24-нд Ерөнхийлөгч П.Очирбат НҮБ-ын 47 дугаар чуулганд оролцох үеэрээ Индонезийн Ерөнхийлөгч Сухартотой уулзсан. Энэхүү уулзалт нь 1956 оноос хойш анх удаа хоёр улсын төрийн тэргүүнүүдийн хооронд болсон уулзалт байв. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Сухарто хүн амын хүнсний хангамжийг сайжруулах хүрээнд хөгжиж буй орнуудтай хамтран ажиллах тусгай төсөл боловсруулан хэрэгжүүлж байгааг дурдаад хамтран ажиллахыг санал болгож байв.

Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат 1997 оны 3 дугаар сарын 3-5-нд Индонез Улсад албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч П.Очирбат Ерөнхийлөгч Сухартотой хэлэлцээ хийсэн. Мөн Гадаад харилцааны сайд Ш.Алтангэрэл Гадаад хэргийн сайд Али Алатас нар уулзаж ярилцав. Айлчлалын үеэр Индонез Улсад ЭҮНХ-ий орнуудын Өмнөд-Өмнөдийн техникийн хамтын ажиллагааны төв байдгийн хувьд хоёр талын техникийн хамтын ажиллагааны хүрээнд манайхаас зөвхөн мэргэжил дээшлүүлэх бус мөн эзэмшүүлэх зорилгоор нисгэгч бэлтгэх, харилцаа холбоо, газрын тос, гэр бүл төлөвлөлт, эрүүл мэндийн салбарт хүмүүс хүлээн авах боломжийн талаар ярьж байв. Индонез АПЕК-ийн ажлын хэсгүүдэд идэвхтэй оролцох манай бодлогыг дэмжиж, Монгол Улс тус байгууллагын гишүүн орнуудтай хоёр талын худалдаа, эдийн засгийн тодорхой харилцаатай байхын чухлыг тэмдэглэж байв. Хоёр Ерөнхийлөгч Монгол Улс, Бүгд Найрамдах Индонез Улсын хоорондын харилцаа, хамтын ажиллагааны үндсэн зарчмуудын тухай хамтарсан Тунхаглал, Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Энхбаяр 2002 оны 10 дугаар сарын 6-8 нд Индонез Улсад албан ёсны айлчлал хийв. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Энхбаяр Индонези Улсын Ерөнхийлөгч хатагтай Мегавати Сукарнопутритэй хэлэлцээ хийж, түүнийг Монгол Улсад айлчлахыг урьсан Ерөнхийлөгч Н. Багабандийн урилгыг гардуулсан. Дипломат болон албан паспорттой иргэдийг визээс харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, БНИУ-ын Засгийн газар хоорондын Хэлэлцээр, Ургамал хамгаалал, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, БНИУ-ын Засгийн газар хоорондын Хэлэлцээр, Мал эмнэлэг, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, БНИУ-ын Засгийн газар хоорондын Хэлэлцээрийг тус тус байгуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн урилгаар Бүгд Найрамдах Индонези Улсын Ерөнхийлөгч Мегавати Сукарнопутри 2003 оны 6 дугаар сарын 20-ноос 22-нд Монгол Улсад төрийн айлчлал хийв. Айлчлалын үеэр “Хоёр талын хамтын ажиллагааны хамтарсан комисс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Индонези Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлгох санамж бичигт Монгол Улсын Гадаад хэргийн дэд сайд С.Батболд, Бүгд Найрамдах Индонези Улсын Гадаад хэргийн яамны Ерөнхий захирал /дэд сайд/ Ж.Хардоно нар гарын үсэг зурав.

Манай тал Индонезтэй байгуулахаар дараахь хэлэлцээрүүдийн төслийг хүргүүлсэн. Үүнд:

1. Аялал, жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээийн загвар төсөл (2004 оны 12 дугаар сарын 13-нд хүргүүлсэн)

2. Соёлын салбарт хамтран ажиллах тухай засгийн газар хоорондын хэлэлцээр (2004 оны 12 дугаар сарын 13)

3. Хоёр улсын ГХЯ хоорондын хамтын ажиллагааны тухай протокол (2004 оны 12 дугаар сарын 13)

Бүгд Найрамдах Индонези Улсын Үндэсний батлан хамгаалахын хүрээлэнгийн төлөөлөгчид 2005 оны 9 дүгээр сарын 12-ноос 16-ны хооронд айлчилж манай улсын улс төрийн байдал, эдийн засаг, нийгэм- соёлын хөгжил, гадаад болон батлан хамгаалах бодлого, тэдгээрийн хэрэгжилттэй танилцсан болно. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Индонезийн цэргийн болон төрийн өндөр албан тушаалтай нэр бүхий 24 хүн багтсан бөгөөд энэ нь “Үндэсний тогтвортой байдлын нөхцөлд улс орноо хөгжүүлэх” сэдэвт харьцуулсан судалгааны хүрээнд хийгдсэн танилцах айлчлал байв. Төлөөлөгчдийг дээрх Хүрээлэнгийн захирал Проф.Др.Эрмаяа Сурадинато тэргүүлсэн болно. Танилцах айлчлалын үеэр Индонезийн төлөөлөгчид УИХ, ГХЯ, БХЯ, ҮХЯ болон Онцгой байдлын ерөнхий газар, Стратеги судлалын хүрээлэн мөн Батлан хамгаалахын их сургуульд зочилж үйл ажиллагаатай нь танилцаж, санал бодлоо солилцсон.

Манай улс Индонезтэй газрын тос, байгалийн хий олборлох чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байдаг болно.
2005 оны эхний 7 сарын байдлаар хоёр орны худалдааны нийт эргэлт 1964.5 мянган ам доллар болсон нь өмнөх оны мөн үеийнхээс 45 хувиар өссөн дүнтэй байна. Манай улс Индонезоос саван, цай, шороо чулуу ялгах, шигших, таллах, зуурах, холих машин механизм импортолж, лаазалсан махан бүтээгдэхүүн, оёмол хувцас, өргөгч, ачигч зэрэг машин механизмд зориулалттай эд анги экспортолжээ.

Индонезийн техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн шугамаар эрүүл мэнд, гэр бүлийн төлөвлөлт, орон нутгийн эрүүл ахуйн ажилтнуудыг дадлагажуулж сургах зэрэг чиглэлээр зохиогдож буй дамжаанд манайхаас цөөн тооны эмч, эмнэлгийн ажилтнууд явж суралцаж байв. Сүүлийн жилүүдэд Индонези Улс техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийнхөө хүрээнд мэдээллийн технологи, боловсролын аргачлал, цахилгаан холбооны гадна байгуулалтын хяналт, ус, цаг уурын мэдээллийн технологийн чиглэлээр манайхаас хүмүүсийг сургалтад хамруулж байна.

Индонези Улс 1996 онд Монголд гарсан түймрийн хохирлыг арилгахад зориулж 20 мянган ам.долларын тусламж үзүүлсэн.

2004 оны 12 дугаар сард цунамид Индонез улс өртөж олон мянган хүн амь эрсдсэнд Монгол Улсын Засгийн газар эмгэнэл илэрхийлж, хүмүүнлэгийн тусламж болгон 10 мянган ам.долларын тусламж үзүүлсэн.

No comments:

Post a Comment