МОНГОЛ, КУБЫН ХАРИЛЦААНЫ ТОВЧ ЛАВЛАХ
Монгол-Кубын хооронд 1960 оны 12 дугаар сарын 7-нд дипломат харилцаа тогтоосон. Куба нь манай улстай дипломат харилцаа тогтоосон Америк тивийн анхны орон юм. Манай улс Гавана хотноо ЭСЯ-аа 1967 оны 7 дугаар сард нээсэн.
Өнгөрсөн хугацаанд манайх 12 удаа элчин сайдаа томилсон. Куба улс 1962 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотноо ЭСЯ-аа нээсэн. Санхүү эдийн засгийн хүнд бэрхшээлээс шалтгаалан Улаанбаатар дахь ЭСЯ-аа хаахаар Кубын Засгийн газар шийдвэрлэсэн тухай 1991 оны 12 дугаар сард манай талд албан ёсоор мэдэгдэж байв. Гэвч олон жилийн турш манай хоёр орон сайн харилцаатай, хоёр талдаа ЭСЯ-аа тасралтгүй ажиллуулж ирснийг Кубын Засгийн газар онцлон үзэж шийдвэрээ эргэн харж, ЭСЯ-аа хаахгүйгээр шийдвэрлэсэн.
Өнгөрсөн хугацаанд монголын тухайн үеийн нам төр, засгийн удирдагч агсан Ю.Цэдэнбал /1972 онд/, Ж.Батмөнх /1984 онд/ тэргүүтэй төлөөлөгчид, Кубын нам, засгийн удирдагч Рауль Кастро тэргүүтэй төлөөлөгчид 1970 онд харилцан айлчилж байжээ. 1984 онд Монгол-Куба улсын хооронд найрамдал, хамтын ажиллагааны тухай гэрээ байгууллагдсан. Уг гэрээ өнөөгийн шинэ нөхцөлд тохирохоо больсон тул 1994 оны 1 дүгээр сард хоёр тал харилцан тохирч цуцалсан болно.
Фидель Кастрогийн 60 насны ойг тохиолдуулан 1986 онд Д.Сүхбаатарын одонгоор шагнасан. Түүнийг манай оронд айлчлуулахаар анх 1962 онд урьж, урилгыг хоёр удаа шинэчлэн 1990 он хүртэлх хугацаанд манай тал 9 удаа сануулсан боловч тэрээр айлчлаагүй.
Монголын Гадаад харилцааны сайд 1995 онд Кубад айлчилжээ. Монгол ардын хувьсгалын 50, 60 жил, Кубын хувьсгалын 10, 20, 30 жил, “Долдугаар сарын 26-ны хөдөлгөөн”-ий 20, 25, 30 жилийн ойн баярт төлөөлөгчид харилцан оролцож байв.
1999 оны 1 дүгээр сард Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ын төлөөлөгчид урилгын дагуу Кубад айлчилсан.
1999 оны 3 дугаар сард Куба, Монголын найрамдлын нийгэмлэгийн дарга, Кубын Гадаадын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны яамны орлогч сайд Ноэми Бенитес тэргүүтэй төлөөлөгчид манай оронд айлчлав. Айлчлалын үеэр Монгол, Кубын эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны засгийн газар хоорондын анхдугаар хуралдаан болов. Мөн Монгол Улсын Засгийн газар, БНКУ-ын Засгийн газар хоорондын хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, БНКУ-ын Засгийн газар хоорондын эдийн засаг, шинжлэх ухаан- техникийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр, тус хоёр улсын эдийн засаг шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдааны Протоколд тус тус гарын үсэг зуржээ.
2001 онд Монгол Улсын Их Хурлын дарга Кубад албан ёсны айлчлал хийсэн байна.
1996 оноос хойш “Биорат” биобэлдмэл үйлдвэрлэх хамтарсан үйлдвэр байгуулах тухай яригдаж ирсэн. Үүний шугамаар Кубын “Лабиофам” нэгдлийн төлөөлөгч Монголд уг бэлдмэл хамтарч үйлдвэрлэх талаар санал солилцож, хөдөө орон нутгаар явж биобэлдмэлийг хамтран туршив. 1998 оны 11 дүгээр сард Монголын талтай яриа хэлэлцээ хийж хоршсон үйлдвэр байгуулах талаар анхны тохиролцоонд гарын үсэг зурсан.
1999 оны 9 дүгээр сард “Лабиофам”-ын мэргэжилтэн үйлдвэр байгуулахтай холбогдох санхүү, хөрөнгө оруулалтын асуудлаар Монголд ирж ажиллаж байв.
Кубын Төрийн Зөвлөлийн дарга, Засгийн газрын тэргүүн Ф.Кастрогийн бие төлөөлөгч А.Веласко 2000 оны 2 дугаар сард Монголд ирж, энэ оны 4 дүгээр сард Гавана хотноо болох Өмнөдийн орнуудын дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийг оролцохыг урьж байв. Уг уулзалтад манай Гадаад харилцааны сайд тэргүүтэй төлөөлөгчид оролцсон байна.
Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын сайд С.Сонин Кубад 2000 оны 3 дугаар сард айлчилж, хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурж, эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн бэлтгэх, төгсөлтийн дараахи сургалтад шүдний эмчилгээ, эмнэлгийн шинжлэх ухааны судалгаа шинжилгээ, ардын уламжлалт эмчилгээний чиглэлээр хамтран ажиллах, ШУТ-ийн мэдээлэл харилцан солилцохоор тохиролцжээ.
Монгол-Кубын найрамдлын нийгэмлэг 1962 онд байгуулагдсан. Булган аймгийн Бүрэнхангай сумын “Дархан” компани, Улаанбаатарын “ Бөхөг “ компани тус тус найрамдлын нэрэмжит, нийслэлийн 52 дугаар дунд сургууль Хосе Мартийн нэрэмжит юм. Кубад найрамлын нэрэмжит дунд сургууль, хүүхдийн цэцэрлэг, хөдөө аж ахуйн хоршоолол байдаг.
2001 онд Кубын Гадаад харилцааны яамны дэд сайд, 2003 онд тус яамны Ази, Номхон далайн газрын захирал нар тус тус манай улсад айлчилсан. Мөн 2003 онд Монгол Улсын БСШУ-ны сайд А. Цанжид Кубад урилгын дагуу айлчилсан байна.
Манай Гадаад Хэргийн сайд Кубад, Кубын Үндэсний Ассамблейн дарга, Эрүүл мэнд, Боловсролын сайд нар Монголд айлчлах урилгатай.
Монгол, Кубын хооронд соёл, шинжлэх ухаан, боловсролын салбарын хамтын ажиллагаа төлөвлөгөөний үндсэн дээр хөгжиж ирсэн. Соёлын хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу урлагийн хамтлаг, лектор, зохиолч, эмч, хөгжмийн зохиолч харилцан солилцож, тус тусын орны зохиолчдын бүтээлийг хөрвүүлэн хэвлүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж байлаа.
Кубад очих, ирэх замын зардал өссөн болон чөлөөт валютын тооцоонд шилжсэн, амжиргааны нөхцөл хүндэрсэн зэрэг шалтгаанаар 1991 онд манайх суралцаж байсан оюутнуудаа татан авч эх орондоо суралцуулсан.
Харин 1994 оноос хойш кубын Засгийн газрын тэтгэлэгээр суралцаж буй монгол оюутны тоо жилээс жилд өссөөр эдүгээ 40 гаруй оюутан төрөл бүрийн мэргэжлээр сурч байна.
Монгол, Кубын харилцаа, хамтын ажиллагааны цар хүрээ 1991 оноос буурч үндсэндээ зогсонги байдалд орсон. Энэ нь монгол, кубын хоорондын харилцааны зарчим үйлчлэхээ больсон, газар зүйн байрлалын хувьд хэт алслагдсан болон тээврийн зардал өссөн зэрэг бодит шалтгаантай холбоотой байв.
Сүүлийн жилүүдэд харилцаа сэргэх төлөвтэй байна. Тухайлбал, 2001 онд Гаванад Засгийн газар хоорондын Хамтарсан комиссын хоёрдугаар хуралдаан болж, түүнд монголын хэсгийн дарга, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын дэд сайд Н. Удвал тэргүүтэй төлөөлгчид оролцсон.
2004 оны зургадугаар сард Засгийн газар хоорондын хамтарсан Комиссын гуравдугаар хуралдаан болж, түүнд Кубын Гадаадын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны яамны дэд сайд Лоретта Бланко тэргүүтэй төлөөлөгчид оролцсон.
Эдүгээ Засгийн газар хоорондын Комиссын Монголын хэсгийн дарга нь Эрүүл мэндийн сайд Т. Ганди юм.
Хуралдааны протоколд 2004 – 2007 онд ХАА, биотехнологи, эрүүл мэнд, боловсрол, соёл, байгаль орчин, биеийн тамир спортын чиглэлээр хамтран ажиллахаар зарим асуудал тусгагдсан байна.
Куба улс манай улсад сүүний үүлдрийн ямааны гүн хөлдөөсөн үрийг туршилтын хэмжээгээр бэлэглэхээр болсон.
Манай улсын зарим компани кубаас жилдээ 20 000 орчим долларын эм тариаг худалдаагаар авдаг байна.
No comments:
Post a Comment