Search This Blog

Sunday, January 10, 2010

Иемен улс

МОНГОЛ-ИЕМЕНИЙ ХАРИЛЦАА

Монгол Улс Хойд ба Өмнөд Иементэй хоёулантай нь дипломат харилцаатай байсан. Өмнөд буюу Ардчилсан Иементэй 1970 оны 8 дугаар сарын 28-нд, Хойд Иементэй 1985 оны 8 дугаар сарын 22-нд тус тус дипломат харилцаа тогтоосон.

Хоёр Иемен нэгдсэний дараа дипломат харилцаа тогтоосон өдрийг дээрх хоёр оны алинаар нь тогтох талаар хоёр тал харилцан ярилцаад Өмнөд Иементэй дипломат харилцаа тогтоосон 1970 оны 8 дугаар сарын 28-ны өдрийг сонгон авсан байна.

Хоёр Иемен оршин тогтнож байх үед үзэл суртал, улс төрийн бодлогын хүрээнд Өмнөд Иементэй түлхүү харилцаатай байсан. Гол төлөв намын шугамаар харилцаж байжээ. Хоёр талаас намын их хурлууддаа харилцан төлөөлөгч илгээн оролцуулдаг, намын ажилтны төлөөлөгчид харилцан солилцдог байсан байна. Өмнөд Иеменээс нам, засгийн болон нам төрийн дээд хэмжээний төлөөлөгчид 1972 ба 1984 онд Монголд, манай нам засгийн төлөөлөгчид 1984 онд Өмнөд Иеменд тус тус харилцан айлчилж байжээ.

Мөн манай талаас Гадаад явдлын яамны сайд /1986 онд/, орлогч сайд /1976 онд/ тэргүүтэй төлөөлөгчид Өмнөд Иеменд айлчилсан байна. Хоёр тал элчин сайд нараа харилцан томилон суулгаж байсан бөгөөд манайх Каираас, Өмнөд Иемен Москвагаас хавсран ажиллаж байжээ.

Өмнөд Иементэй соёлын хамтын ажиллагааны хэлэлцээрийг 1979 онд байгуулсан бөгөөд тэр дагуу манай уран зургийн үзэсгэлэнг 1985 онд Аденд нэг удаа гаргажээ. Эдгээрээс өөр худалдаа, эдийн засгийн болон шинжлэх ухаан, техникийн харилцаа, хамтын ажилллагаа байгаагүй болно.

Хойд Иементэй албан ёсоор дипломат харилцаа тогтоосноос өөр ямар нэг солилцоо, бодитой харилцаа хөгжөөгүй.

Хоёр Иемен нэгдсэнээс хойш ч Монгол, Иемений харилцаанд ямар нэг тодорхой алхам хийгдээгүй өнөөг хүрчээ. Хоёр орон газар зүйн хувьд алслагдсан, аль аль нь эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй, бие биенээ нөхөн тэтгэх чадвар мөхөс зэргээс шалтгаалан одоогоор аль ч талаас харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх боломж нөхцлийг судлах, хайж илрүүлэх талаар санаачилга гаргаагүй байна.

No comments:

Post a Comment