МОНГОЛ, ПАКИСТАНЫ ХАРИЛЦААНЫ ЛАВЛАХ
Монгол Улс, Лалын Бүгд Найрамдах Пакистан Улсын хооронд 1962 оны 3 дугаар сарын 1-нд дипломат харилцаа тогтсон.
Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоох асуудлыг хэлэлцэх явцад Энэтхэг, Пакистаны харилцааны байдлаас шалтгаалан Монгол Улс Элчин сайдаа Делигээс хавсарган томилохгүй байх хүсэлт тавьсныг харгалзан манай улс Элчин сайдаа Бээжингээс томилж ирсэн. Элчин сайд Д.Цэгмид 1964 онд, С.Сосорбарам 1973 онд, Л.Чулуунбаатар 1979 онд, Ё.Очир 1989 онд, Д.Цахилгаан 1999 онд, Б.Амарсанаа 2004 онд тус тус ИЖБ-ээ барьсан.
Пакистаны Элчин сайд 1964, 1966, 1972, 1975, 1981, 1989, 1994, 1999, 2000, 2003 онуудад ИЖБ-ээ барьсан. Бээжинд суугаа шинэ Элчин сайд Салман Баширт агрман хүссэнд зөвшөөрсөн хариуг 2005 оны 4 дүгээр сард өгөв.
Бангладешийн тусгаар тогтнолыг манай улс хүлээн зөвшөөрснийг эсэргүүцэн, пакистаны тал 1972 оны 1 дүгээр сарын 13-нд Монголтой дипломат харилцаагаа тасалсан тухай ноотыг Москва дахь ЭСЯ-аараа дамжуулан өгсөн. Үүнтэй холбогдуулан манай ГХЯ-ны төлөөлөгч мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “Манай Засгийн газар улс түмний тэгш эрх, өөртөө засан тохинох явдлыг хүндэтгэх тухай НҮБ-ын дүрмэнд заасан зарчмыг баримтлан, Энэтхэгийн хойгт буй болсон бодит байдлыг үндэслэн, Бангладеш улсыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ дипломат алхам нь Пакистаны эсрэг огтхон ч чиглээгүй” гэдгийг дурдаад, “Пакистан улстай найрсаг харилцаагаа хөгжүүлэн бэхжүүлэхийн тулд цаашид ч чармайх болно” гэсэн аж.
1972 оны 5 дугаар сараас Москва дахь Пакистаны Элчин сайд хоёр орны харилцааг сэргээх асуудлаар манай Элчин сайдтай хэд хэдэн удаа ярилцсаны дараа мөн оны 8 дугаар сарын 2-нд Засгийн газрынхаа нэрийн өмнөөс дипломат харилцааг сэргээх санал тавьж, ноот гардуулсан. Манай тал уг асуудлыг нааштайгаар хүлээн авч, хоёр тал анх харилцаа тогтоосон өдрийг дипломат харилцаа тогтоосон өдрөөр тооцохоор тохиролцсон.
Монгол, Пакистан хоёр улс олон улсын тавцанд зарим асуудлаар бие биеэ дэмжиж ирсэн. 1967 онд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнд Пакистан улс нэрээ дэвшүүлэхэд манай улс дэмжсэн. Мөн 1974 онд НҮБ-ын IV хороонд Элчин сайд Б.Дашцэрэнг илтгэгчээр сонгоход Пакистан улс дэмжиж байсан.
1997 онд НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлд Пакистанаас нэр дэвшигч сонгогдоход Монгол Улс дэмжлэг үзүүлсэнд Пакистаны Гадаад хэргийн сайдаас манай Гадаад харилцааны сайдад талархал илэрхийлсэн захидал ирүүлсэн.
Үндэсний баярын өдрийг тохиолдуулан хоёр орны төр, засгийн удирдагч нар харилцан баяр хүргэсэн цахилгаан утас тогтмол солилцож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Нацагийн Багабанди 2002 оны 6 дугаар сарын 4- нд Казахстаны Алматы хотноо болсон Төв Азид итгэлцэлийг бэхжүүлэх, хамтран ажиллах Зөвлөлгөөний анхдугаар чуулганы үеэр ЛБНПУ-ын Ерөнхийлөгч П.Мушаррафтай уулзаж бүс нутгийн аюулгүй байдал, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон.
Монгол Улсын Дэд Eрөнхийлөгч, Улсын Бага хурлын дарга Р.Гончигдорж тэргүүтэй парламентын төлөөлөгчид 1992 оны 3 дугаар сард Азийн сангийн шугамаар Пакистанд айлчилж, хоёр орны төрийн эрх барих дээд байгууллагуудын хооронд харилцаа тогтоох талаар ярилцаж, Пакистаны парламентын хуралдааны явц, үйл ажиллагаатай танилцаж, туршлага судалсан.
“Шилжилтийн үе дэх БНМАУ-ын Үндсэн хуулийн үүрэг” сэдвээр 1991 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотноо болсон симпозиумд Пакистаны парламентын гишүүн Асиф Фасимал Дин Хэн Вардак, доктор Мухамед Рахман нар оролцсон. Пакистаны төлөөлөгчид Хөдөө аж ахуйн яамны удирдлагатай уулзаж, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн Монголоос худалдан авах, бага оврын гурилын үйлдвэр, цахилгаан станц нийлүүлэх боломжийн талаар санал солилцож байжээ.
ЛБНПУ-ын Гадаад хэргийн сайд Абдул Саттар Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л. Эрдэнэчулууныг Пакистанд айлчлахыг 2000 онд урьсан. 2003 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотноо болсон АШСТО-уудын V бага хуралд Пакистаны парламентын хоёр гишүүн ирж оролцсон.
Худалдаа, эдийн засгийн харилцааны хувьд 1998, 1999 онд манай улс нийт 400 орчим мянган ам. долларын бараа импортолсон бол 2000 онд 134 мян. ам.долларын, 2001 онд 6,8 мян. ам.доллар бүхий 19,4 тонн хонины сэмлээгүй буюу самнаагүй ноос экспортолсон байна. Харин сүүлийн жилүүдэд гадаад худалдааны хэмжээ эрс буурсан үзүүлэлттэй байна.
Манай улсаас Пакистаны дипломатын курс, ИАТГ-ын сургалт, семинарт тус тус 2 хүн жил бүр оролцож байсан. Тус орны дотоод байдал болон бүс нутгийн байдлаас үүдэн дээрх курс, сургуулиудад манай орноос сүүлийн 3 жилд хүн хамрагдаагүй болно.
2004 оны 8 дугаар сард Элчин сайд Б.Амарсанаа Пакистан улсад очиж ИЖБ барих үeэр Пакистаны Eрөнхийлөгч болон Гадаад хэргийн Төрийн нарийн бичгийн дарга нар Монгол Улсад бизнс эрхэлж буй пакистан иргэдийн визний асуудлыг аль болох нааштай хэлбэрээр зохицуулах, тэдний бизнeсийн үйл ажиллагааг дэмжих замаар хоёр орны хоорондын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх санал дэвшүүлж байжээ.
2004 оны 5 дугаар сараас 10 дугаар сар хүртэл Монгол Улсад зорчих, хувийн урилгаар ирэх, оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгах болон олон удаагийн виз хүссэн Пакистаны 33 иргэн /хувийн урилгаар ирэх 13, оршин суух зөвшөөрөл авах, сунгуулахаар 14/ Харьяатын албанд хандсан байна. Эдгээр иргэдэд TEГ-ын саналыг үндэслэн татгалзсан хариу өгчээ. Энэ асуудлыг нааштай шийдэхийг Бээжинд суугаа Пакистаны ЭСЯ манай талаас удаа дараа хүсч байгаа ба энэ 6 дугаар сарын 24- 25-нд Улаанбаатар хотноо болсон АРФ-ын хуралд оролцсон Пакистаны ЭСЯ-ны зөвлөх Бабар Амин ГХЯ болон ХЗДХЯ-нд холбогдох хүмүүстэй уулзсан байна.
Одоогийн байдлаар Пакистаны 17 компани Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэд Гадаадын хөрөнгө оруулалтын газар бүртгэлтэй ба автомашин оруулж ирж монголын зах зээл дээр борлуулдаг байна. Эдгээр компаниудад хийсэн шалгалтаар оруулж ирсэн машинаа улсын бүртгэлд оруулалгүй борлуулж байсан, татвараас зайлсхийсэн зэрэг дутагдал илэрсэн байна.
Монгол хүнтэй гэр бүл болсон 7 Пакистаны иргэд манайд оршин сууж байна.
Лалын Бүгд Найрамдах Пакистан Улсаас Монгол Улсад суух шинэ Элчин сайд Салман Башир-т агрeман хүссэнд манай тал зөвшөөрсөн хариу 2005 оны 4 дүгээр сарын 6-нд өгчээ. Тэрээр энэ 6 дугаар сарын 13-нд ИЖБ-ээ барих санал тавьсан ба хугацаа богино байсан тул түр хойшлуулаад байна.
No comments:
Post a Comment