МОНГОЛ-УКРАИНЫ ХАРИЛЦАА
Монгол Улс, Украин Улсын хооронд 1992 оны 1 дүгээр сарын 21-нд дипломат харилцаа тогтоосон.
Монгол Улсаас Польшид суугаа ЭСЯ Украин Улсад,Украин Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ Монгол Улсад хавсран суудаг. Монгол Улсаас Киевт Консулын төлөөлөгч ажилладаг.
Монгол Улс, Украин Улсын хооронд Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Гэрээ, Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр, Давхар татвараас зайлсхийх тухай Хэлэлцээр, Соёл, боловсролын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр, Шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах тухай зэрэг 50 шахам хэлэлцээр байгуулагдсан.
Монгол Улсын гаалийн статистик мэдээгээр 2003 онд Украин Улсад 2,7 сая ам. долларын бараа экпортлож, Украинаас 8,4 сая ам. долларын бараа импортлосон байна. Украины талын мэдээгээр хоёр улсын хооронд 2003 онд 20 сая ам. долларын бараа солилцоо хийсэн байна.
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Монгол Украины Засгийн газар хоорондын Комисс 1992 оноос байгуулагдан ажиллаж 2 жилд нэг удаа хуралдаж байна.
Монгол Украины харилцаа тогтвортой хөгжиж байгаа бөгөөд цаашдаа хо ёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжих хандлагатай буй. Монгол Улсад Украины 800 орчим иргэн, Украинд Монголын 300 иргэд ажиллаж амьдарч байна.
Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн 1992 оны 6 дугаар сард Украинд айлчлах үедээ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Гэрээг үзэглэж, Консулын харилцааны тухай Протоколд гарын үсэг зурсан. 1992 оны 11 дүгээр сард Ерөнхийлөгч Л.М.Кравчук манай улсад албан ёсны айлчлал хийж, энэ үеэр Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Гэрээнд гарын үсэг зурж, Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр, Соёл, боловсролын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр, Шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр, Монгол, Украины Засгийн газар хооронд худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн талаар хамтран ажиллах комисс байгуулах тухай хэлэлцээр байгуулсан. Мөн 1992 онд Худалдаа, эдийн засгийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр, Төлбөрийн тухай хэлэлцээрт тус тус гарын үсэг зуржээ.
Украин Улсын Ерөнхийлөгч Л.Кучмагийн урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди Украин Улсад 2002 оны 7 дугаар сард албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын дүнгээр Хамтарсан мэдэгдэл гаргаж, Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулан ногдуулахгүй байх тухай Хэлэлцээр, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам хооронд хамтран ажиллах тухай Хэлэлцээр тус тус байгуулж, Иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай Гэрээний батламж жуух бичиг солилцсон.
Айлчлалын үеэр Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн Танхим, Украины Худалдаа, Аж Yйлдвэрийн Танхим, Монгол Улсын Булган аймаг, Украины Киев мужийн Белая Церковь дvvргийн хооронд тус тус шууд харилцаа тогтоожээ.
Украины Ерөнхийлөгч Л.Д.Кучма 2003 оны 3 дугаар сард Монголд айлчилж , айлчлалын дүнгээр Монгол, Украины Ерөнхийлөгч нар Хамтарсан мэдэгдэл гарган, Монгол Улсын Засгийн газар, Украины Сайд нарын Танхим хооронд Ургамал хамгаалал, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай, Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай, Монгол Улсын ХХААЯ, Украины Хөдөө аж ахуйн бодлогын яам хооронд Шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах тухай, Монгол Улсын Үндэсний мэдээллийн агентлаг, Украины Үндэсний мэдээллийн агентлаг хооронд мэдээлэл солилцох салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрүүд байгуулав. Монгол -Украины ЗГХК-ын үндэсний хэсгийн дарга нар Монгол Улс, Украин Улсын хооронд 2005 он хүртэл харилцан нийлүүлэх барааны жагсаалт солилцов. Айлчлалын хүрээнд хоёр талын бизнес уулзалт зохион байгуулан, МҮХАҮТ, Украины Аж үйлдвэр эрхлэгчдийн холбооны хооронд хамтын ажиллагааны тухай Протокол байгуулав.
No comments:
Post a Comment