Бvгд Найрамдах Австри Улс
Дипломат харилцаа тогтоосон огноо: 1963-07-01
МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛСЫН
ХАРИЛЦААНЫ ТОВЧ ЛАВЛАХ
Монгол Улс Бүгд Найрамдах Австри Улстай 1963 оны 7 дугаар сарын 1-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд тус улс нь манай улстай дипломат харилцаа тогтоосон өрнөдийн хоёр дахь орон.
Манай тал Австрийг 1963-1975 онд Будапештээс, 1975-1979 онд Берлинээс, 1980-2002 онд дахин Будапештээс хамаарч ажиллаж байгаад 2003 оны 2 дугаар сарын 10-наас Венад ЭСЯ нээн ажиллуулж байна. Австрийн тал манайхыг 1963-1993 онд Москвагаас, 1993 оноос Бээжингээс хамааран ажиллаж байна.
Сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа идэвжиж байна. Тухайлбал, Австрийн эдийн засаг, хөдөлмөрийн дэд сайд И.Майер 2001 онд, Австрийн Үндэсний хурлын дарга Др.Х.Фишер 2002 онд, Австрийн Холбооны боловсрол, шинжлэх ухаан, соёлын сайд Э.Гээрэр 2003, 2004 онд Монгол Улсад, Монгол Улсын Ерөнхийлөгч 2003 онд, Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа 2003 онд, Байгаль орчны сайд У.Барсболд 2004 онд, УИХ-ын дарга Н.Энхбаяр 2005 онд, Монгол Улсын Шадар сайд Ч.Улаан, Түлш, эрчим хүчний сайд Т.Оч ирхүү нар 2005 онд Австри Улсад тус тус айлчилсан.
Манай улсаас өрнөдийн улсуудтай худалдаа, эдийн засгийн салбарт байгуулсан гэрээ хэлэлцээрийн анхных нь болох “Харилцан бараа нийлүүлэх ба төлбөрийн тухай хэлэлцээр”-ийг 1963 онд Австритай байгуулан худалдаа хийж эхэлсэн. Мөн тэрчлэн “Эдийн засгийн гадаад харилцааны тухай хэлэлцээр”-ийг 1992 онд, “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр”-ийг 2001 онд, “Орлого ба хөрөнгийн татварын тухай конвенци (Давхар татварын хэлэлцээр)”-ийг 2003 онд тус тус байгуулсан бөгөөд “Эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах тухай Хамтарсан мэдэгдэл” 2003 онд, “Боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт хамтран ажиллах тухай Хамтарсан мэдэгдэл” 2003 онд тус тус байгуулсан.
Хоёр талын худалдааны эргэлтийн хэмжээ төдийлөн тогтвортой бус байна. 2004 оны эхний 9 сарын байдлаар хоёр улсын хооронд 4,3 сая ам.долларын худалдаа хийгджээ. 2004 оны 9 дүгээр сарын байдлаар австрийн талын оролцоотой нийт 1,975 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий 7 компани манай улсад бүртгэгдсэн байна.
Монгол-Австрийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын анхдугаар хуралдаан 2003 онд зохиогдон эдүгээ хоёр удаа хуралдаад байна. Эдгээр ЗГХК-ын хуралдааны явцад хоёр талын худалдаа, эдийн засгийн эрх зүйн орчны асуудал, худалдаа, хөрөнгө оруулалтыг хоёр талын Засгийн газруудын зүгээс дэмжих боломж, арга зам, тухайлан австрийн Засгийн газрын экспорт, гадаад дахь хөрөнгө оруулалтын баталгаа, даатгалын тогтолцоонд Монгол Улсыг багтаах зэрэг худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны ерөнхий асуудлуудыг тодруулан ярилцсан.
Австрийн Засгийн газар манай улсад тохиолдсон байгалийн гамшиг, зудын үеэр тусламж үзүүлсээр ирсэн.
2004 онд В.А.Моцартын “Дон Жуан” дуурь Монголд анх удаа тавигдсан. Улаанбаатар, Вена хотын хооронд холбоо тогтоох анхны алхмууд хийгдэж хотын дарга нар харилцан урилга илгээгээд байгаа.
Австри Улсын Өргөмжит консулын газар Улаанбаатар хотноо 2004 оны 5 дугаар сарын 4-ний өдөр нээгдсэн бөгөөд Өргөмжит консулаар “Эрэл” компанийн захирал Д.Сэргэлэн ажиллаж байна.
No comments:
Post a Comment