Search This Blog

Sunday, January 10, 2010

Швейцарын Холбооны Улс

МОНГОЛ УЛС, ШВЕЙЦАРЫН ХОЛБООНЫ УЛСЫН ХАРИЛЦААНЫ ТОВЧ ЛАВЛАХ

Монгол Улс Швейцарын Холбооны Улстай 1964 оны 5 дугаар сарын 22-нд дипломат харилцаа тогтоосон.

Батлан хамгаалахын сайд, Засгийн газрын шадар сайд тус тус 1991 онд, Ерөнхий сайд 1997 онд, Гадаад харилцааны сайд 1999 онд, Монгол Улсын Ерөнхийлөгч 2002 онд, Үйлдвэр, худалдааны сайд 2005 онд Швейцар Улсад, Швейцарын Үндэсний Зөвлөлийн \парламент\ дарга 1972 онд, Швейцарын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга 2004 онд Монгол Улсад тус тус айлч илсан.

Хоёр улсын хооронд “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын хэлэлцээр“ 1997 онд, “Орлогын болон хөрөнгийн татварыг давхардуулан ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын хоорондын Хэлэлцээр“ 1999 онд, “Агаарын харилцааны тухай хэлэлцээр” 2000 онд тус тус байгуулагдсан.

Монгол Улс Швейцартай 1967 оноос харилцан худалдаа хийж эхэлсэн. 2005 оны эхний 8 сарын байдлаар хоёр улсын худалдааны эргэлт 3,6 сая ам.долларт хүрсэн байна.

Манай улс Швейцариас голчлон эм, эмийн бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмж, цахилгаан болон техникийн сэлбэг хэрэгслүүд, нэхмэл гоёлын үйлдвэрийн зарим түүхий эд, өргөн хэрэглээний бараа, хүнсний бараа, тамхи зэрэг бүтээгдэхүүн импортлож, Швейцарт түүхий эд (ноос ноолуур, өлөн гэдэс, ангийн үс, зэсийн баяжмал), бэлэн бүтээгдэхүүн (ноолууран болон тэмээний ноосон эдлэл) нийлүүлж байна.

Швейцарын Хөгжил, хамтын ажиллагааны агентлаг Монгол Улстай 2003- 2005 онд хамтран ажиллах “Дунд хугацааны үзэл баримтлал”-ыг боловсруулан баталсан бөгөөд энэхүү үзэл баримтлалын дагуу хоёр орны хөгжлийн хамтын ажиллагаа манай улсын ядуу, эмзэг давхаргын иргэдийг дэмжихэд чиглэгдэж байна.

Швейцарын Холбооны Улс манай улсад тохиолдсон зудын гамшгийг гэтлэн давахад Засгийн газрын шугамаар хоёр болон олон талт байгууллагуудаар дамжуулан 2000-2003 онд нийтдээ 5.1 сая шв.франкийн хүмүүнлэгийн тусламж олгосон. Швейцарын Хөгжил, хамтын ажиллагааны агентлагийн салбар 2004 оноос Улаанбаатарт үйл ажиллагаагаа явуулж байна.

Женев дэх манай ЭСЯ 1999 оноос эхлэн Швейцарыг хариуцан ажиллаж буй бөгөөд Монголыг Бээжин дэх Швейцарын ЭСЯ 1993 оноос хавсран хариуцаж буй болно.

No comments:

Post a Comment