МОНГОЛ, МАЛАЙЗЫН ХАРИЛЦААНЫ ЛАВЛАХ
Монгол Улс, Малайзын Холбооны Улсын хооронд 1971 оны 9 дүгээр сарын 8-нд дипломат харилцаа тогтоосон. Малайз улс Британийн колоничлолоос ангижирч тусгаар тогтнолоо зарлахад манай улс баяр хүргэсэн утас илгээж найрсаг харилцаа тогтоон хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлж байсан.
Улс төрийн харилцаа
Манай хоёр орны харилцаа 1990-ээд оныг хүртэл төдийлэн идэвхтэй байгаагүй. Манай тал 1973, 1984 онд ГЯЯ-ны орлогч сайд, 1986 онд Монголын парламентын гишүүдийн энх тайвны асуудлаар холбоо барих бүлгийн төлөөлөгчдийг тус тус илгээж байсан.
Монгол оронд өөрчлөлт, шинэчлэл өрнөсөн 1990-ээд оноос Малайзын тал харилцаа хөгжүүлэхийг сонирхож, санаачлага гаргаж байв. Тухайлбал, Малайзын Ерөнхий сайдын орлогч Г.Баба 1992 онд Монгол Улсад айлч лах санал тавьсныг манай тал хүлээн авч урилга илгээсэн боловч түүний БНХАУ-д хийх айлчлал хэрэгжээгүй тул хойшлогдсон.
Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Ж.Чойнхор 1994 оны 5 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайдын бие төлөөлөгчөөр Малайзын Холбооны Улсад айлчлахдаа Монгол, Малайзын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байгаа манай чиг бодлогыг нотолсон Монгол Улсын Ерөнхий сайдын илгээлтийг гардуулжээ. Мөн тэр айлчлалын үеэр манай талаас Хөрөнгө оруулалтын болон давхар татвараас ч өлөөлөх тухай хэлэлцээр байгуулах санал тавьж, төслүүдийг гардуулсны зэрэгцээ хоёр орны иргэд нэг сарын хугацаанд харилцан визгүй зорчих тухай тохиролцоонд хүрч ноот солилцсон.
Ерөнхий сайд П.Жасрай 1995 оны 3 дугаар сард Копенгаген хотноо болсон нийгмийн хөгжлийн асуудлаархи дэлхийн дээд хэмжээний уулзалтын үеэр Малайзын Ерөнхий сайд Махатир Мохамадтай уулзаж ярилцахад Малайзид хийх манай Ерөнхий сайдын айлчлалд ач холбогдол өгч, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэх, агаарын тээврийн харилцаа тогтоох нь чухал гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.
Монгол Улсын Ерөнхий сайд П.Жасрай 1995 оны 7 дугаар сарын 26-29-нд Малайзын Холбооны Улсын Ерөнхий сайдын урилгаар Малайз Улсад албан ёсоор айлчилсан. Энэ үеэр Монгол Малайзын харилцааг хоёр талын болон бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд хөгжүүлэх, тухайлбал улс төрийн яриа хэлцээг янз бүрийн түвшинд явуулж байх, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлэх, хоёр орны бизнесийн хүрээнийхний харилцаа холбоог дэмжиж, худалдаа хөгжүүлэх, хөрөнгө оруулах, Монгол Улсыг АСЕАН-ы бүс нутгийн чуулга уулзалтад оролцуулах, АПЕК-т элсэхэд Малайзын талын дэмжлэг авах зэрэг санал тавьсан. Мөн айлчлалын үеэр давхар татвараас харилцан чөлөөлөх, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих тухай хэлэлцээрүүд байгуулсан.
Монгол Улсын Засгийн газрын урилгаар Малайзын Ерөнхий сайд Махатир Бин Мохамад 1997 оны 9 дүгээр сарын 8-11-нд албан ёсоор айлчлав. Түүнийг дагалдан кабинетын 7 сайд, парламентын 9 гишүүн, 60 гаруй бизнесмэн ирсэн. Энэ нь хоёр орны харилцааны түүхэнд Малайзын Ерөнхий сайдын анхны айлчлал байсан юм. Энэхүү айлчлал нь Монголыг АСЕАН-ы гишүүн орнуудтай ойртож ажиллах, тэдний дунд Монгол орны дүр төрхийг эерэгээр төлөвшүүлэх, АНД-н бүс нутгийн интеграцид ойртох нөхцөлийг бүрдүүлэх, Г-15- ын бүлэгт таниулахад чухал алхам болсон.
Айлчлалын үеэр хоёр тал Агаарын харилцааны тухай, Эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын салбарт хамтран ажиллах тухай Хэлэлцээр, Монгол улсын хүнс судлал, үйлдвэрлэлийн "ХҮНСТЕХ " корпораци, Малайз улсын далдуу модны тос судлалын хүрээлэнгийн хооронд далдуу модны тосыг Монголд хэрэглэх ШУТ-ийн хамтын ажиллагааны харилцан ойлгох санамж бичгийг тус тус байгуулсан.
Монгол, Малайзын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойгоор хоёр орны Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд нар харилцан илгээлт солилцож, Малайзын тухай материал хэвлэлд гаргаж Сөүл дэх хоёр орны ЭСЯ-дын хооронд нөхөрсөг уулзалт зохион байгуулав.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Энхбаяр 2002 оны 1 дүгээр сард Нью-Йорк хотноо болсон Дэлхийн эдийн засгийн дээд хэмжээний чуулга уулзалтад оролцох үеэрээ Малайзын Ерөнхий сайд Махатир Мохамадтай уулзаж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Мөн Ерөнхий сайд Н.Энхбаяр 2003 оны хоёрдугаар сард Малайзийн нийслэл Куала-Лумпур хотноо болсон Эвсэлд Үл нэгдэх Хөдөлгөөний дээд хэмжээний уулзалтад оролцохдоо Ерөнхий сайд Махатир Мохамадтай хоёр дахь удаа уулзсан.
Манай УИХ-д Монгол-Малайзын парламентын бүлэг байгуулагдаж, даргаар нь УИХ-ын гишүүн Л.Гүндалай ажиллаж байна.
Монгол, Малайзын олон нийтийн байгууллагуудын хооронд харилцаа үүсэж байна. Малайзын залуучууд, спортын асуудал эрхэлсэн сайд тэргүүтэй төлөөлөгчид 1995 оны 10 дугаар сарын 4-7-нд манай оронд айлчилсан. Мөн Монголын Залуучуудын холбооны төлөөлөгчид 1996 оны 6 дугаар сард Малайз улсад айлчилсан.
Монгол, Малайзын нийгэмлэг байгуулагдан ажиллаж байна. Монсоник группын захирал Т.Баярхүү 1999 оны 3 дугаар сараас Малайзын Өргөмжит консулаар ажиллаж байна.
Монгол Улсаас Малайз Улсад суух элчин сайдаа Тайландаас, Малайз БНСУ-аас тус тус хавсарган томилж ажиллуулж байна. Монгол Улсаас Малайз Улсад суугаа элчин сайд Л.Даваагив 2002 оны 5 дугаар сард Малайзын хаанд, Малайз Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Дато М.Сантананабан 2003 оны 11 дүгээр сарын 19-нд д тус тус ИЖБ-ээ барьсан болно
Манайх Малайзаас хөнгөн, хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүн болон хими, химийн үйлдвэрийн бүтээгдэхүүн, хуванцар, хуванцар эдлэл, каучук, түүгээр хийсэн эдлэл, төрөл бүрийн аж үйлдвэрийн бараа, машин техник, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл зэргийг худалдан авч байна. Малайзын бизнесийн хүрээнийхэн эрдэс түүхий эд худалдаж авах, өргөн хэрэглээний бараа нийлүүлэх, хамтарсан үйлдвэр байгуулж ажиллах сонирхолтой байдаг.
Малайзын хөрөнгө оруулалтын хэмжээ одоогийн байдлаар геологи, уул уурхай, барилгын материалын үйлдвэрлэл, эрчим хүч, худалдаа, нийтийн хоол, банк санхүүгийн салбарт нийт 1.8 сая ам.долларын хөрөнгө оруулалт орсон бөгөөд одоогоор Малайзын хөрөнгө оруулалттай ММ Констракшн, Би Эйч Эм, ММ Сривани, ММСЭГ, Кристалдаймонд зэрэг 9 аж ахуйн нэгж бүртгэгдсэн байна.
Малайзын "Сривани" групп 1994 оноос эхлэн манайд зам, гүүр, орон сууц барих, Сүхбаатар, Замын-үүдэд худалдааны чөлөөт бүс байгуулбал хамтарч ажиллах сонирхлоо илэрхийлж байсан бөгөөд манай "Монсоник" компанитай хамтарч "Эм-Эм Холдинг" пүүс байгуулсан. Тэд хувийн орон сууц барьж, супермаркет байгуулан, барилгын материалын жижиг үйлдвэрлэл буй болгожээ.
Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын үеэр яригдсан асуудлуудыг хэрэгжүүлэх зорилгоор манай бизнесийн төлөөлөгчид 1996 оны 3 дугаар сард Малайз улсад айлчилсан. Тэд Малайзын Суурь үйлдвэрийн яам, олон улсын худалдаа, үйлдвэрийн яам, Өмнөдийн худалдаа, хөрөнгө оруулалт, технологийн мэдээллийн төв, далдуу модны тосны үйлдвэрлэлийн бүртгэл, хяналтын газар зэрэг байгууллагын хүмүүстэй уулзаж, геологи, уул уурхайн судалгаа шинжилгээ, газрын тос далдуу модны тосны экспорт, борлуулалт, бизнес эдийн засгийн мэдээллийг харилцан солилцох асуудлаар хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжийн талаар санал солилцжээ.
1996 оны 6 дугаар сарын 17-24-нд Малайзын жижиг дунд үйлдвэрийн дэд сайд тэргүүтэй эрдэс, далдуу модны тосны эдийн засаг, техникийн судалгааны төлөөлөгчид Улаанбаатарт ирж уул уурхай, ХАА, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний талаар судалгаа хийж манай холбогдох байгууллага, пүүс компаниудтай уулзжээ. Уулзалтын явцад далдуу модны тосны хэрэглээний судалгааг хамтран хийж, мэдээлэл сурталчилгааг өргөжүүлэх, геологийн судалгаа хийх, цагаан тугалга, алт, төмөр, хүхэр, цайрын тогтоогдсон орд газрыг эзэмших, хүнсний савлалт, баглаа боодол хийх, хүнсний ногоо хамтран тариалах, зам, гүүр, зочид буудал болон бусад барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэх, аялал жуулчлалыг өргөжүүлэх зэрэг асуудлаар ярьжээ.
Малайз улс Эгийн голд усан цахилгаан станц барих төслийг хэрэгжүүлэхээр ярилцаж байсан.
Улаанбаатар хотноо 1998 онд болсон ХАА, аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт, Хүнс -98, "Ногоон хувьсгал" зэрэг үзэсгэлэнд Малайзын холбогдох пүүс компаниудыг урьж оролцуулсан.
Манай мэргэжилтнүүд 1992 оноос эхлэн Малайз улсад төрийн байгууллагын боловсон хүчин, хүний нөөц, байгаль орчин, жижиг дунд үйлдвэрлэл, бүтээмжийг дээшлүүлэх, архив, англи хэл зэрэг сургалтад хамрагдаж эхэлсэн бөгөөд 1996 оноос Малайзын Засгийн газар хөгжиж буй орнуудад үзүүлдэг Техникийн туслалцааны хөтөлбөртөө Монголыг хамруулан манай хүмүүсийг жил бүр зохиодог богино хугацааны сургалтанд хамруулж ирсэн.
No comments:
Post a Comment