Search This Blog

Saturday, January 9, 2010

Бруней Даруссалам Улс


Дипломат харилцаа тогтоосон огноо: 1992-05-18

МОНГОЛ, БРУНЕЙН ХАРИЛЦАА

Монгол Улс Бруней Даруссалам Улстай 1992 оны 5 дугаар сарын 18-нд дипломат харилцаа тогтоосон.

БНМАУ-ын Засгийн газар Брунейн Вант Улсыг албан ёсоор хүлээн зөвшөөрөхийн хамт хоёр орны хооронд дипломат харилцаа тогтооход бэлэн байгаагаа илэрхийлсэн илгээлтийг 1984 оны 1 дүгээр сарын 13 ны өдөр гардуулсан юм.

Бруней Даруссалам Улстай дипломат харилцаа тогтоох асуудлыг манай тал санаачлан 1991 оны 8 дугаар сараас Нью-Йорк дахь БТГ-дын хооронд яриа хэлцээ явуулж ирсэн бөгөөд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Гомбосүрэн 1992 оны 5 дугаар сарын 17-18 нд Бруней Улсад албан ёсоор айлчилж хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоон, хоёр орны харилцааг хөгжүүлэх талаар санал солилцсон.

Манай тал АСЕАН-ы бүсийн чуулга /АРФ/-д оролцох сонирхлоо Брунейн талд илэрхийлж ирсэн, Бруней Улс энэ саналыг дэмжиж байсан.

2002 оны 5 дугаар сард Брунейд болсон АРФ-ын уулзалтын үеэр Брунейн ГХЯ-ны Байнгын нарийн бичгийн дарга, Азийн улс төрийн газрын захирал нар Монгол Улсын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзан хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож манай талаас тавьсан хоёр талын харилцааны тодорхой асуудлуудад нааштайгаар хандаж судалж үзэхээ амалсан.

2005 оны 7 дугаар сард Вьентьян хотноо болсон AСЕАН-ы Бүсийн чуулга /АРФ/-ын сайд нарын уулзалтын үеэр Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил Брунейн Даруссаламын Гадаад хэрэг, худалдааны хоёрдугаар сайд Пехин Дато Л.Ж. Сенг-тэй уулзаж хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлийн талаар санал солилцсөн бөгөөд дараа нь ноён Пехин Дато Л.Ж. Сенг -д Монгол Улсад айлчлах урилгыг илгээсэн. Тэрээр хариу захидал ирүүлж, ойрын ирээдүйд Монгол Улсад айлчилна хэмээсэн бөгөөд Монгол Улсын ГХ-ийн сайдыг Бруней Даруссалам Улсад мөн айлчлахыг урьсан болно.

2005 оны 9 дүгээр сарын 14-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 60 дугаар чуулганы үеэр Бруней Даруссаламын Цог Жавхлант султан Хажи Хассанал Болкиа-тай уулзав. Уулзалтын үеэр хоёр орны төрийн тэргүүнүүд хөдөө аж ахуй, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцав. Бруней Даруссалам манай улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж, эдийн засгийн тодорхой салбар чиглэлээр мэдээлэл солилцох нь ч ухал болохыг тэмдэглэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Бруней Даруссаламын Цог Жавхлант султан-ын тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойн баярт урьсан.

Монгол Улсаас Бруней Даруссалам Улсад суух Элчин сайд Н.Алиасүрэн 2003 оны 2 дугаар сард Бруней Даруссалам Улсын Цог Жавхлант Султаан Хажи Хассанал Болкиах-д ИЖБ-ээ, Элчин сайд Абд Хамид бин Хажи Абд Жалиль 2003 оны 11 дүгээр сарын 20-нд Монгол Улсын Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ тус тус барив.

No comments:

Post a Comment