Search This Blog

Sunday, January 10, 2010

Бvгд Найрамдах Сингапур Улс

МОНГОЛ, СИНГАПУРЫН ХАРИЛЦААНЫ ЛАВЛАХ

Монгол, Сингапурын хооронд 1970 оны 6 дугаар сарын 11-нд дипломат харилцаа тогтоосон. Албан ёсны тогтоох саналыг манай тал гаргажээ.

Улс төрийн харилцаа

1973 онд манай ГЯЯ-ны төлөөлөгчид Сингапурт айлчилсан. Манай Элчин сайд 1976 онд Сингапурт ИЖБ-ээ барьсан.

Сингапурын Засгийн газар 1994 оны 12 дугаар сард БНСУ-д суугаа элчин сайдаа манай улсад хавсарган томилохоор шийдвэрлэснээ мэдэгдсэн. Сингапураас Монголд суух анхны элчин сайд П.Э.Фонг 1995 оны 5 дугаар сард ирж ИЖБ-ээ барьсан. Сингапур Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Калвин Ю Мүн одоо Монгол Улсыг хавсран сууж байна.

Манай улс элчин сайдаа Дели, Токиогоос хавсарган томилж ирсэн. 1995 оноос Вьетнамд суух элчин сайдаа хавсарган томилох болсон. Одоо Вьетнамд суугаа Монгол Улсын Элчин сайд Сингапур Улсыг хамаардаг. Элчин сайд Б.Ганболд 2004 оны 12 дугаар сарын 30-нд Сингапурын Ерөнхийлөгч С.Р.Натанд ИЖБ-гээ барьсан.

Манай оронд өрнөсөн ардчилсан өөрчлөлт шинэчлэлийн үйл явцаас хойш хоёр орны харилцаа идэвхжих хандлагатай болсон.

1990 оны 6 дугаар сард Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Б.Шаравсамбуу тэргүүтэй засгийн газрын төлөөлөгчид Сингапурт айлчилсан. Манай төлөөлөгчид Сингапурын үйлдвэрийн сайд, Сангийн сайд болон эдийн засгийн бусад байгууллага, пүүс компанийн төлөөлөгч идтэй уулзаж ярилцсан. Сингапурын Засгийн газар манай орны өөрчлөлт шинэчлэлийг дэмжиж байгаа, хоёр талын хамтын ажиллагаа хөгжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн.

Хоёр орны хооронд худалдаа, эдийн засгийн харилцаа хөгжүүлэхэд анхаарч 1992 онд Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газрыг Сингапурт байгуулсан. Монгол Улсын Засгийн газар 2002 онд Худалдааны төлөөлөгчийн газрын статусыг дээшлүүлж, Ерөнхий консулын газар болгон өргөтгөсөн бөгөөд 2002 оны 10 дугаар сарын 11-нд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Энхбаярын Сингапур Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр ЕКГ-ын нээлт болсон /2005 оны 4 дүгээр сард ЕКГ-ын статусыг өргөтгөж ЭСЯ байгуулах УИХ-ын тогтоол гарсан/.

1993 онд дэд бүтцийн сайд Р.Сандалхан Сингапурт айлчлах үеэрээ Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан. Мөн 1993 онд хоёр талын засгийн газрын болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран “Монгол, Сингапурын эдийн засгийн хамтын ажиллагааны семинар”-ыг Сингапурт зохиосон байна.

Хоёр орны их сургуулиудын хооронд хэлхээ холбоо тогтоож, багш, оюутан харилцан солилцож байна.1993 онд Сингапурын политехникийн их сургуулийн багш, оюутан ирж манай техникийн их сургуульд компьютерийн лабораторийг байгуулсан.

Манай тал Сингапур улстай хоёр талын хамтын ажиллагаа хөгжүүлэхийг эрмэлзэхийн зэрэгцээ АПЕК-т элсэх, АСЕАН-ы бүс нутгийн чуулгын хүрээнд хамтран ажиллах чиглэлээр ажиллаж ирэв.Тухайлбал, Гадаад харилцааны сайд Ц.Гомбосүрэн Сингапурын Гадаад хэргийн сайдтай 1991, 1993 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр, 1992, 1994, 1995 онд ЭҮНХ-ний гишүүн орнуудын сайд нарын хурлын үеэр уулзаж хоёр талын харилцааг идэвхжүүлэх талаар санал солилцож, байр сууриа тайлбарлаж ирсэн.Сингапурын тал ч манай хүсэлтийг дэмжих тухайгаа илэрхийлж ирсэн.

Гадаад харилцааны дэд сайд Ж.Чойнхор 1994 онд Ерөнхий сайдын бие төлөөлөгчөөр Сингапурт айлчлахдаа Ерөнхий сайдын илгээлтийг гардуулж, Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, хамгаалах тухай хэлэлцээрийг үзэглэсэн байна. Тэр үеэр Сингапурын Ерөнхий сайд хоёр орны улс төр, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж, Азийн орнууд болон бүс нутгийн байгууллагуудтай харилцаагаа хөгжүүлэх манай хүчин чармайлтыг дэмжихээ мэдэгдсэн байна. Энэхүү айлчлалын үеэр хоёр орны иргэдийг хоёр долоо хоногийн хугацаанд харилцан визгүй зорчуулж байхаар тохиролцжээ.

Ерөнхий сайд П.Жасрайн 1995 оны 7 дугаар сард Бүгд Найрамдах Сингапур улсад хийсэн албан ёсны айлчлал нь манай улсын гадаад бодлого, үйл ажиллагааг Зүүн Өмнөд Азид идэвхжүүлэх, тус бүс нутгийн орнууд, түүний дотор Сингапуртай харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх аятай уур амьсгал бий болгох, Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааны бүтцэд манай улсыг хамруулах нөхцөл бололцоог бүрдүүлэхэд чиглэсэн алхам болсон. Айлч лалын үеэр “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, хамгаалах тухай” Засгийн газар хоорондын Хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.

Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 51 дүгээр чуулганд оролцох үеэрээ Ерөнхий сайд М.Энхсайхан Сингапурын Гадаад хэргийн сайд Жаяакумартай уулзаж АПЕК-ийн гишүүнчлэлийн асуудлаар санал солилцохын хамт Сингапурын Ерөнхий сайдыг Монгол Улсад айлчлах урилгатайг нотлон, өөрийг нь мөн айлчлахыг урьсан болно.

2001 оны 2 дугаар сарын 15-17-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди Сингапур улсад төрийн айлчлал хийсэн. Энэхүү айлчлал Монгол, Сингапурын харилцаа, хамтын ажиллагааг шинэ зуунд гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал алхам болсон.

Айлчлалын үеэр Монгол Улсын болон Сингапур улсын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хооронд хамтран ажиллах асуудлаар харилцан ойлголцох Санамж бичигт гарын үсэг зурсан байна. Мөн Монгол Улсын Техникийн Их сургууль, Нанянгийн технологийн их сургуулиудын хооронд харилцан ойлголцох Санамж бичигт хоёр сургуулийн захирлууд гарын үсэг зурж, мэдээлэл харилцан солилцох, мэргэжлийн тэнхимүүдийн хооронд хамтран ажиллах, тодорхой төслүүдийг судлан хэрэгжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон.

2002 оны 2 дугаар сард Батлан хамгаалахын дэд сайд Ц.Тогоо Сингапурт ажлын айлчлал хийж хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцааг практик байдлаар хөгжүүлэхэд голлон анхаархаар тохиролцжээ.

2002 оны 10 дугаар сарын 9-11-нд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Энхбаяр Сингапур улсад албан ёсны айлчлал хийв. Тус айлчлал нь сингапурын хөгжлийн туршлагаас судлах, хуваалцах талаар Монгол Улсын хүсэл эрмэлзлэлийг сингапурын талд ойлгон таниулахад чухал ач холбогдолтой болсон. Сингапураас Монголд хөрөнгө оруулах пүүс, компаниудаа Сингапурын Засгийн газар дэмжихээ илэрхийлсэн. Монгол Улстай улс орноо хөгжлийн өндөр түвшинд хүрсэн туршлагаасаа илэн далангүй хуваалцахад бэлэн байгаагаа мэдэгдэж, олон салбар чиглэлээр сингапурын техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрт Монголоос хамрагсдын тоог нэмэгдүүлэхээ амалсан.

Айлчлалын үеэр Давхар татвараас харилцан чөлөөлөх тухай Монгол, Сингапурын Засгийн газар хоорондын Хэлэлцээрт гарын үсэг зурж, ХҮТ хоорондын хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна. Мөн энэ үеэр Сингапурын Ерөнхий сайдын орлогч, Сангийн сайд асан одоогийн Ерөнхий сайд Ли Хсиен Лүүнг /Сингапурын Ерөнхий сайд асан Ли Куанг Ю-гийн хүү/ Монголд Улсад айлчилна гэдгээ мэдэгдэж байсaн болно.

Монгол Улсын Eрөнхий сайд Ц.Элбэгдорж 2005 оны 4 дүгээр сарын 26-27-нд Сингапур Улсад ажлын айлчлал хийв. Айлчлалын үeэр Сингапурын Eрөнхийлөгчид бараалхаж, Eрөнхий сайд Ли Хсиeн Лүнгтэй албан ёсны хэлэлцээ хийв. Айлчлалын үeэр сингапурын бизнeсийн төлөөлөгчидтэй уулзсан бөгөөд тэд манай аялал жуулчлал, тeхнологи, барилгын салбарт хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийлж байв. Энэ айлчлал АСЕАН-ы голлох эл оронтой харилцааг идэвхжүүлэх, улс төр, эдийн засгийн салбарын хамтын ажиллагааг ‎эрчимжүүлэхэд чухал түлхэц өгч, бүс нутгийн олон талт үйл явцад Монгол Улсын оролцоог бий болгоход Сингапурын дэмжлэгийг авахад тус дөхөмтэй болов. /Дипломат харилцаа тогтоосноос хойш хэдийгээр монголын тал удаа дараа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон бусад яамдын сайд нарыг Монгол Улсад айлчлахыг урьж байсан боловч Сингапураас ямар нэг дээд, өндөр хэмжээний айлчлал хийгдээгүй болно/.

Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа

Хоёр орон 1970-аад оны үеэс худалдаа хийж эхэлсэн.

2004 оны эхний 10 сарын байдлаар гадаад худалдааны нийт бараа эргэлт 31 сая 514.8 мянган ам. доллар болсон байна. 2003 оны байдлаар Сингапурын шууд хөрөнгө оруулалт 404.6 мянган ам.доллар байна. Манай улс Сингапураас хөргөөх, хөлдөөх цахилгаан буюу цахилгаан бус төхөөрөмжүүд, ахуйн цахилгаан бараа, мэдээдэлэл боловсруулалтын автомат машин ба тэдгээрийн бүрдэл хэсгийг импортлож, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт экспортложээ.

Сингапуртай хамтарсан болон дагнасан хөрөнгө оруулалттай нийт аж ахуйн нэгж 23 бүртгэгдсэн байна. Хөрөнгө оруулалтын хэмжээ 2,5 сая гаруй ам. доллар байна.

МИАТ компани 1994 оноос захиалгат нислэг хийж байгаа.

Сингапур Улс хандивлагч орнуудын 2 дугаар уулзалтаас эхлэн ажилагчаар оролцон, техникийн хамтын ажиллагааны хөтөлбөртөө манай улсыг хамруулж, монголын мэргэжилтнүүдийг богино хугацааны дамжаанд сургаж байна.

No comments:

Post a Comment