МОНГОЛ, ЫН ХАРИЛЦААНЫ ЛАВЛАХ
Монгол, Мьянмарын хооронд 1956 оны 9 дүгээр сарын 29-нд дипломат харилцаа тогтоосон.
Дипломат харилцаа тогтоохоос өмнө 1956 оны 7 дугаар сард Ардын хувьсгалын 35 жилийн ойд Мьянмарын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч - БНХАУ дахь Элчин сайд У Ла Маунг ирж оролцсон.
Мьянмарын Ерөнхий сайдын орлогч тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид 1957 оны 12 дугаар сард Монгол Улсад албан ёсоор айлчилсан. Айлчлалын төгсгөлд хоёр тал хамтарсан албан мэдэгдэл гаргаж Монгол Улсыг НҮБ-д гишүүнээр элсүүлэхийг Мьянмарын Засгийн газар дэмжиж байгааг тэмдэглэсэн.
1957 онд Монголд болсон газар хөдлөлтөөс учирсан хохирлыг арилгахад Мьянмарын Засгийн газар 50 тонн цагаан будааг хандивлаж байжээ.
Монгол Улсын Сайд нарын зөвлөлийн дарга /Ю.Цэдэнбал/ 1959 онд Бүгд Найрамдах Энэтхэг Улсад айлчлах үед Мьянмарын Ерөнхийлөгч У Не Вин түүнийг өөрийн оронд айлчлахыг урьсан. Мьянмарын Ерөнхийлөгч Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн даргыг албан ёсоор урьж 1975 оны 2 дугаар сард мөн урилга ирүүлсэн. АИХТ-ийн дарга 1978 онд БНСВУ, БНАфгУ-д айлчлахаар бэлтгэж байхдаа Мьянмарт айлчлахаар хугацаагаа тохиролцоод байсан ч тухайн үеийн байдлаас шалтгаалан манай тал айлчлалыг хойшлуулсан.
Манай Гадаад хэргийн сайд Л.Ринчин 1976 онд, орлогч сайд Б.Жаргалсайхан тэргүүтэй төлөөлөгчид 1969, 1984 онд Мьянмарт тус тус албан ёсоор айлчилсан.
Манай тал Мьянмарын Гадаад хэргийн сайд Хла Фон, Мьинт Маунг нарыг айлчлахыг урьсан бөгөөд Мьинт Маунг 1979 оны 6 дугаар сард айлчлахаар бэлтгэж байснаа хойшлуулсан. Мьянмарын Гадаад хэргийн сайдаар 1981 онд томилогдсон У Чит Хлайнг-ийг манай оронд айлчлахыг урьж урилгыг 1984 оны 5 дугаар сард гардуулсан.
Элчин сайд Н.Лувсанчүлтэм 1987 оны 2 дугаар сард Итгэмжлэх жуух бичгээ барихаар Мьянмарт очихдоо Ерөнхийлөгч У Сан Ю, Гадаад хэргийн сайд Е Гуанг нартай уулзаж Ерөнхийлөгч, Гадаад хэргийн сайд болон яамны төлөөлөгчид манай оронд айлчлах урилгатайг сануулж хэзээ айлчлах боломжтойг тодруулахад тодорхой хариу өгөөгүй байна.
Мьянмарын Гадаад хэргийн сайд У Он Гио сайд Ц.Гомбосүрэнтэй 1993 оны 10 дугаар сард Нью Йорк хотноо НҮБ-ын төв байранд уулзаж ЭҮНХ-ий хүрээнд байгаль орчныг хамгаалах асуудлаар Монголтой хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийлж байв. Тэрээр манай Гадаад хэргийн сайдыг Мьянмарт айлчлахыг урьсан.
Мьянмарын дотоод улс төрийн байдал, газар нутгийн алслагдмал байдал, эдийн засаг, санхүүгийн чадавхиас шалтгаалан харилцаа өргөжин хөгжих боломж хязгаарлагдмал явж ирсэн.
Сүүлийн жилүүдэд хоёр орны төрийн тэргүүн нар үндэсний баярыг тохиолдуулан цахилгаан утас солилцож байна.
Мьянмарын Холбооны улсаас тус улсад суух Элчин сайд Ю Тейн Лвин 2004 оны 5 дугаар сард ИЖБ-гээ барихдаа Ерөнхийлөгч Н.Багабанди, УИХ-ын дарга С.Төмөр-Очир, Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуун нартай уулзсан.
No comments:
Post a Comment