-Эсээс үл мэдэх матери хүртэл-
Шинжлэх ухаан-танин мэдэхүйн Discovery суваг ХХI зууны эхний 10 жилийн шинжлэх ухааны хамгийн ач холбогдолтой 10 амжилтыг блогтоо нийтлэв.
Жагсаалтыг тус сувгийн редакци гаргасан байна. Сонголт хийхдээ илүү олон жил ач холбогдлоо алдахгүй байх гэсэн шалгуурыг гол болгосноо Discovery мэдээллийн хөтөлбөрийн ерөнхий редактор Лори Кутберт тайлбарлажээ.
Халуун байна!
Жагсаалтын эхэнд дэлхийн дулаарал оржээ. Сүүлийн жилүүдэд түгшүүртэй мэдээ дэлхийн бараг өнцөг булан бүрээс ирж байна. Арктик, Антарктидын мөсний эзлэх талбай хумигдсаар байна.
Гутранги үзэлтэй экологичдын таамаглаж буйгаар, Умард мөсөн далай 2020 он гэхэд мөсөн хучлагагүй болно. Тэгвэл цаг уурчдыг Гренланд хамгийн их түгшээж байна. Зарим мэдээгээр, тус арлын мөс одоогийн хурдцаар хайлбал энэ зууны сүүлчээр дэлхийн далайн түвшин 40 сантиметр дээшилнэ.
Ирээдүйн талаарх аймаар төсөөлөл үнэхээр айдас төрүүлж байгаа ч, үйл явдал тийнхүү өрнөнө гэдэгт хүн болгон итгэхгүй байна. Дулаараад байгаа талаар нотолгоонд үнэмшихэд бэрх гэж цөөнгүй шинжээч үзэж байна. Уур амьсгал судлаач эрдэмтдийн талаар дуулиан шуугиан гарсны дараа дулаараад байна гэдэгт эргэлзэж буй шинжээчдийн байр суурь ихээхэн бэхэжжээ. Тэдгээр эрдэмтний нэлээд хэдэн баримт бичиг, судлаачид олон жил санаатайгаар температур өөрчлөгдөж байгаа тухай мэдээлж байж гэсэн сэжиг төрүүлсэн байна.
Бүх нууц
Шинжлэх ухааны гол амжилтуудын жагсаалтын хоёрдугаарт олон улсын “Хүний цогц ген” төсөл оров. Төслийн ажил бүр 1986 онд эхэлжээ. ДНК-г бүрэн судлахаар эрдэмтдийн тавьсан зорилт үнэхээрийн гайхамшигтай.
Уг төсөл албан ёсоор 1990 оноос хэрэгжиж эхэлсэн юм. Эхний жинтэй үр дүн 1999 онд гарч, Их Британи, Японы биологичид 22 хромосомыг нээжээ. Энэ үеэр хүний генийн дарааллыг тогтоох ажлыг биологич Крейг Вентерийн байгуулсан компани хийх болсон байна. Янз бүрийн орны эрдэмтэд, “Celera Genomics” компанийн мэргэжилтнүүд хамтран 2000 онд хүний ДНК-ийн дарааллын нооргийг гаргажээ. 2003 онд судлаачид цогц генийн хамгийн хэцүү хэсэгт “хүрчээ”.
Аливаа бие махбодийн тухай бүх мэдээлэл цогц генд нь байдаг. Энэ мэдээллийг ашиглан эрдэмтэд амьд биетийн биохимийн онцлогийг ойлгож, амьд биетийн хувьслын түүхийг тодруулж, элдэв өвчнийг хариуцдаг генүүдийг олох боломжтой болж байна. Одоо судлаачид ДНК-аас түүнд нуугдсан мэдээллийн нэг хэсгийг л авч чадаж байна. Технологи боловсронгуй болохын хирээр биологичид улам олон нууцыг тайлна. Үүний сацуу 2000 оноос янз бүрийн үндэстний бие даасан цогц генийн дарааллыг гаргаж байна /хамгийн анхны цогц генийг дөрвөн хүний ДНК-аас бүрдүүлжээ/. 12 дугаар сарын 17-нд Оросын мэргэжилтнүүд орос хүний цогц генийн нууцыг тайлснаа мэдээлжээ.
Амьдралын молекул
Зургийн тайлбар: “Феникс” зондын ухсан шуудуун дахь цайвар зүйл /мөс/ аажмаар алга болсон нь Ангараг гараг дээр хөлдсөн мөс байдгийн шууд биш ч, бас нэг нотолгоо байлаа.
Жагсаалтын гуравдугаарт Ангараг гарагийн ус оржээ. Энэ гарагийн уур амьсгал хэзээ ч юм одоогийнхоос хамаагүй илүү чийглэг байжээ гэсэн таамгийн эрдэмтэд аль эрт дэвшүүлсэн. Ангарагийн гадаргуугийн гэрэл зургаас усны урсгал л үлдээсэн байж болох олон бүтцийг харж болно. Одоо ч энэ гараг дээр үнэхээр ус бий гэсэн анхны нотолгоог 2002 онд олж авчээ. Тойрог замын “Марс Одисси” аппарат гарагийн гадаргуугаас удаан хадгалагдаж байсан мөс олсон байна. Зургаан жилийн дараа буюу 2008 оны тавдугаар сарын 26-нд Ангарагийн хойд туйлын ойролцоо буусан “Феникс” зонд тус гарагаас авсан хөрснөөс ус гаргаж авсан юм. Тэр ус нь биомаркер буюу гараг дээр байгаа зүйлийг бодитойгоор заагч бодист тооцогдоно. Өөр гурван биомаркер байсан нь хүчилтөрөгч, нүүрсхүчлийн хий, метан байв.
Ангараг гараг дээр метан их хэмжээтэй байсан нь Улаан нүдэн гараг дээр амьдрал байх боломжийг нэг талаар ихэсгэж, нөгөө талаар багасгасан байна. Тун саяхан Нарны систем дэх манай бас нэг хөршөөс ус олджээ. Сарны гадаргуу тэр чигээрээ усны молекулууд буюу тэдгээрийн “үлдэгдлүүд” болох хүчилтөрөгч-устөрөгчийн /OH/ ионуудаар дүүрэн болохыг хэд хэдэн аппарат нотолсон байна.
Эцэс төгсгөлгүй эх сурвалж
Жагсаалтын дөрөвдүгээрт ёс суртахууны олон хороонд асуудал үүсгэхгүй, үр хөврөлийн гол эсийг /ҮХГЭ/ гаргаж шинэ арга оров. ҮХГЭ бие махбодийн ямар ч эс болж хувирах бодитой боломжтой ажээ.
ҮХГЭ-үүд ямар нэг эс үхсэнээс үүдсэн /жишээлбэл, Паркинсоны өвчин/ олон өвчнийг анагаах асар их боломжтой. Үүний сацуу ҮХГЭ-ээс онолын хувьд шинэ эрхтэн гаргаж авч болно. Гэхдээ эрдэмтэд ҮХГЭ-ийн хөгжлийг их сайн “удирдаж” чадахгүй байна. Удирдаж чаддаг болоход олон тооны судалгаа хийх хэрэгтэй байгаа юм. Судалгаа хийхэд учирч буй гол саад нь шаардлагатай тооны ҮХГЭ-ийг гаргаж авч болох эх сурвалж байхгүй байгаа явдал юм. Үр хөврөлийн гол эсүүд зөвхөн хөгжлийн анхан шатандаа яваа үр хөврөлд л байдаг. Ийм шатаа давсан эсүүд хувирах чадвараа алддаг байна. Үр хөврөл ашиглан туршилт хийхийг дийлэнх улс орон хориглодог. 2006 онд Японы Синя Яманаки тэргүүтэй эрдэмтэд холбоос эдийн эсийг ҮХГЭ болгон хувиргаж чадсан байна. Эрдэмтэд шидэт ус болгон дөрвөн генийг судас шөрмөсний ген болгожээ. 2009 онд биологичид туршилт хийж, шинээр гаргаж авсан тулгуур эс жинхэнээсээ ялгаагүй болохыг нотолсон туршилт хийсэн байна.
Оюун ухааны ялалт
Discovery сувгийн редакторууд тавдугаарт, хүн бодол санааныхаа хүчээр хиймэл эрхтэнээ удирдах боломж олгосон шинэ технологиудыг оруулжээ.
Тийм арга бий болгох ажлыг аль эртнээс хийж байгаа ч мэдэгдэхүйц үр дүн сүүлийн жилүүдэд л гарч байна. Жишээлбэл, 2008 онд тархинд нь суулгасан электродуудын тусламжтайгаар сармагчин мехнаник гараа хөдөлгөж чадаж байв. Дөрвөн жилийн өмнө Америкийн мэргэжилтнүүд сайн дурынхныг гарын удирдлагагүйгээр компьютер тоглоомын баатруудын үйл хөдлөлийг удирдаж сургасан байна. Сармагчинд хийсэн туршилтаас ялгаатай нь энд эрдэмтэд гавлыг нээхгүйгээр тархины дохиог хүлээн авч чадсан юм. Автын осолд орсон хүн мөрний мэдрэлтэй нь холбосон хиймэл эрхтэнээ удирдаж чадсан хүний тухай мэдээ 2009 онд олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр гарсан юм.
Өөрийн нүдээр
XXI зууны эхний 10 жилийн гол амжилтуудын жагсаалтын зургадугаарт, Нарны аймгаас гадна байдаг гарагууд орж байна.
Одон орон судлаачид тийм гарагууд байдгийг аль эртнээс урьдчилан таамаглаж байсан ч анхны найдвартай нотолгоог 1992 онд л олж авчээ. Тэр цагаас хойш эрдэмтэд 300 гаруй гараг олжээ. Гэвч нэгийг нь ч шууд ажиглаж чадаагүй байна. Ямар нэг одыг гараг тойрон эргэж байдаг гэсэн дүгнэлтийг судлаачид шууд бус шинж тэмдгийг үндэслэн хийсэн байдаг. 2008 онд одон орон судлаачдын хоёр бүлэг Нарны аймгаас гадна орших гарагийн зураг бүхий нийтлэлүүд бичсэн байна.
Тэр гарагууд нь бүгд “халуун Бархасвадь”-ийн ангилалд багтах ч, уг гарагийг харж болж байгаа баримт нь хэзээ нэг цагт эрдэмтэд хэмжээгээрээ Дэлхийтэй харьцуулж болох гарагийг ажиглаж болох байх гэсэн найдвар төрүүлж байгаа аж. Дашрамд хэлэхэд, Нарны аймгаас гадна орших гарагуудыг таних арга одоогийн байдлаар үндэслэлтэй арга биш юм. Алсад орших оддыг эрж хайхаар тусгайлан бүтээсэн шинэ “Кеплер” телескопыг шууд бус аргуудын нэгд ашиглаж байна.
Угийн бичгийн мөрөөр
Шинжлэх ухааны ач холбогдлоор долдугаарт, хүний өвөг байж болох, араг ясны нэлээд хэдэн үлдэгдэл оржээ.
2001 онд Чад улсын цөлөөс гавлын яс олдсоныг эрдэмтэд Sahelanthropus tchadensis төрөлд хамруулж байна. S.tchadensis буюу нутгийн аялгуугаар Тумаи нь хүн болсон хувьслын модны мөчирт харьяалагдана гэдгийг олон мэргэжилтэн хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ энэ мөчирт Тумаин эзлэх байр өнөөг хүртэл тодорхойгүй байгаа юм. Учир нь эрдэмтэд гавлын ясны насыг тодорхойлж чадахгүй байгаа ажээ. Зарим нэг нь долоон сая орчим жилийн настай гэж нотолж байна. Өөрөөр хэлбэл, Тумаи хүний өвөг болон шимпанзе бий болохоос хагас сая жилийн өмнө байжээ.
Хүний төрөл гэсэн цолд нэр дэвшигч хоёр дахь зүйл нь 1994 онд олдсон, 2009 онд шинжилгээ хийж дууссан боловч эрдэмтэд мөн санал зөрсөөр байна. Арди гэж нэрлэсэн сармагчин Дэлхийд 4,4 сая жилийн өмнө байжээ. Ардигийн араг ясанд хүний өвөг, шимпанзе, австралопитекийн хооронд бичиж болох асар олон шинж тэмдэг байдаг. Гэвч энэ таамгийг эцэслэн батлахад саад болдог хангалттай шалтгаан байдаг аж.
Үл мэдэх матери
Жагсаалтын наймдугаар байрыг үл мэдэх матери эзэлж байна.
Дэлхийн таталтад ордог хирнээ цахилгаан соронзон үйлчлэлд ордоггүй энэ оньсого шиг зүйл манай гарагийн нийт жингийн 20 хүртэл хувийг эзэлдэг байна. 2006 онд үл мэдэх матери байгаагийн баттай нотолгоог олж авсан ч үл мэдэх материйн тухай маргааныг цэглэх хараахан эрт байна гэж дүгнэжээ.
Уургууд ба динозаврууд
Жагсаалтын аман хүзүүнд 68 сая жилийн настай уураг орлоо.
Tyrannosaurus rex гэдэг махчны яснаас гаргаж авсан холбох эдийн гол уураг болох коллагены тухай энд ярьж байна. Гаргаж авах техникийг бичсэн ажлыг 2005 онд нийтэлжээ. Үүнээс хоёр жилийн дараа, уураг гаргаж авсан эрдэмтэд уурагт хийсэн шинжилгээний үр дүнг нийтэлсэн байна. Энэ хувьсгалт судалгаа бусад эрдэмтний эрс шүүмжлэлд өртжээ. Ажилдаа ашигласан арга нь эрдэмтдэд таалагдаагүй байна. Зохиогчид анхны мэдээллээ нийтийн хүртээл болгосны дараа 2009 онд бие даасан эрдэмтэд үр дүнгийн талыг нь нотолжээ. Мөн энэ жил зохиогчид гадрозаврын яснаас коллаген гаргаж авснаа мэдэгдсэн өөр нийтлэл ч гарсан байна.
Нэмэх нэг, хасах хоёр
Нарны аймгаас илрүүлсэн, Дэлхийн вангаас гуравны нэгээр том хэмжээтэй шинэ биет жагсаалтын сүүлийг мушгиж байна.
Эрида гэж нэрлэсэн биетийг Нарны системийн арав дахь гараг хэмээн эхлээд бичих гэв. Гэвч 2006 онд Олон улсын одон орон судлалын холбоо Эридаг ердөө л одой гараг гэв. 2008 онд плутоид гэсэн гараг эрхсийн шинэ ангиллын нэр буй болж, түүнд Эрида, Плутон оров. Одоо одон орон судлаачид Нар ердөө найман гарагтай гэж үзэж байна.
No comments:
Post a Comment