Search This Blog

Saturday, January 9, 2010

Балбын Вант Улс

Балбын Вант Улс
Дипломат харилцаа тогтоосон огноо: 1961-01-05
________________________________________
МОНГОЛ, БАЛБЫН ХАРИЛЦААНЫ ЛАВЛАХ
Монгол Улс Балбын Вант Улстай 1961 оны 1 дүгээр сарын 5-нд дипломат харилцаа тогтоосон.
Монгол, Балба хоёр газар нутгийн хувьд алслагдмал, хөгжлийн хувьд буурай тул харилцаа, хамтын ажиллагаа төдийлөн хөгжөөгүй. Гэхдээ манай хоёр орон их гүрнүүдийн дунд оршдог, далайд гарцгүй, хөгжиж буй жижиг орнуудын хувьд бие биеийг сонирхон, улс төрийн салбарт харилцаатай байж, төлөөлөгч дөө айлчлуулж, харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхлоо илэрхийлж ирсэн.
Балбын ван Махендра 1961 оны 10 дугаар сард манайд айлчилсан.
Одоогийн ван Бирендра 1972 оны 1 дүгээр сард АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбууд илгээлт ирүүлж, хаан ширээ залгамжлах болсон тухайгаа мэдэгдэж, Балба, Монголын харилцааг найрсгаар хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэйгээ илэрхийлж байжээ.
1974 онд ван Бирендраг хаан ширээнд залрах ёслолд АИХ-ын Тэргүүлэгчдийн даргын бие төлөөлөгчөөр АИХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Готов оролцжээ.
Манай АИХ-ын төлөөлөгчид 1964, 1987 онуудад Балбад, Балбын Үндэсний Панчаятын төлөөлөгчид 1966 онд манай оронд тус тус айлчилжээ.
Манай ГЯЯ-ны сайд 1978 онд, орлогч сайд 1969, 1986, 1992 онд Балбад айлчилсан байна.
1961 оны Ардын хувьсгалын 40 жилийн ойн баярт Балбын Засгийн газрын төлөөлөгч өөр Балбын элчин сайд, 1971 онд Балбын хунтайж (одоогийн ван), Бирендрагийн гэрлэх ёслолд манай элчин сайд Засгийн газрын төлөөлөгчөөр оролцож байв.
Улсын бага хурлын дарга, Дэд ерөнхийлөгч Р.Гончигдорж АНУ-ын Азийн сангийн хөтөлбөрөөр 1992 онд Азийн орнуудаар аялахдаа Балбад айлчилсан.
Балбын тал 1990 оноос манай улстай худалдааны хэлэлцээр байгуулах, хонины ноос, ямааны ноолуур, хагас бэлэн бүтээгдэхүүн худалдаж авах сонирхол гаргасны дагуу 1992 онд худалдааны хэлэлцээр байгуулж, манайхаас нийлүүлж болох барааны жагсаалт, загварын хамт гардуулжээ. Балбад хонины ноосон гар хивс нэхэх жижиг үйлдвэрүүд олон байдаг, бүтээгдэхүүн нь дэлхийн зах зээлд гүйлгээ муугүй, түүхий эдээ Австрали, Шинэ Зеландаас голлон авдаг ажээ. Тэд манай хонины ноосыг чанар сайтай, харьцангуй хямд гэж үзэж сонирхдог. Гагцхүү зам тээврийн бэрхшээлтэй.
Балбын Ван Махендраг 1961 онд Монголд айлчлах үеэр байгуулсан соёлын хэлэлцээрийг 1995 онд шинэчлэн байгуулж түүнийг хэрэгжүүлэх нот солилцсон.
Балбын засгийн газар улс төр, эдийн засгийн шинэч лэл хийхийг эрмэлзэн, гадаад бодлогоо идэвхжүүлэн гаднын тусламж, дэмжлэг олохыг хичээж байгаа бөгөөд тэр хүрээнд геостратегийн байршлын хувьд төстэй, түүх, соёлын өв болон өнөөгийн хөгжлийн нийтлэг асуудлууд бүхий Монгол Улстай харилцаагаа идэвхжүүлэхийг зорьж байна. Балбын Вант Улсын Ерөнхий сайд Ман Мохан Адикари 1994 оны 3 дугаар сард Копенгаген хотноо болсон Нийгмийн хөгжлийн асуудлаарх дэлхийн дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд П.Жасрайтай уулзаж, 1995 онд манай улсад айлчлах хүсэлт тавьсан. Уг хүсэлтийг манай тал нааштай хүлээн авч тэрбээр 1995 оны 4 дүгээр сарын 22-24-нд Монголд айлчилсан. Энэхүү айлчлал нь Балбын Засгийн газрын тэргүүний манай оронд хийсэн анхны айлчлал болов. Айлчлалын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны үндэс суурийг тусгасан Монгол, Балбын хамтарсан албан мэдээ гаргаж, соёлын шинэ хэлэлцээрт гарын үсэг зурсан. Балбын Ерөнхий сайд манай өөрчлөлт шинэчлэлийн бодлого, түүний хэрэгжилттэй танилцаж, хоёр талын харилцааг боломжтой бүх салбарт идэвхжүүлэх, далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын хувьд хамтарч ажиллах талаар санал солилцож, Катмандуд Монгол Улсын өргөмжит консул томилох, хонины ноос боловсруулж, гар хивс нэхэх хамтарсан үйлдвэр байгуулах, худалдаа, жуулчлал хөгжүүлэх, Бурхан багшийн мэндэлсэн Люмбинид монгол сүм байгуулахад тусалж, дэмжихээ илэрхийлэв.
Балба, Монголын найрамдлын нийгэмлэг 1961 оны 1 дүгээр сард Катманду хотод байгуулагдсан. Уг нийгэмлэг 150 орчим гишүүнтэй гэгддэг. Нийгэмлэгийн шугамаар төлөөлөгчид солилцож байгаагүй.
Монгол Улсаас Балбын Вант Улсад суугаа Элчин сайд О.Нямдаваа 2000 оны 3 дугаар сарын 17 нд Балбын Ван Бирендрад Итгэмжлэх жуух бичгээ барив.
Балбын Вант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ражешвар Ачарья 2000 оны 9 дүгээр сарын 22-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Н. Багабандид Итгэмжлэх жуух бичгээ барьсан.
Монгол Улсын Ерөнхийлөгч Нацагийн Баганбанди 2001 оны 1 дүгээр сарын 5-7 өдрүүдэд Балбын Вант Улсад Төрийн айлчлал хийсэн. Айлчлалын үеэр хоёр орны харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх “Ерөнхий хэлэлцээр”-т гарын үсэг зурав.
Монгол Улсаас Балбын Вант Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ж.Гөлгөө 2005 оны 2 дугаар сард Балбын Ванд Итгэмжлэх жуух бигээ барьж, хоёр орны харилцаа хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Энэ үeэр Балбын Ванг Монгол Улсад айлчлах урилгатайг нотолсон ба тэрээр боломжтой үeдээ айлчлахаа мэдэгдсэн болно.

No comments:

Post a Comment